Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Газрын тос 80” ойн баярын хурал боллоо

Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал (05.27) Корпорэйт зочид буудлын хурлын танхимд боллоо. Газрын тосны салбарын 800 гаруй зочид төлөөлөгчид оролцсон тус баярын хуралд УУХҮ-дэд сайд О.Батнайрамдал, Ашигт малтмал, газрын тосны газрын (АМГТГ) дарга Л.Баярмандал нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.

Ойн  баярын хуралд УУХҮЯ-ны холбогдох албаны хүмүүс Монгол Улсын газрын тосны өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийсэн юм. 1993-2021 онд нийт 14 аймгийн нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын 39 талбайг ялгаснаас 17 талбайд газрын тосны хайгуулын чиглэлээр Бүтээгдэхүүн хуваах гэрээ, 6 талбайд нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байна. Мөн ашиглалтын 4 талбайд газрын тосны олборлолт, экспортын үйл ажиллагаа явуулж байгааг дуулгалаа. 2021 оны байдлаар газрын тосны баталгаат нөөц 333.8 сая тонн, ашиглалтын баталгаат үлдэгдэл нөөц 33.4 сая тонн байна.  Улсын төсвийн орлого 1998-2021 онд 2,035 тэрбум төгрөг, 1998-2021 онд нийт экспорт 9.5 сая тонн аж. 

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн  (2022-2030) хүрээнд газрын тосны хайгуулын чиглэлээр Давст-31 талбайн хайгуулын ажил, 5 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, Галба-XI  талбайд нөөц тогтоох ажлууд хийгдэнэ. Газрын тосны олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, Галба-XI, Матад-XX талбайг ашиглалтад шилжүүлэх ажлууд мөн хийгдэх юм. Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухайд Газрын тос боловсруулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой, газрын тосны бүтээгдэхүүний чанарын стандарт, хяналтын тогтолцоог бий болгох зэрэг бүтээн байгуулалтууд өрнөж байна.

Газрын тосны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн баярын хурлын үеэр салбартаа амжилт  бүтээл гаргаж, манлайлсан эрхмүүдийг төр, засгийн одон медалиар шагнаж урамшууллаа.

Г.Идэр