Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Газрын тосны салбарын “нэвтэрхий толь” 

Газрын тосны салбарт Монгол Улсын гавьяат  багш, ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын зөвлөх профессор, Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал, Олон улсын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн болон Инженерийн ухааны  Академийн гишүүн, Газрын тосны сургалт-судалгаа-мэдээллийн төвийн захирал, техникийн ухааны доктор, профессор Ж.Цэвээнжавын  “Миний салбар, бидний мэргэжил” уулзалт ШУТИС –д боллоо. Ж.Цэвээнжав багш  боловсролын салбарт 1975 оноос одоог хүртэл  МУИС, ПДС, ТИС, ШУТИС-д орлогч декан, декан үүрэг гүйцэтгэгч, тэнхимийн эрхлэгч, профессорын багийн ахлагч, тэргүүлэх профессор, профессор, зөвлөх профессороор тасралтгүй 46 дахь жилдээ  үр бүтээлтэй ажиллаж байна.  

Энэ хугацаандаа геологи-хайгуул, өрөмдлөг, уул уурхай, усны аж ахуй, газрын тос, хийн түлш зэрэг олон чиглэлээр сургалт-судалгааны ажлыг өргөн хүрээтэйгээр явуулж, 2000 гаруй инженерийг  бэлтгэхэд хувь нэмрээ оруулжээ. Монгол Улсын гавьяат багш  Ж. Цэвээнжав 200 шахам баклаврын, 50 гаруй магистрын, 6 докторын ажлыг удирдаж, хамгаалсан, онол-арга зүйн сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээ-судалгааны бүтээл зэрэг нийтдээ 660 гаруй ном туурвисан бүтээлч нэгэн аж. Түүний залгамж халаа болсон ШУТИС-ийн багш нар, үе үеийн шавь нар нь энэхүү уулзалтад ирж, ажил хөдөлмөрөө танилцуулан, хоорондоо туршлага солилцсон уулзалт боллоо. Тэрбээр шавь нартаа хандан “Өнөөдөр хуулиа ягштал биелүүлж, авилгаас ангид байж гэмээ нь өөрийн ажил мэргэжилдээ эзэн байж чадна.  Багш хүн гэдэг  ёс зүй өндөртэй, шавиа гэсэн сэтгэлтэй байх нь чухал” хэмээн сургамжилж байсан юм. Түүний шавь нар  багшийнхаа тухай “Овог нэр, хэдэн оны төгсөгч, тохиолдож  байсан дурсамж түүхийг он сар өдөртэй нь бүгдийг хэлдэг. Багш маань курсын ажлыг улаан эрээн болтол засаад  өгдөг. Далайлт ихтэй ч буулт зөөлөнтэй хүн” гэж тодорхойлсон юм. Өнөөдөр түүний шавь нар уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлж байгаа бол нэг хэсэг нь гадаадад уул уурхайн салбарт ажиллаж ажил мэргэжлийнхээ түүчээ нь болон өнгөлж явна. 

Цаст өндөр Алтай таван богдоос 
Цэнхэрлэн долгилох Буйрын хөвөө хүртэл
Хөвсгөл далай, Хорьдол сарьдгийн нуруунаас
Зэрэглээтэн цэнхэртэх өмнийн уудам говь ортол
Уужим тэнүүн нутаг, улс эх орон түмэн олныхоо дунд
Ухаарч хөдөлмөрлөж, амьдарч ажиллаж, бүтээн туурвиж,сургаж судлаж өдийг хүрлээ. 
Хийсэн бүтээсэн маань бүү мартагдаг, бас өвлөгдөн өсөж, үргэлжлэн нэмэгдэх болтугай.
Хийморь золбоо маань бүү саараг, ямагт өөдөө хэвээр байж, уламжлагдан үлдэж, үргэлжлэх болтугай.

Сайн сайхан, чин шулуун үйлс улам дэлгэрч, шударга үнэн ямагт бадраг гэсэн сайхан ерөөлөөр Монгол Улсын гавьяат багш, техникийн ухааны доктор, профессор Ж.Цэвээнжав уулзалтаа өндөрлөсөн  юм. 

 

 

Ж. Мөнх

Сэтгэгдэл (1)

  • И.Батжаргал (59.153.114.153)
    Багшдаа эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе
    2022 оны 05 сарын 13 | Хариулах