Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ГЕГ: Төмрийн хүдрийн экспорт сэргэх хандлагатай байна

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.15 тэрбум орчим ам.долларт хүрсэн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.5%-иар өссөн дүн боллоо. Тодруулбал экспорт мөн хугацаанд 2.8 тэрбум орчим ам.доллар, импорт 2.35 тэрбум орчим ам.доллартай тэнцжээ. Экспортын тухайд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.1%, импорт 19.8%-иар тус тус өссөн байна. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 450 сая ам.долларын ашигтай гарсан ч уг үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 16%-иар буурчээ. 

Улсын нийт экспортын 89.4%-ийг нүүрс, зэсийн баяжмал, алт, төмрийн хүдрийн экспорт бүрдүүлсэн байна.

Оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрсний экспорт орлогын дүнгээр зэсийн баяжмалын урд бичигдэв. Тодруулбал мөн хугацаанд манай улс нүүрсний экспортоос 1.06 тэрбум ам.доллар олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 40%-иар өндөр дүнтэй гарчээ. Харин нүүрсний экспортын биет жин 48%-иар буурсан дүнтэй байгаа боловч сарын дүнгээр худалдаа өсөх хандлагатай байна. Дөрөвдүгээр сард манай улс 1.27 сая тонн орчим нүүрс экспортолсон нь сүүлийн таван сарын хугацаан дахь хамгийн их дүн боллоо.

Эх сурвалж: ГЕГ, ҮСХ

Зэсийн баяжмалын экспортын орлого нүүрснийхээс ялимгүй доогуур буюу 1.01 тэрбум ам.доллараар бичигдсэн өнгөрсөн оны мөн үеийнхээс 30%-иар өсөлттэй гарлаа. Оны эхний дөрвөн сарын хугацаанд манай улс нийт 470 орчим мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20%-иар дээшилсэн дүн юм. Өмнөх оны гурваас тавдугаар сард манай улсын зэсийн баяжмалын экспорт бууралттай байсан юм. Харин энэ оны тухайд нэгдүгээр сард зэсийн баяжмалын худалдаа буурсан бол дараагийн гурван сар дараалан экспорт харьцангуй хэвийн явцтай байгаа нь худалдаа өсөлттэй гарахад нөлөөллөө. "Эрдэнэт үйлдвэр"-ийн тухайд баяжмалын хуримтлагдсан үлдэгдэл нөөцийг ойрын хугацаанд бүрэн экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Алтны экспорт он гарсаар огцом өсөлттэй байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого болон биет жингээр ойролцоогоор зургаа дахин өссөн дүнтэй байна. Оны эхний дөрвөн сарын байдлаар манай улс нийтдээ 5.44 тонн алтыг 327 сая ам.доллараар экспортолсон бөгөөд сарын дүнгээр дөрөвдүгээр сард 0.6 тонн алт гадагш худалдаалжээ.

Төмрийн хүдрийн экспорт он гарсаар 60-70%-ийн бууралттай байна. Оны эхний дөрвөн сарын байдлаар манай улс 1 сая тонн төмрийн баяжмалыг 102 сая ам.доллараар экспортолжээ. Гэхдээ дөрөвдүгээр сард 401.3 мянган тонн төмрийн баяжмал экспортолсноос үзэхэд худалдаа сэргэх аястай байгаа бөгөөд аажимдаа хэвийн хэмжээнд очих төлөв харагдана.

Эх сурвалж: ГЕГ, ҮСХ

Бусад эрдсийн тухайд цайрын баяжмал, молибденийн баяжмалын экспортын орлогын өсөлтийг эс тооцвол бууралттай гарлаа. Түүнчлэн газрын тосны экспорт он гарсаар зогсонги байдалтай хэвээр байна.

Эх сурвалж: ГЕГ

 

Б.Төгс