Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна.

Хуралдаанаар салбарын сайдад бүтээгдэхүүний хуваах гэрээ болон газрын тосны нөөц, олборлолтын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг үүрэг болгожээ.

Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Тус Ажлын хэсэг “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх, гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг шийдвэрлэж ажиллах ажээ. Мөн газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.

Манай улсын тухайд 2012 оноос газрын тос экспортолж эхэлсэн бөгөөд “Петрочайна Дачин Тамсаг”-ийн орд ашиглах төлөвлөгөөгөөр жилд 1.5 сая тонн газрын тос олборлох ёстой. Гэвч уг үзүүлэлт хамгийн оргил үедээ жилд 1.1 сая тоннд хүрч байжээ. Иймд цаашид 2025 онд ашиглалтад орох газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр найдвартай хангахын тулд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Тодруулбал “Петрочайна Дачин Тамсаг” компани орд ашиглах төлөвлөгөөгөө мөрдөж ажиллаж, олборлолтоо нэмэгдүүлэх, мөн бусад боломжит талбайд хайгуулыг эрчимжүүлэх замаар нөөц, нийлүүлэлтийг бүрдүүлж ажиллах ажээ.

Өнгөрсөн хугацаанд газрын тосны экспортоос бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд нийтдээ 2 их наяд 35 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд жилд ойролцоогоор 200 тэрбум төгрөгийг төсөвт оруулдаг байна.