Бэлтгэсэн: Эрчис Ойл ХХК-ийн Стратеги төлөвлөлтийн алба, эдийн засагч Б.Анудар
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 2020 онд Коронавируст цар тахлын улмаас олон жилийн доод түвшинд хүрч, Брент төрлийн газрын тос 19 ам.доллар/ баррель хүрч буурсан. Цар тахлын улмаас улс орнууд дотооддоо хатуу хөл хорионы дэглэм тогтоож, газрын тосны хэрэглээ ихээхэн хэмжээгээр буурч, эрэлтээс үүдэн үнэ буурахад хүрсэн. Дэлхийн зах зээлийн газрын тосны үнийг тогтворжуулах зорилгоор ОПЕК ба ОПЕК-ийн өргөтгөсөн бүлэг 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг өдрийн хэрэглээний суурь хэмжээнээс 9.7 сая баррелиар бууруулсан бөгөөд хөл хорио, вакцины хөгжүүлэлт, дэлхийн эдийн засгийн сэргэлт, газрын тосны эрэлт, хэрэгцээний чиг хандлагаас хамаарч үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнээс хойш газрын тосны үнэ тасралтгүй өсч, сүүлийн хэдэн жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн буюу 2022 оны гуравдугаар сарын 8-ны өдөр 127 ам.доллар/баррель давжээ.
ОХУ энэ оны хоёрдугаар сарын сүүлээр Украинд түрэмгийлж зэвсэгт довтолгоо хийсний улмаар Европын Холбоо болон G7-ийн орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ тавьж, тэр тундаа тус улсаас газрын тос импортлохыг бүхэлд нь хориглох тухай хэлэлцэж байгаа бөгөөд тэд нэгдсэн шийдвэрт хүрч чадах тохиолдолд шинэ хоригууд нь хэдийнээ эхэлсэн ОХУ-ын худалдааны урсгалын чиглэлийг өөрчлөх явцыг хурдасгаж, тус улсын газрын тосны компаниуд олон цооногийг хаахад хүргэнэ.
Одоогоор олон улсын томоохон худалдааны байгууллагууд төрийн хяналтад байдаг Роснефть, Газпром Нефть, Транснефть зэрэг газрын тосны компаниудтай хийсэн бүх гэрээ хэлэлцээрээ цуцалж, улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын нийлүүлэлт өдөрт 1 орчим сая баррелиар буурсан байна. Шинжээчдийн үзэж буйгаар 2022 оны хоёрдугаар хагаст ОХУ-ын нийлүүлэлт өдөрт 3 сая орчим баррелиар буурч магадгүй байна. ОХУ-д үзүүлэх олон улсын дарамт шахалт нэмэгдэж, газрын тосны олборлолт буурсаар байгаа хэдий ч тус улсын экспорт хориг тавихаас өмнөх үетэй бараг ижил түвшинд байгаа нь Хятад, Энэтхэг зэрэг Азийн орнуудын худалдан авагчид хөнгөлттэй үнээр ОХУ-аас их хэмжээгээр авч байгаатай холбоотой.
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ эрчимтэй өссөний улмаас газрын тос импортлогч орнуудад дотоодын шатахууны үнэ нэмэгдэн, энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэж, инфляцийн түвшинг дээд хэмжээнд хүргээд байна. Үүнтэй холбогдуулан АНУ, БНХАУ, Япон, Энэтхэг зэрэг дэлхийн импортоор тэргүүлэгч орнууд үнийн өсөлттэй тэмцэх зорилгоор дотоодын стратегийн нөөцөөс гаргаад эхэлсэн. Тодруулбал, АНУ дотоодын стратегийн нөөцөөс 180 сая баррель газрын тос гаргана гэдгээ 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн бөгөөд үүний араас Олон улсын эрчим хүчний байгууллагын орнууд мөн нөөцөөс гаргана гэдгээ зарласан.
Дэлхийн боловсруулах систем дэх нөөцийн хүчин чадал хязгаарлагдмал, мөн Оросын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний экспорт буурсан зэрэг нь түүхий эдийн зах зээл дэх хурцадмал байдлыг улам хурцатгаж байна. Олон улсын эрчим хүчний байгууллагын мэдээлж буйгаар газрын тосны бүтээгдэхүүний нөөц долоо долоо хоног дараалан буурч, 2008 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна.
ОПЕК ба ОПЕК-ийн өргөтгөсөн бүлгийн гишүүн орнууд сар бүр хуралдаж ирэх сарын олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг тохиролцдог. Хэдийгээр олон улсын зах зээлд түүхий газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөхийн хэрээр газрын тос импортлогч орнуудад дотоодын шатахууны үнэ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляцийн түвшин дээд хэмжээнд хүрээд байгаа нь эдгээр орнуудыг ОПЕК болон ОПЕК-ийн өргөтгөсөн бүлгийг нийлүүлэлтийн хэмжээг нэмэхийг уриалахад хүргэсэн боловч үйлдвэрлэгч орнууд газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг өөрчлөхгүй, 2021 оны долоодугаар сард баталсан төлөвлөгөөний дагуу өдөрт 0.4 сая баррелиар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө баримтлахаар шийдсэн. Тус бүлэг нь энэ шийдвэрээ газрын тосны үнийн өнөөгийн тогтворгүй байдал нь геополитикийн нөхцөл байдалтай холбоотой боловч зах зээлийн үндсэн үзүүлэлтүүдэд өөрчлөлт ороогүй гэж тайлбарлав. Тиймээс ирэх зургаадугаар сард газрын тосны экспортлогч орнууд олборлолтоо төлөвлөсний дагуу мөн 0.4 сая баррелиар нэмэгдүүлж ажиллах юм.
Дээрх хүчин зүйлүүдээс хамаарч Олон улсын эрчим хүчний агентлаг, хөрөнгө оруулалтын банкнууд, газрын тосны судалгааны болон худалдаа арилжааны Goldman Sachs, Morgan Stanley зэрэг байгууллагууд ОПЕК ба ОПЕК-ийн өргөтгөсөн бүлэг газрын тосны нийлүүлэлтийн хэмжээг үргэлжлүүлэн сар бүр 0.4 сая баррелиар нэмэгдүүлэх тохиолдолд, 2022 оны хоёрдугаар хагаст Брент төрлийн газрын тосны үнэ 120-130 ам.доллар/баррель хүрнэ гэж таамаг гаргасан. Харин дэлхийн газрын тосны эрэлтийн хувьд Олон улсын эрчим хүчний агентлагийн тайлангийн дагуу 2022 оны дунджаар 99.4 сая баррель байх төлөвтэй байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 1.8 сая баррелиар өссөн үзүүлэлт болжээ /Ковид-19 цар тахлын өмнөх үе буюу 2019 оны дундаж үзүүлэлт 100 ам.доллар/баррель/.
Газрын тосны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа энэ үед үнийн тогтворгүй байдал өндөр хэвээр байгаа ч 100 ам.доллар/баррелиас дээш түвшинд хадгалагдаж байна.
Brent, WTI төрлийн газрын тосны үнийн өөрчлөлт, ам.доллар/баррель
Брент төрлийн газрын тосны үнэ 2022 оны дөрөвдүгээр сарын дундаж үнэ 105 ам.доллар/баррель байсан бол WTI төрлийн газрын тосны үнэ 102 ам.доллар/баррель байжээ. Хятад улсад Ковид-19 цар тахлын тохиолдлууд бүртгэгдэж сүүлийн 2 сарын турш хатуу хөл хорио тогтоогоод байсан Шанхай хотод хорио цээрийн дэглэмийг суллах, тус улсын эрх баригчдаас цар тахлын хямралд нэрвэгдсэн аж ахуй, ард иргэдэд мөнгөний бодлогын дэмжлэг үзүүлэх шийдвэр, улс орнуудад аялал жуулчлалын улирал эхэлж байгаа зэрэг хүчин зүйлүүдээс хамаарч үнэ цаашдаа өсөх төлөвтэй байна. Хэдийнээ олон жилийн дээд түвшинд хүрсэн газрын тосны үнэ өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан цаашдаа ч өсч 150 ам.доллар/баррель хүрэхийг үгүйсгэж болохгүй. Энэ нь үүсээд буй геополитикийн хурцадмал байдал хэр хурдан шийдэгдэхээс шалтгаална.
Энэ нийтлэлийг бичиж байх үед буюу 2022 оны тавдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Брент 117 ам.доллар/баррелиар арилжаалагдаж байна.