Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Гашуунсухайт боомтод автомат тээвэр нэвтрүүлж экспортыг 10 сая тонноор нэмэгдүүлэх боломжтой

Монгол Улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлж байгаа билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг тус боомтод (2022.06.24) ажиллаж, автомат тээврийн маршрутыг тодорхойлсон байна. Автомат удирдлагатай тээврийг хилийн зурвасаас 150 метрийн зайд хоёр гарцаар явуулахаар тогтсон. Энэ хүрээнд БНХАУ-ын инженерүүд соронзон замыг  ирэх амралтын өдрүүдэд тавьж дуусгана. Ирэх даваа гарагт автомат удирдлагатай есөн тээвэрлэгч дээрх замаар нүүрс тээвэрлэж эхлэх бөгөөд туршилтын хугацааны дараа нэгэн зэрэг 40 зам байгуулахаар ажлын хэсгийнхэн хэлэлцээ хийж байгаа аж. Ажлын хэсгийнхний өгч буй мэдээллээр нэг автомат тээврийн нэг удаагийн тээвэрлэлтээр 64 тонн нүүрс зөөх боломжтой. Тиймээс уг технологийг нэвтрүүлснээр зөвхөн Гашуунсухайт боомтын экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг ирэх долоо хоногт тус технологийг Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтод нэвтрүүлэх хэлэлцээг Хятадын талтай хийх аж.

Х.Нямбаатар: Дотоодын тээврийн нэгдэл, иргэдийг нүүрс тээвэрт түлхүү явуулна

Засгийн газраас томилсон хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах Ажлын хэсэг AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлэх хүрээнд замын маршрутыг тогтох, “Чалко” компанийн хүсэлтийн дагуу тээврийн шинэ гарц нээх чиглэлд хэрхэн ажиллаж буй талаар Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.  

Гашуунсухайт боомтод тээврийн шинэ технологи нэвтрүүлж байна. Үр дүнг нь хэрхэн харж байна вэ?

Ерөнхий сайдын 2022 оны 47 дугаар захирамж, Сангийн сайдын 2022 оны 106 тоот тушаалаар байгуулагдсан манай ажлын хэсэг өчигдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргааны албаны хүмүүстэй цахим хурал хийсэн. Хурлаар Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээвэр нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж, энэ сарын 27-28-ны өдрүүдэд туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэхээр тогтлоо. Энэ хүрээнд өнөөдөр хятад инженерүүдийн хамт Гашуунсухайт боомтод ажиллаж байна. AGV явуулах замын маршрут, гарцыг тогтож, соронзон зам тавих ажил эхлүүллээ. Ийнхүү тээврийн асуудлыг шийдвэрлэснээр Гашуунсухайт боомтод нүүрсний экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэх тооцоолол бий. Цаашид автомат удирдлагатай тээврийг Шивээхүрэн-Сэхээ болон Ханги-Мандал боомтуудад хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Тус технологийн онцлог юу вэ?

Гашуунсухайт, Ганцмодны боомтын хооронд анх удаа хил дамнасан жолоочгүй тээврийн хэрэгслийг ирэх долоо хоногт нүүрс тээвэрт нэвтрүүлэхээр болж байна. Голдуу далайн боомт хотуудад ашигладаг сүүлийн үеийн технологийг бид хуурай боомтод нэвтрүүлж буйгаараа онцлог гэж болно. Өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас хил хаагдаж, дэлхий нийтээрээ хүнд байдалд орлоо. Тэгвэл хилийн боомтуудад жолоочгүй технологи нэвтрүүлснээр бид ямар ч нөхцөлд тээвэрлэлтээ хийсээр байх боломж бүрдэж байгаа юм. Үүнээс гадна манай ажлын хэсэг нүүрс ачиж, буулгах терминал дээрх үлдэгдэл нүүрсний хэмжээ багасаж байгаатай холбогдуулж уртын тээврийн тоо хэмжээг нэмэгдүүлэхээр хэлэлцээ хийж, тодорхой шийдэлд хүрлээ. Ингэснээр нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, хувь хүмүүс орлоготой болох боломж бүрдэж байна.

БНХАУ-ын “Чалко” компанийн тавьсан хүсэлтийг энэ удаа хэрхэх вэ?

“Чалко” компанийн зүгээс нүүрс экспортлох тусдаа гарц, замын трасс гаргах хүсэлтээ удаа дараа ирүүлсэн. Бид өнөөдөр гарц, трассыг эцэслэн тохирч Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-аар шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад дэмжих бичгээ хүргүүлэхээр боллоо. Шинэ гарц нээгдсэн тохиолдолд дотоодын тээврийн нэгдэл, аж ахуйн нэгж, иргэдийг түлхүү тээвэрт явуулах бодлого барина.

Сэтгэгдэл (1)

  • DR ADITYA (129.205.124.228)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 10 сарын 18 | Хариулах