The Mongolian Mining Journal /Apr.2022/
Б.Төгс
Эдийн засгийн идэвхжил сулрав. 2022 оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад “V” хэлбэрийн сэргэлт мөрөөдөл болон хувирч, дор хаяж нэг жилээр хойшилжээ. Эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.6% байна гэсэн төсөөллийг Төв банк дэвшүүлсэн. Өнгөрсөн онд манай улсын эдийн засгийн өсөлт ердөө 1.4%-иар хэмжигдсэн бөгөөд энэ онд өсөлт 6-8% руу эрчимжинэ гэсэн найдвар өндөр байв. Гэвч сэргэлтийн үндэс суурийг цаг алдалгүй тавих үүрэг Засгийн газарт ногдсон хэвээр.
УИХ-ын дарга хэмнэлтийн горимд шилжихийг нэгэнтээ уриалав. Залгуулаад Ерөнхий сайд амаргүй цаг айсуйг илэрхийлж эхлэлээ. Засгийн газрын бодлого нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ч бодит байдал дээр Хятадын импорт буурч байна. Яг одоо болж буй өрнөл нь ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ буурах үед Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг бодитоор мэдрүүлж байна. Нөгөө талд баялгийн сангийн тогтолцоогоо цаг алдалгүй хэрэгжүүлэхгүй бол манай улс амаргүй нөхцөлд хялбархан шигдэж мэдэх илүү сургамжтай өдрүүд тохиож байна.
Засгийн газар цар тахлын дараах сэргэлтийг амлаж, ахмадын тэтгэврийг нэмэгдүүлж ард иргэдээ баярлуулахаар хичээвч гуравдугаар сараас ам.долларын ханш өсч ердөө хоёр ч сар хүрэхгүй хугацааны дотор төгрөгийн ханш ноён долларын эсрэг 8%-иар “бөхийжээ”.
Монголбанк энэ нөхцөл байдлыг тайлбарлахдаа бусад улсын мөнгөн тэмдэгтүүд ихээхэн суларсныг бодвол манайх бас гайгүй гэж эерүүлэв. ОХУ-Украины зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй түүхий эдийн хямрал, Хятадын цар тахлын эсрэг хатуу бодлогоос эдийн засагт шинэ “тулгаралт” бий болов. Чухамдаа эдгээр асуудлыг харьцангуй хохирол багатай даван туулахаар Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр хууль өргөн барьж УИХ-аар батлуулав (2022.04.15). Валютын нөөцийг нэмэгдүүлж, мах, гурил, шатахууны үнэ, нийлүүлэлтийг баталгаажуулах зорилготой уг хууль үр дүнгээ өгнө гэж найдъя.
Дөрөвдүгээр сарын дунд үеийн байдлаар манай улсын түлшний татан авалт өсөлттэй гарсан ч дизель түлшнийх бууралттай байна. Нүүрсний экспорт буурахтай холбоотойгоор энэ онд дизелийн эрэлт сул байх төлөв тодорлоо. Хүнсний татан авалтын хувьд он гарсаар ургамлын тос, элсэн чихрийн импорт өмнөх оныхоос мэдэгдэхүйц буурсан дүр зурагтай байна. Импортын хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний татан авалтыг урьдчилж сайтар хийхгүй бол ирэх намар гэхэд дэлхийн хүнсний хямрал даамжрах тухай анхааруулж байна. Европын зарим оронд ургамлын тосны жижиглэнгийн худалдааг хязгаарлах болсон бол Индонез зэрэг гол үйлдвэрлэгчид далдуу модны тосны экспортод хориг тавихаа зарлаад байна. Ийм үед засаг үнэ тогтворжуулах хууль батлуулан ажилдаа орж буй нь цагаа олсон хэрэг юм. Гэвч үнэ тогтворжуулах гэхээсээ илүү нийлүүлэлтийг тогтворжуулах чиглэлд илүү үйлчлэх хууль болсон болов уу. Залгуулаад засаг төсвөө тодотгохоор (2022.04.20) хөдлөв. УИХ Засгийн газрын санаачлагыг ёсчлон баталгаажуулах тэрхэн өдрүүд үргэлжилж байна.
Төсвийн тодотголын хувьд хүүхдийн мөнгийг он дуустал бэлнээр олгох, нийгмийн даатгалын шимтгэлийн ажилтнаас төлдөг хураамжийн 50%-ийг буцаан олгох зэрэг заалтыг тусгажээ. Эдгээр нь иргэдийг баярлуулах зорилготой. Үнэндээ засагт одоо иргэдийг баярлуулах “нөөц хөзөр” бараг үлдээгүй байж болох юм.
2022 оны төсвийн тодотголын төсөлд үндсэндээ нүүрсний экспортыг хавьгүй бага байхаар тооцжээ. Энэ онд манай улс нийтдээ 36.7 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бол уг хэмжээг 18 сая тонн болгож оруулж ирсэн байна. Ингэхдээ Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын нэвтрэлтийг сайжруулах үр нөлөөг авч үзжээ. Энэ нь он дуустал сар бүр дор хаяж 1.8 сая тонн нүүрс экспортолно гэсэн үг.
Үүний зэрэгцээ манай улс энэ онд газрын тосны экспортоо хийж чадахгүй байгааг ойрын хугацаанд худалдааг сэргээж энэ онд нийтдээ 3.4 сая баррель нефть экспортлохоор төлөвлөжээ.
Энэ онд үндсэндээ уул уурхайн салбар төсвийн нийт орлогын 25%-ийг бүрдүүлэх дүр зурагтай байгаа бөгөөд 4.07 их наяд орчим төгрөгийг төвлөрүүлэхээр тусгажээ. Энэ нь үндсэндээ уул уурхайн орлогыг өмнөх төсөөллөөс 200 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан гэсэн үг.
Эдийн засгийн байдал оны гуравдугаар сарын үр дүнгээс үзэхэд тийм ч сайнгүй байна. Төв банк инфляцыг бууруулахаар хөдөлсөн. Бодлогын хүү 9%-д хүрлээ (2022.03.24). Монголбанк инфляцыг оны эцэс гэхэд 13% байхаар төсөөлж буй бөгөөд ирэх онд 7% болж намжина гэж үзэж буй юм. Гуравдугаар сарын байдлаар инфляцын түвшин 14.4%-д хүрсэн.
Инфляц үүнээс ч дор байж мэднэ. Учир нь Үндэсний статистикийн хорооны тайлан мэдээгээр худалдааны салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс, бөөний болон жижиглэнгийн худалдааны үнийн үзүүлэлт бүгд огцом өсөлттэй гарчээ. Тухайлбал, худалдааны салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2015=100) энэ оны эхний улиралд 150 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх улирлаас 6.3%, өмнөх оны мөн үеэс 26.4%-иар тус тус өссөн байна. Задалж авч үзвэл бөөний худалдааны салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23%, жижиглэнгийн худалдааных даруй 30.3%-иар тус тус өсчээ. Эндээс жижиглэнгийн худалдааны салбарт үнийн өсөлт илүү хурдацтай явааг харж болно.
Дотоодын худалдааны борлуулалтын орлогын тухайд оны эхний хоёр сарын байдлаар 4.35 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 27 орчим хувиар дээшилсэн байна. Энэ өсөлт үндсэндээ инфляцын нөлөөгөөр харагдаж буй гоёмсог тоо болох нь илүү тодорхой болж байна. Иргэдийн хадгаламж үргэлжлэн буурснаар уг өсөлтийн эрчим саарна. Харамсалтай нь иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ гуравдугаар сард огцом бууралттай гарчээ.
Төгрөгийн хадгаламжаа долларт шилжүүлэхээс гадна иргэд мөнгөө бэлнээр гартаа ойр байлгаж, шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ авах болсныг харуулж байна. Улмаар гуравдугаар сард төгрөгийн болон валютын хадгаламжийн нийлбэр дүн өмнөх оны мөн үеэс буурчээ. Ипотекийн зээлийн төлбөрийг он дуустал хойшлуулсан, иргэдийн цахилгааны төлбөрийг төр дааж байгаа зэрэг нийгмийн шинж чанартай арга хэмжээ үргэлжилж байгаа ч хадгаламж буурсан нь томоохон дохио өгч байна.
Мөнгөний нийлүүлэлт гуравдугаар сарын байдлаар 26.4 их наяд төгрөгөөр хэмжигдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 3.9%-иар өссөн байна. Өмнөх оны гуравдугаар сард мөнгөний нийлүүлэлтийн өсөлт 22.9%-иар илэрхийлэгдэж байв. Тиймээс эдийн засгийн идэвхжил саарсныг мөнгөний үзүүлэлт харуулна.
Үнийн өсөлт, хадгаламжийн бууралтын хажуугаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүний гарц, борлуулалт гуравдугаар сард бууралттай тэмдэглэгдэв. Аж үйлдвэрийн салбарын борлуулалт оны эхний улирлын байдлаар 4.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 26.4%-иар буурсан тухай Үндэсний статистикийн хорооны тайланд өгүүлжээ. Үүнд уул уурхайн салбар голлон нөлөөлсөн.
Аж үйлдвэрийн салбарын борлуулалтаас гадна үйлдвэрлэл ч буурсан байна. Оны эхний улиралд үйлдвэрлэл 3.54 орчим их наяд төгрөгөөр хэмжигдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 24.4%-иар доошилжээ. Гэхдээ аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн бууралт ганцхан олборлох салбартай холбоотой бус ажээ. Тухайлбал дотоодын цементийн үйлдвэрлэл оны эхний улиралд 105.9 мянган тонноор хэмжигдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 25%-иар буурчээ. Метал бэлдэц ч буурсан төдийгүй хүнсний үйлдвэрлэл, тухайлбал мах, гурил, шингэн сүүний гарц оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс багассан үзүүлэлттэй гарчээ.
Өөрөөр хэлбэл бид бага үйлдвэрлэж, ижил барааг ижил үнээр бус хавьгүй илүү өндөр үнээр худалдан авч буй эдийн засгийн дүр зураг бууж байна. Энэ нь стагфляц буюу инфляцын өсөлт болон эдийн засгийн бууралт давхар нүүрлэх нөхцөл байдал хажууд хаалга тогшиж буйг харуулна. Засгийн газар асар том төслүүдийн тухай эцэс төгсгөлгүй хурал чуулганаар зарлаж байгаа ч эдийн засгийн бодит амьдрал өөр зүйлийг гэрчилнэ. АНУ-ын инфляц улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд оны эцсээр тус улсын эдийн засаг илүү хүнд нөхцөлд орж болзошгүй байгаа бол Хятадын өсөлтийн таамгийг судалгааны байгууллагууд бууруулж эхэллээ. Чухамдаа 2022 он бол эдийн засгийн хувьд амаргүй жил байх бөгөөд төсвийн байгууллагууд тансаглах эсвэл үр ашиггүй хэт үрэлгэн төслүүдээс татгалзах шаардлагатайг харуулж байна.