Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г. Ёндон Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт (2022.05.26-27) Ерөнхий сайд, Засгийн газрын сайд нарын хамтаар Өмнөговь аймагт ажлын томилолтоор ажилласан. “Оюутолгой” компаниас 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж баталсан. Ингэснээр тус сумыг олон улсын жишигт нийцсэн хот болгон хөгжүүлэх ажил эхэлж байна гэж ойлгож болно. Түүнчлэн Гашуунсухайт боомтын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын ажилтай Ерөнхий сайд танилцсан. Өнгөрсөн Өвлийн Олимпийн наадмын үеэр Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалаар хоёр улсын төмөр замын холболтын цэгийг тохирох ажил шийдэгдсэн. Холболтын төмөр замын ажил дуусахын өмнө, ирэх долдугаар сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орохоор байна. Холболтын төмөр замын ажил дуусах хүртэл уг шилжүүлэн ачих терминал нь хэд хэдэн гол үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал төмөр замаар уурхайгаас тээвэрлэн хүргэсэн нүүрсийг автомашинд ачих, аажимдаа урд талаас нарийн царигтай төмөр замтай холбогдох үед төмөр зам руу шилжүүлэн ачих терминал болох юм” гэв.
Мөн тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард УИХ-ын баталсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлттэй уялдаад Аж үйлдвэрийн сэргэлт хэрэгжиж буйг онцлов. Энэ дагуу Тавантолгойн ордын нүүрсний олборлолт, экспортыг нэмэгдүүлэхээр тусгасан. Манай улс уг ордоос жилдээ 80 хүртэлх сая тонны нүүрсийг экспортлох боломжтой ажээ. Үүнтэй уялдуулан уул уурхайн компаниудад олборлолтыг найдвартай авч явах, нэмэгдүүлэх үүрэг хариуцлага оногдож буйг сайд тэмдэглэлээ. Цаашид Тавантолгойн нөөц нь тогтоогдоогүй байгаа нүүрсний гурван ил болон нэг далд уурхайн нийт дөрвөн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар судалж байгаа бөгөөд удахгүй Засгийн газарт танилцуулах ажээ.
2026-2030 оны хооронд Хятад улс нүүрсний хэрэглээгээ үе шаттай бууруулахтай холбоотойгоор нүүрсний экспортыг боломжит байдлаар нэмэгдүүлэхийг манай улсын зүгээс эрмэлзэж байна.
Шивээхүрэн боомтоор тавдугаар сарын 25-наас нүүрсний экспортыг сэргээсэн. Уртын тээврийг ч энэ өдөр мөн эхлүүлсэн. Тус боомтын чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалт өрнөж буй юм.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд өдөрт 750-760 машин нүүрс экспортод гарч байгаагийн 460 нь Гашуунсухайт боомтод ногдож байна. Цаашид тус боомтоор халдвар хамгааллын дэглэмийг алдалгүй баримталж чадвал өдөрт нэвтрэх машины тоог долоо хоног тутамд гучаар нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцжээ. Энэ байдлаар өдөрт гарах машины тоог 800 болгох боломжтойг сайд уламжлав.
Ерөнхий сайд мөн Даланзадгад суманд иргэдтэй уулзах үеэр Цагаандэл уул боомтыг нээх, зам тавих асуудалд саналыг нь сонсжээ. Орон нутгийн иргэд уг дэд бүтцийг хөгжүүлэхийн эсрэг байгаагаа энэ үеэр илэрхийлсэн байна. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн хөгжлийн зөвлөл байгуулахаар болжээ. Үүнд аймгийн ИТХ, “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” болон бусад компани, орон нутгийн төлөөлөл багтах юм байна. Уг хөгжлийн зөвлөлд энэхүү боомттой холбогдох 2014 оны Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлсэн явдлыг илүү нарийвчилж авч үзэж, иргэдийн санал бодлыг тусгахаар тогтжээ.