Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Голдман Сакс: Брэнт газрын тосны ханшийн төлөвийг 135 доллар/баррель болгож өсгөв

АНУ-ын Голдман Сакс банк Брэнт газрын тосны ханш энэ оны хоёрдугаар хагасаас ирэх оны эхний хагасыг дуустал дунджаар 135 ам.доллар байх таамаг дэвшүүллээ. Өөрөөр хэлбэл тус банк газрын тосны зах зээлд үүсээд буй хомсдлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй хэвээр байгаа тул ийнхүү ханшийн төлөвийг өмнөх таамгаасаа 10 ам.доллараар нэмэгдүүлжээ. Энэ зун баррель тосны үнэ 140 ам.долларт хүрч болзошгүйг тус банк онцолжээ. Улмаар ирэх онд газрын тосны дундаж ханш 125 ам.доллар/баррель байх ажээ.

Голдман Сакс ирэх оны эцсээр газрын тосны нийлүүлэлт тогтворжино гэж үзэж байна. Сүүлийн саруудад дэлхийн зах зээлд газрын тосны нийлүүлэлт эрэлтээс давсан боловч энэ нь Хятадын хөл хорио болон АНУ-ын газрын тосны стратегийн нөөцөөс зах зээлд их хэмжээгээр тос нийлүүлсэн алхамтай холбоотой байсныг тодотгожээ. Гэвч цаашид Европын холбооны эдийн засгийн хоригтой холбоотойгоор ОХУ-ын газрын тосны олборлолт үргэлжлэн буурах төлөвийг тус банк дэвшүүлжээ. Европын холбоо (2022.05.30) ОХУ-аас импортолдог газрын тосны 90%-ийг энэ оны эцэс гэхэд бүрэн хориглох шийдвэрийг зургадугаар шатны хориг арга хэмжээний хүрээнд гаргасан.

Томоохон нийлүүлэгч ОХУ-ын газрын тосны олборлолт тавдугаар сард 10.8 сая баррель/өдөр байсан бол оны эцэс гэхэд 9.8 сая баррель/өдөр болж буурах тооцооллыг тус банк гаргажээ. Улмаар ирэх оны эцсээр бага зэрэг өсч 10 сая баррель/өдөр болж магадгүй ажээ. 

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч газрын тосны нийлүүлэлтийн хумигдмал байдлыг бүрэн арилгаж чадахгүй гэж тус банк тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл цаашид газрын тосны эрэлт нийлүүлэлтийг давах дүр зураг тодорч байна. Залгуулаад Хятадын хөл хорио цуцлагдсанаар эдийн засгийн сэргэлт эрчимжиж, газрын тосны эрэлт нь нэмэгдэхээр байгаа юм. Брэнт тосны ханш зах зээлд 120.9 ам.доллар/баррель хүрч өсөөд байна.

 

 

Б. Төгс