Нүүрсний уртын тээвэр эхэлснээр машины тоо 750 хүрсэн. Эдгээрээс 460 нь Гашуунсухайт боомтоор гарсан машин эзэлж байна. Манай жолооч нараас халдвар илрэхгүй бол нүүрс тээвэрлэх машины тоог долоо хоног бүрд 30-аар нэмэх тохиролцоог урд хөрштэй хийсэн гэдгийг УУХҮ-ийн сайд Г. Ёндон мэдэгдсэн.
БНХАУ 2026-2030 оны хооронд нүүрсний хэрэглээг бууруулна гэж мэдэгдээд байна. Тийм болохоор эрэлт буурахаас өмнө нүүрсээ олборлож, нийлүүлэх зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байна. Боомтуудын хүчин чадлыг нэмснээр уул уурхай ордууд олборлолтоо өсгөх шаардлагатай болно. Иймд Таван толгойн уурхайн зарим хэсгийг нэмж олборлох төлөвлөгөөг Засгийн газар хэлэлцэнэ. Үүнд гурван ил уурхай, нэг далд уурхай багтана. Эдгээрт хайгуул хийж, ТЭЗҮ хийнэ. Зөвхөн энэ ордоос жилд 80 сая тонн нүүрс экспортлох боломжтой гэж тэрбээр мэдэгдлээ.