Ногоон эрчим хүч дэлхийн тренд болоод байгаа өнөө үед манай улс “Монгол Улсын нүүрсний давхаргын метан хийн хэтийн төлөвийн үнэлгээ”судалгааны үр дүнг өнөөдөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд танилцууллаа. Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр” болох АМЕП-2 хөтөлбөрийн хүрээнд АМГТГ-ын санаачлагаар Үндэсний геологийн алба, Монгол Улсын Их сургууль, Австралийн “Сайпер” зөвлөх компани хамтран зургаан сарын турш метан хийн нөөцийн судалгааг хийжээ.
“Төслийн үр дүнд Монголын нүүрсний 15 савын хэмжээнд 7.4 триллион метр куб нүүрсний давхаргын метан хийн баялгийг үнэллээ. Энэ үр дүнд тулгуурлан дотоодын болон гадаадын хайгуулын компаниуд нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийх талбайг сонгож, хайгуулын ажил хийх боломж бүрдэж байна.” гэж АМЕП -2 төслийн зөвлөх Б.Эрдэнэцогт онцолсон юм. Анх удаа Монгол орны нийт нутаг дэвсгэрийг хамруулан нүүрсний давхаргын метан хийн баялгийн үнэлгээг хийсэн нь энэхүү судалгааны гол давуу тал юм байна.
Агаарын бохирдол ихтэй манай улсын хувьд байгаль орчинд ээлтэй метан хийг ашиглан эрчим хүчээ шийдэх боломж бүрэн байгаа аж. Австрали улс метан хийг өргөнөөр ашигладаг. Монгол Улс их хэмжээний метан хийн нөөцтэй болбол ийнхүү ашиглах боломж бүрэн байгааг Австралийн мэргэжилтнүүд хэлж байлаа.
Ж.Мөнхцэцэг