Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ-ын шингэрүүлсэн хийн экспорт тавдугаар сард 12%-иар өсөв

АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн экспорт тавдугаар сард 7.29 сая тоннд хүрсэн байна. Энэ нь эхнээсээ хоёрт бичигдэх дээд амжилт төдийгүй өмнөх сарынхаас 5%-иар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12%-иар тус тус өссөн үзүүлэлт боллоо. Өмнөх гуравдугаар сард тус улсын экспорт 7.67 сая тоннтой тэнцэж оргилдоо хүрч байсан юм.

АНУ-ын нийт экспортын гуравны хоёр орчим хувь нь Европын зах зээлд нийлүүлэгдсэн бөгөөд тус тивд удахгүй хүйтний улирал дуусахтай зэрэгцээд эрэлт буурах хандлагатай байна. Энэ үед АНУ-ын нийлүүлэлт Ази болон бусад зах зээл рүү илүү чиглэх төлөвтэй байгаа юм.

Европын холбоо ОХУ-ын хийнээс татгалзахын хэрээр АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн үнэ огцом өсч байна. АНУ-ын байгалийн хийн экспортлогчид дотоодын зах зээлд нийлүүлэлтээ илүү чиглүүлэхийг аж үйлдвэрийн салбарынхан уриалж байгаа ч илүү ашигтай хувилбар нь экспорт болж хувираад байна. Үүнд энэ онд АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн ханш хоёр дахин өссөн нь голлон нөлөөлжээ. Цаашид ч эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Хийн үнийн өсөлт АНУ-ын үйлдвэрлэлийн салбарт хүндээр тусч байгаа тул дотоодын хийн хангалттай нөөц бүрдүүлэх хүртэл экспортыг цуцлахыг тус улсын үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс шаардах болжээ. 

 

Б. Төгс