Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн ханш сүүлийн арван сарын доод түвшинд хүрэв

Нью-Йоркийн түүхий эдийн биржид нэг тонн зэсийн ханш 8888 ам.долларт (4.04 ам.доллар/фунт) хүрсэн нь өмнөх оны наймдугаар сараас хойших доод хэмжээ (2022.06.16) боллоо. Ийнхүү буурсан нь инфляцаас үүдэлтэйгээр АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.75%-иар буюу сүүлийн 28 жилд байгаагүй огцом дүнгээр нэмэгдүүлсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Томоохон эдийн засагтай хөгжингүй улс орнуудын төв банкууд ч дээрхтэй адилаар мөнгөний хатуу бодлого явуулж буй нь металын эрэлтийг бууруулах эрсдэлтэйг эдийн засагчид анхааруулав.

Зэсийн ханш буурснаар зэс олборлогч томоохон компаниуд болох BHP, Freeport McMoran-ы хувьцааны үнэлгээ биржүүд дээр 4-5%-иар буурчээ. Туркойз Хилл Ресурс"-ын хувьцаа өчигдөр Нью-Йоркийн бирж дээр 2.22%-иар буурч нэгж бүрийн үнэ нь 27.3 ам.доллартай тэнцжээ.

Түүнчлэн Хятад улсад шинэ орон сууцны борлуулалтын үнэ сүүлийн хоёр сар дараалан бууралттай гарсан нь зах зээлийн идэвхжил сул байгааг харуулж байна. Нөгөөтэйгүүр Хятад улс цар тахлын халдварыг тэг түвшинд байлгах хатуу бодлого хэрэгжүүлж буй нь хөл хорионы дараах эрэлтийн өсөлт харьцангуй аажим явагдах нөхцөлийг бүрдүүлж байна. Бээжин хотын хувьд пүрэв гаригт цар тахлыг хумиж чадсаныг урьдчилсан байдлаар зарласан нь эерэг мэдээлэл болж байна. Мөн гуравдугаар сарын сүүлээс тавдугаар сарын эцэс хүртэл хоёр сарын хугацаанд хатуу хөл хорионд байсан Шанхай хотод дахин халдварын тохиолдол бүртгэгдсэний дараа 16 дүүргийн иргэдийг долдугаар сарыг дуустал долоо хоногт тутамд шинжилгээнд хамруулахаар болоод байна. "Голдман Сакс" банк Хятадын цар тахлын хяналтын бодлого ирэх оны хоёрдугаар улирал хүртэл сулрахгүй гэж үзжээ.

Хятадын үйлдвэрлэлийн PMI үзүүлэлт сүүлийн гурван сар дараалан бууралттай гараад буй юм. Гэхдээ Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд цаашид сайжрах төлөвтэй байгаа ч шинжээчид халдварын шинэ тохиолдол, болзошгүй хөл хорио нөхцөл байдлыг хялбархан өөрчилж мэдэхийг сануулж байна.

 

Б.Төгс