Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

АИ92 шатахууны импортын үнэ дөрөвдүгээр сард үргэлжлэн өсөв

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импорт 523.1 мянган тонн буюу 433 сая ам.доллартай тэнцсэн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Өөрөөр хэлбэл нефтийн бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр 8.9%-иар буурсан ч үнийн дүнгээр 43 орчим хувиар нэмэгдсэн байна.

Задалж үзвэл оны эхний дөрвөн сарын байдлаар манай улс 190 орчим мянган тонн АИ92 шатахууныг 156 сая ам.доллараар импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс жингээр 66%-иар, үнийн дүнгээр даруй 2.6 дахин нэмэгджээ.

Харин дизель түлшний тухайд импортын хэмжээ оны эхний дөрвөн сарын байдлаар 267.3 мянган тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 24%-иар буурчээ. Гэсэн хэдий ч импортын үнийн дүнгийн хувьд 19%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ийнхүү дизелийн импорт буурч буй нь уул уурхайн салбарын идэвхжил саарч байгаатай холбоотой.

Эх сурвалж: ГЕГ

Дэлхийн зах зээлд Брэнт газрын тосны ханш өсөх хандлагатай байгаа нь манай улсын шатахууны импортын үнэ огцом нэмэгдэхэд шууд нөлөөлж байна. Он гарсаар АИ92 шатахууны импортын үнэ тасралтгүй өссөөр байна. Гаалийн ерөнхий газрын мэдээллээс үзэхэд дөрөвдүгээр сард АИ92 шатахууны импортын дундаж үнэ тонн тутамд 892 ам.долларт хүрчээ. Энэ нь оны эхний сарынхаас даруй 16.4%-иар дээшилсэн дүн юм. УУХҮЯ энэ оны тав, зургадугаар сарын хугацаанд АИ92 шатахууны импортын үнийг тонн тутамд 840 ам.долларт тогтворжуулах гэрээг “Роснефть” компанитай байгуулсан тухай мэдээлсэн.

 

 

Б.Төгс