“Миний унаган мэргэжил Уул уурхай, өрөмдлөг, удаах мэргэжил Газрын тос. Төрөлх ШУТИС, түүний Газрын тос, өрөмдлөгийн инженерийн хамт олонтойгоо тэртээ 1991 оноос эх орондоо Газрын тосны инженер-технологийн мэргэжилтний сургалтыг эхлүүлж, судалгааны чиглэлээ тогтоон, мэргэжлийн тэнхим салбар, багшлах хүний нөөц, сургалт-судалгааны материаллаг баазыг цоо шинээр үүсгэн байгуулж, өргөжүүлэн төлөвшүүлсэн. Монгол эх оронд зөвхөн Газрын тосны чиглэлээр л гэхэд 1500 шахам бакалавр, 100 гаруй магистр, 8 доктор, 104 мэргэшсэн, 64 зөвлөх инженер бэлтгэжээ. Монгол Улсын газрын тосны салбарын түүхийг бүтээлцэн, 1975 оноос хойш одоог хүртэл багшилж, нийт 2000 гаруй инженерийг бэлтгэжээ. Миний шавь нар өнөөдөр уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлж, багшилж, геологи-хайгуул, өрөмдлөг, уул уурхай, газрын тосны салбарт ажиллаж явна. Өнөөдөр хуулиа ягштал биелүүлж, авилгаас ангид байж гэмээ нь өөрийн ажил мэргэжилдээ эзэн байж чадна. Багш хүн гэдэг ёс зүй өндөртэй, шавиа гэсэн сэтгэлтэй байх нь чухал” хэмээн Ж.Цэвээнжав гуай сургамжлах. Энэ нь түүний амьдралдаа баримталж ирсэн гол зарчим нь. Шавь нарыгаа овог нэр, оны төгсөгчидтэй нь алдалгүй нэрлэдэг шигээ Газрын тосны салбарын түүхэн үйл явдлыг мөн л он цаг тоололтой нь андахгүй мэдэх түүнийг газрын тосны салбарын нэвтэрхий толь гэж нэрлэж болохоор...
Манай сэтгүүлийн зочин Монгол Улсын Гавьяат багш, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын зөвлөх профессор, Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал, Олон улсын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн болон Инженерийн ухааны Академийн гишүүн, Газрын тосны сургалт-судалгаа-мэдээллийн төвийн захирал, техникийн ухааны доктор, профессор Ж.Цэвээнжавтай The Mongolian Mining Journal-ын сэтгүүлч Ж.Мөнхцэцэг ярилцлаа.
Газрын тосны салбар стратегийн бөгөөд эдийн засгийн суурь салбар
Газрын тосны салбар 80 жилийн ойгоо тэмдэглэж байна. Та газрын тосны салбарын түүхийг бүтээлцэж яваа хүмүүсийн нэг. Салбарынхаа эдийн засгийн ач холбогдлыг дурдвал?
Газрын тосны салбар бол тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засагт суурь ач холбогдолтой, жинхэнээсээ стратегийн суурь салбар юм. Энэ салбарт бүхэлдээ, улс орны хөгжилд эрдэм оюунд тулгуурласан, судалгаанд суурилсан ухаалаг бодлого, зохицуулалт туйлаас чухал.
Газрын шингэн тос, нүүрсний давхаргын метан хий, шатдаг занар зэрэг түүхий эдийн ихээхэн нөөцтэй манай орны хувьд юуны түрүүнд гадаад хамаарлыг багасгах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн зоноо ажилтай орлоготой байлгах, тодруулбал шатахуун, моторын дизель түлшийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэглээг харьцангуй хямд бүтээгдэхүүнээр тасралтгүй найдвартай хангах хэрэгтэй байна. Гэхдээ үйлдвэрлэл хангамжийг зах зээлийн жамын дагуу оновчтой, эдийн засгийн үр ашигтай байлгах талаар тооцоо судалгаа, зөвхөн гадаадын бус үндэсний мэргэжилтнүүдийн санал зөвлөгөөг авч төрийн бодлого шийдвэр, зохицуулалтад тусгах хэрэгтэй болжээ. Аливаа нэгэн эрсдэл тохиолдоход, жишээ нь ган зуд боллоо гэхэд уул уурхайгаас мөнгө орно, бензин орохгүй. Гэтэл мөнгө байлаа ч бензингүй болчих аюул бий. 1989 онд зах зээлд шилжихийн өмнө Монголын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд 864.000 тонн байсан.
Ардчилсан хувьсгалын дараа 1991 онд 234.000 тонн болтлоо буурсан. Дөрөв дахин буурсан үзүүлэлт байгаа биз дээ. 1971 онд Иран-Иракийн дайны үеэр дэлхийн газрын тосны анхны хямрал болсон. Манай улсын анхны газрын тосны хямрал энэ л үед болсон юм. Тэр үеэс боловсруулах үйлдвэр байгуулах тухай ярьж эхэлсэн. 1992 оны хоёрдугаар сард П.Жасрай гуайн Засгийн газрын үед Зүүнбаян, Цагаан элсний Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл гэж анхны ТЭЗҮ хийгдсэн. Энэ үед хийгдэж байсан төсөл маань яван явсаар өнөөгийн Алтанширээгийн Газрын тос боловсруулах үйлдвэр болсон түүхтэй.
“Газрын тос боловсруулах үйлдвэр”-тэй болно гэдэг манай улсын хувьд олон жил дуншсан төсөл байж. Манай шатахуун импортлогч компаниуд нэгдээд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломжийг судалж байсан гэж сонссон. Та эдгээр компаниуд нэгдсэн Монголын нефть хийн үндэсний ассоциацийн ТУЗ-д байсан болохоор энэ талаар илүү мэдэх байх?
Манай Ж.Оюунгэрэл их ухаантай хүн байсан. Тэр үед Ж.Оюунгэрэл маань Монголын нефть хийн үндэсний Ассоциацийн тэргүүн байлаа. Эдгээр компаниуд нэгдээд нэг тэрбум ам доллар гаргах боломж тэр үед байлаа. Зориглоод хөдөлсөн бол чадах байсан. Гэхдээ төр дэмжихгүй бол яах вэ? гэсэн ганц зүйл л энэ ажлыг зогсоосон байх. Монгол төр уул уурхай дээр ямар байгааг бид мэдэж байгаа. Монголдоо бензин үйлдвэрлэж, дизель гаргавал татвараас ингэж чөлөөлнө, гаалийн татварын хувьд ийм хөнгөлөлттэй гэсэн нөхцөлөө өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Хэрвээ төрийн ийм дэмжлэг байсан бол үндэсний компаниуд өөрсдийн хөрөнгөөр газрын тосны боловсруулах үйлдвэрийг эрт байгуулах боломж бүрэн байсан.
Газрын тосны тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль сайн болж чадсан гэж Та үздэг үү? Ашигт малтмалын тухай хууль одоо шинэчлэгдэх гэж байна?
1991 онд Газрын тосны тухай хууль, 2006 онд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль батлагдсан. 2006 оны долдугаар сард Ашигт малтмалын тухай хууль батлагдсан. Монгол хүн наадам дөхөөд ирэхээр наадмаас өөр юуг ч анзаарахаа больтол гэгэлздэг онцлогтой доо. Гэтэл эдгээр бүх хууль наадмын өмнө гарсан байдаг.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд хоёр гол асуудал тусгагдсан. Нэг хуулийн этгээдэд гуравны нэг буюу 33,1%-иас илүүг өгөхгүй гэсэн заалт бий. Хоёр дахь гол асуудал нь улсын нөөц болон компанийн нөөц бүрдүүлэх асуудал. Гэтэл эдгээр гол заалт одоо хүртэл биелэхгүй байна гэж би боддог. Яагаад гэхээр “Петровис” НИК-ийг хувьчлалаар авсан. Энэ хоёр компани нийлсэн болохоор өнөөх гуравны нэгээс даваад явчихсан байгаа биз дээ. Гэтэл энэ нь хууль талаасаа бодоод үзэхээр төрийн ч буруу биш, нөгөө талаас “Петровис” компанийн буруу биш болчхоод одоо хүртэл байж л байна. Энэ заалт шатахууны хувьд гадаадын шууд хараат байдалд орохоос сэргийлж өгсөн заалт юм.
Улсын нөөцийг улс мөнгөөрөө бүрдүүлдэг. Бид техникийн шалгалт хийхээр очиход улсын нөөц гээд хөдөлгөж болдоггүй, сэлгэлт хийж болохгүй таг нь цоорчихсон байдалтай байсан. Бензин хуучраад ууршина биз дээ. Тэр үед би “Наадах чинь дайн болоод танк асаадаггүй юм аа гэхэд зуд болоод трактор асаах шаардлагатай болоход наад дизель чинь асах уу” гэж асуусан юм. Түүнээс хойш улсын нөөцийн хувьд сэлгэлт хийдэг болсон байна лээ. Компанийн хувьд борлуулж байгаа бүтээгдэхүүнийхээ арван хувьтай тэнцэх нөөц заавал байлга гэсэн шаардлага бий. Зуун мянган тонн бүтээгдэхүүний борлуулалт хийдэг компани арван мянган тонны нөөцтэй байх шаардлага гарна. Үүнийг байлгахад мөн хэцүү. Сэлгэлт байнга хийх шаардлага гарна. Тиймээс “Нөөцийг бензинээр биш мөнгөөр бүрдүүлдэг” гэсэн Ц.Багмид багш, бидний санаа зөв болж таараад байна.
Нөгөө талаас хувийн компанийн хувьд борлуулалт ашиг гэсэн циклээр явах болохоор нөөц гээд байлгахын оронд зараад ашгаа хийх нь дээр болох байх?
-Тийм. Олсон жаахан бензинээ зарж мөнгөө олоод шалгалт ирэхээс өмнө хоёроос гурван хоногийн зай байхад амжаад нөөцөө бүрдүүлчихнэ.
Та улсын нөөцийн тухай ярилаа. Манай улсын хувьд мөнгөөр бүрдүүлэх боломж байгаа юм байна. Олон улсын хувьд энэ нөөцөө хэрхэн бүрдүүлдэг бол?
Олон улсын хэмжээнд улсын нөөцийг ус буюу бензин, мөнгөөр биш түүхий тосоор бүрдүүлдэг юм. Би Монгол улсын эхний хямралыг ярьсан. Харин хоёр дахь хямрал НИК-ийг хувьчлах үед гарч болзошгүй байсан. Тэр үед Монгол Улсын ерөнхийлөгч Н.Багабанди байлаа. Нефть хийн Ассоциацаас намайг томилж Н.Багабанди Ерөнхийлөгчтэй уулзаж албан санал бүхий захидлаа гардуулж байсан юм. Би тэр үед энэ байгууллагын ТУЗ-ийн гишүүн байв.
Захидлын утга нь “Зах зээлийн хөгжлийн дагуу нефть хангамжийн байгууллага хувьчлагдах нээ. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдал ирээдүйд гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль” хэрэгтэйг онцолсон байсан. Би Н.Багабанди ерөнхийлөгчтэй уулзаж ярилцаад албан захидлаа өгсөн. Эрдэмтэн судлаач хүний хувьд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд ч өнөөдөр өөрчлөлт оруулах болсон гэж боддог. Тусгай зөвшөөрлийг багасгах хэрэгтэй. Энэ дарамт, ачааллыг багасгах хэрэгтэй. Өнөөдөр энэ хууль хэдэн монополь компаниа дэмжсэн хууль болоод байна. Тусгай зөвшөөрөл багасвал аж ахуйн нэгж, байгууллагууд аяндаа орно. Тэгэхээр үгссэн монополь компаниудаас хамааралгүй болж чөлөөт өрсөлдөөний замаар үнэ аяндаа бууна. Энэ нь улс гүрэнд, иргэд та бидэнд өнөөдөр хэрэгтэй байна шүү дээ.
Бензиний үнэ өсөхөд бүх зүйлийн үнэ дагаад өсдөг. Гэтэл төр үнийг өсгөхгүйн тулд импортлогч нартай хэлэлцээ хийдэг.Үүнийг яаж зохицуулах ёстой вэ?
Уул уурхай хэдийгээр мөнгө олдог гол салбар боловч газрын тос нь стратегийн бөгөөд эдийн засгийн суурь салбар. Иймээс онцгой анхаарах хэрэгтэйг сануулаад байгаа хэрэг.
2012 онд Д.Ганхуягийг Уул уурхайн сайд байхад “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжиж 192 тэрбум төгрөг зарцуулсан. “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”гэж баталсан. Энэ хөтөлбөрийн комиссын гишүүн байхдаа би Д.Ганхуяг сайдад “Та өөрөө Бридж группийг удирдаж байсан хүн мэдэж байгаа. Энэ бүтэхгүй ээ. Бензин импортлогч компаниудад өгсөн мөнгөө хүүтэй нь авах уу? Энэ чинь татвар төлөгч нарын мөнгө шүү дээ” гэж хэлж байсан. Энэ ч сайн үр дүнд хүргээгүй. Хөгжлийн банк шиг замхраад алга болсон. Шатахууны үнийг төр засаг тогтоодоггүй, зах зээлийн хуулиар зохицуулагдана. Сүүлд Д.Сумъяабазарыг Уул уурхайн сайд байхад бас адил зүйл болоод шатахуун импортлогч компанийн төлөөлөл, мэргэжлийн төлөөлөлтэй уулзсан. Тэр үед би мөн энэ үгийг хэлээд “Та нар маань ийм жижиг юм битгий ярь. Төр оролцоно гэж байгаа бол Оросуудтайгаа ярь. Улс улстайгаа, гүрэн гүрэнтэйгээ харьцаж байгаа юм шиг ярьж, асуудлаа шийдэх хэрэгтэй. ОХУ Хятадтай рубль юаниар наймаа хийж байна. Манайх төгрөг рублиэр наймаа хийдэг болгох хэрэгтэй. Хамгийн гол нь боловсруулах үйлдвэрээ барих хэрэгтэй” гэж хэлж байсан.
Манай шатахуун дэлхийн зах зээлийн үнээс хамаарч байна уу? Эсвэл Оросоос шууд хамааралтай байна уу, Мэргэжлийн хүний хувьд та юу гэж боддог вэ?
Судлаач миний хувьд дэлхийн зах зээлийн үнээс илүүтэйгээр Оросоос, валютын ханшаас манай шатахуун шууд хамаарч байна.
Та Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн талаар ярилаа. Газрын тосны тухай хуулийн хувьд та ямар бодолтой байна вэ? Салхи оруулж өөрчлөлт хийх шаардлагатай юу?
Гурван жил дуншаад, гуравхан сарын дотор батлагдаад мөн л наадмын өмнө гарсан энэ хуульд өөрчлөх ёстой олон зүйл бий гэж би боддог. Хамгийн гол нь үндэсний байгууллага, мэргэжилтний оролцоог энэ хуульд огт тусгаагүй. Сая “Петрочайна Дачин Тамсаг” компани 51 ажлын байр зарласан. Түүнээс 40 нь мэргэжлийн хүн гэж байгаа ч инженер гэлгүй оператор гэсэн байгаа. Манай ШУТИС-ийг төгссөн инженер магиструуд тэнд очоод ажилд орж чадаагүй. Ажиллаж байгаа цөөн хэдэн Монгол хүн тогооч, жолооч, операторын ажил хийж байна. Манайд багш байсан доктор зэрэгтэй Ариун-Оргил маань л ХАБ-ын ахлагч хийж байгаа гэсэн. Гэтэл Оюутолгойд манай үндэсний боловсон хүчнүүд ажиллаж байна. Туслан гүйцэтгэгч компаниуд нь ч Монгол хүмүүс ажиллаж байна. Газрын тосны тухай хуульд үүнийг тусгаагүй. Газрын тосны тухай хуулийн 9.1.17-д Туслан гүйцэтгэгчээр хийлгэх ажлын техникийн шаардлагыг хянах” гээд л орхисон. Газрын тосны хайгуул олборлолтын үйл ажиллагаанд оролцох ажиллагсдын 80-аас доошгүй нь Монгол хүмүүс байх гэсэн заалтыг оруулж өгөх ёстой байсан. Үндэсний байгууллага мэргэжилтнүүд орохгүй байна гэхээр бүх мөнгө гадагш явна. “Петрочайна Дачин Тамсаг” компанийн хөрөнгө оруулалтад дөрвөн тэрбум ам доллар шингэсэн гэдэг. Үнэн хэрэгтээ дэлхийн зах зээлийн үнээр бодоход гурван тэрбум нь хайгуулдаа зарцуулагдсан байх. Гэхдээ хэр хэмжээний хөрөнгө оруулалт орсныг бид тооцоолох боломжгүй тэдний амаар л тооцож байна. Одоо бол урсгал зардал гайгүй. Тосоо олборлоод зарж байгаа газар. Гэтэл бид хөрөнгө оруулалтад орсон тэр мөнгийг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу манай хуваах тосоор буюу Монголын баялгаар нөхөөд л явж байгаа. Хайгуул олборлолтын тэр их хөрөнгө урсаад гарсан ч монгол хүний хурууны үзүүр ч оролцоогүй. Монгол хүн ганц байцаа ч тэдэнд борлуулж чадаагүй. Хайгуулын ажилд Оюутолгойн хэрэглэсэн өрөм гэхэд дэлхийн тэргүүний технологи багаж тоног төхөөрөмж орж ирсэн. Гэтэл энд бүх юм урдаасаа орж ирсэн. Хуульд тэгээд тусгачихсан, дээрээс нь бүгд татвараас чөлөөлөгдөнө.
“Петрочайна Дачин Тамсаг” компанийн хувьд олон асуудал яригдаж эхэлж байна. Ус бохирдуулсны төлбөр” төлдөггүй. Орон нутгийн засаг захиргаатай харьцдаггүй?Байгаль орчинг сүйтгэж олон худаг нэг талбай дээр гарган усыг хайр найргүй ашигладаг гээд?Бас энэ компанийн газрын тосны олборлолт буурч байна. Бид үйлдвэртээ ашиглах ёстой газрын тосоо энэ хэвээр гаргаад байх нь зөв үү? Энэ бүхнийг яаж зохицуулах ёстой вэ?
Газрын тосны тухай хуулиараа бид өөрсдөө тэдэнд дураараа аашлах боломжийг нь бүрдүүлээд өгсөн. Тиймээс энэ хуулиа өөрчлөх хэрэгтэйг сануулаад байгаа юм. Тэд орон нутгийнхантай харьцахгүй танай Засгийн газартай харьцана гэж “томрох” нь ч аргагүй. Бид National Organization of Oil буюу Монголын талыг төлөөлсөн төрийн өмчит компани байгуулах ёстой байсан. Одоо энэ хуульд өөрчлөлт оруулах цаг болсон. Латин Америкийн орнууд, жишээ нь Перу гэхэд хөрөнгө оруулагчийн талаас ажиллах хүч хорин хувиас илүүгүй байна гээд заагаад өгчихсөн байдаг. Төр өөрийн бодлогоороо ажиллах хүчээ ингэж хамгаалж дэмждэг байна шүү дээ. Манайх Газрын тосны тухай хуулиа өөрчиллөө гэхэд асуудал байхгүй. Хуулиа дагаад бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөхөд Хятадууд эсэргүүцэж чадахгүй. Ганц “Петрочайна Дачин Тамсаг” биш бүхий л салбарын компаниуд дагаж мөрдөх хууль шүү дээ. Гэхдээ мэргэжлийн хүмүүс гэсэн ангилалд оператор, жолооч, тогооч биш мэргэжлийн үндэсний боловсон хүчнээ инженерүүдээ илүү түлхүү, удирдлагын төвшинд оруулах ёстой. Наад зах нь Монгол хүн өөрийн нутаг орондоо хүний сэтгэлээр хандахгүй.
Хэрэглээгээ дагаад газрын тосны үйлдвэрээ байгуулах нь дэлхийд тогтсон зүй тогтол
Мэргэжлийн үндэсний боловсон хүчнээ 80% гэсэн хуулийн заалтаар зохицууллаа гэж бодъё. Харин 76:24 гэсэн бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрхэн өөрчлөх вэ? Энэ гэрээ ашиггүй байна гэдгийг өнөөдөр дээр дооргүй ярьж байна. Ашигтай болгох ямар хувилбар байна вэ?
Бүтээгдэхүүн хуваах гэрээ ашиггүй байна гээд шууд өөрчилж болохгүйг би хэлсэн. Гэхдээ өртөг нөхөх тос дээр үзэхээр асуудал бий. Дэлхийн зах зээлийн хувьд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хоногийн олборлолт нь 50 мянган баррелиас дээш бол эзэн, олборлогч оронд ашигтай. Түүнээс доош бол гэрээлэгч компани их ашиг хүртэх боломжтой байдаг. Манай бүх нөөц нийлээд ч энэ хэмжээнд хүрэхгүйг Хятадууд сайн мэдэж байгаа.
Гэхдээ энэ гэрээг жил бүр дүгнэж байсан. Ашиггүйг нь мэдсэн ч үргэлжлүүлээд байсны учир нь юу бол?
Цаг сайхан үед жилийн гэрээгээ Бээжинд дүгнэдэг байсан. Засгийн газрын Төлөөлөгчийн мөнгийг гэрээлэгч тал даана гэж оруулсан байдаг. Тусгаар төр улс байж гэрээлэгчээр даалгана гэж юу гэсэн үг вэ? Орж байгаа мөнгөнөөсөө төлөөлөгчийнхөө зардлыг даах ёстой. Хүнээр даалгаад хийсэн хэлэлцээрт эн тэнцүү нөхцөл үүсэхгүй нь тодорхой. Бас сургалтын бонус гэж асар их мөнгө хий үрэгдсэн. Тэр мөнгөөр жолооч хүртэл гадагшаа сургалтад явлаа. Үс засах сургууль, англи хэлний курсэд ч явсан байх. Тэдний оронд манай хэдэн шавь нар, инженерүүдэд маань үүрэг даалгавар өгөөд явуулсан бол улс оронд илүү их хэрэгтэй байлаа. Миний судалгаагаар 140 хүн бэлдэхэд тэдгээрээс дөнгөж 14 хүн нь одоо зохих ажлын байрандаа ажиллаж байна. Сая Газрын тосны боловсруулах үйлдвэрээс Энэтхэгт хүн сургахаар боллоо. Зүгээр л шударга ажилла. Хэн нэгэн дарга даамлын ар тал хамаатан садан гэхээсээ илүүтэйгээр улсдаа хэрэгтэй газрын тосны инженерүүд суралцах нөхцөлийг одооноос бүрдүүлж өгөх ёстой. Энэ чинь л Монгол төрийн өөрийн үүрэг байх ёстой.
Зүүнбаянгийн газрын тосны үйлдвэр тухайн үедээ дотоодын газрын тосыг хэрэглэж байсан уу?
Зүүнбаянгийн үйлдвэрт 500мянган тонн дотоодын тос, Наушкаар дамжин Зүүнбаянд ирсэн 500 мянган тонн тосыг боловсруулсан байдаг. Түүгээр дизелийн түлш болон борогдуу бензин гаргаад говийн гурван аймгийн хэрэгцээг хангасан түүх бичээстэй бий. Зүүнбаянд 216 цооног хэт шигүү өрөмдсөн. Хэт шигүү өрөмдөхөд олон цооногоос бүр их гарна гэж тооцсон бололтой. Гэтэл энэ нь эсрэг үр дүнг гаргадаг аюултай. Гувшаа хурга гэдэг шиг гувшаа цооног үүсэн, олборлолт бүр багассан. Цагаан элсэнд 19 цооног өрөмдсөн. Доншены нөөц гэж 2 сая гаруй тонн нөөц бодогдсон. Жилдээ 50-60 мянган тонныг гаргахаар арван жилд 500-600мянган тонн гарна. “Доншен” компанийн дарга байсан Хан дарга надад “Манайд тос байхгүй ш дээ. Танай Засгийн Газар, тэр байтугай Си дарга шахсан ч би жилд 50 мянган тонн олборлодгоороо олборлоно. Их шахлаа гэхэд 60 мянган тонн л олборлох болно” гэж ярьж байсан.
Гэтэл Алтанширээгийн Газрын тос боловсруулах үйлдвэр жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Газрын тосоо одоо гаргаад байх биш дотооддоо нөөц бүрдүүлэх шаардлага тулгарч байгаа биш үү? Газрын тосыг үйлдвэр лүү хоолойгоор нийлүүлнэ. Гэтэл ашиглах ус, нийлүүлэх тос хоёр үйлдвэрт маань хэр ойр бол?
Үйлдвэрийн энэ байршлыг эрдэмтэн мэргэд та нар сонгосон уу?
Орос, Украины дайны энэ үед Орос түүхий тосоо гаргахгүй боллоо. Бензинээ гаргаж байна. Манай улсын хувьд энэ нөхцөлийг ашиглах ёстой. Бид ч бас газрын тосны хязгаарлагдмал нөөцтэй улс болохоор түүхий тосоо гаргахыг гаалийн хууль тогтоомждоо оруулж хориглох хэрэгтэй. Газрын тос, түүний бүтээгдэхүүнүүд стратегийн түүхий эд, бүтээгдэхүүн шүү дээ. Алтанширээгийн байршлыг сонгоход мэргэжлийн хүмүүсийн санал огт тусгагдаагүй. Анх говийн бүсэд газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ гэсэн тендер зарлаж байсан. Тэр үед Бор-Өндөр, Сайншанд, Чойрын нэг суманд байгуулахаар яригдаж байсан. Алтанширээ байгаагүй. Газрын тосны боловсруулах үйлдвэрийн байршил оновчгүй гэхэд болно. Газрын тосны боловсруулалтад хамгийн чухал усны ил задгай, хүрэлцээтэй, хямд өртөгтэй нөөц энэ газар байхгүй. Усгүй болохоор Алтан ширээ рүү мөн усны хоолой татахаар болж байна. Эрдэнэтийн хамгийн өндөр зардлыг баяжуулах үйлдвэрт Сэлэнгэ мөрнөөс ус шахах процесс эзэлдэг шүү дээ. Нөгөө талаар ганц үйлдвэрээр бүхнийг хангана гэдэг буруу. Үүнээс болж монополь үүснэ. Эрдэнэт үйлдвэр улс төрчдийн саалийн үнээ болдог шиг энэ үйлдвэрийг тийм ирээдүй хүлээх болно. Гэтэл Дорнодод Хэрлэн гол байна.
Галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Алтанширээгийн үйлдвэр байгуулагдах нь тодорхой байхад та дахин газрын тос боловсруулах үйлдвэр хэрэгтэй гэх юм?Эдийн засгийн ач холбогдол, давуу тал нь юу вэ?
Хэрэглээгээ дагаад газрын тосны үйлдвэрээ байгуулах нь дэлхийд тогтсон зүй тогтол. Монголын уул уурхай компаниуд Мардай, Шинь Шинь, Цайрт минерал, Цагаан суварга, Оюу толгой, Тавантолгой, цаад тал нь Нарийн сухайт, Гурвантэс хүрэх энэ хооронд л байна. Зүүнбаянд 2,7 сая тонн, Цагаан элст 3,5 сая тонн, Монгол Улс нийтдээ 6,2 сая тонн газрын тосны нөөцтэй гэж байсан, одоо бол 1 сая хүрэхгүй тонн түүхий тосны нөөц энэ талбайд үлдсэн.
Энгийн ухаанаар харж, инженерийн тооцоогоор сэтгэхэд Тос (түүхий эд-шингэн тос) нь (Матад-19 талбайд 21 сая, Тамсаг-21-д 22 сая, нийт 43 сая тонн ашиглалтын баталгаат нөөц 2010 онд тогтоогдсоноос ойролцоогоор 9 сая тонныг олборлож, БНХАУ-д экспортолж, 34 сая гаруй тонн нөөцтэй дээр саяхан Петроматад компаниас Матад-20 талбайд тогтоосон 5,3 сая тонн нөөцийг нэмбэл нийтдээ 40 шахам сая тонн түүхий эдийн нөөц бэлэн байна. ЭБМЗ-ийн гишүүн ЖЦ) Мяралзан урсах Хэрлэн голтой, Баянтүмэн-Эрээнцавын олон улсын төмөр замтай, автозамтай, эрчим хүчтэй, гурван улс хиллэдэг энэ бүс нутагт эх орны Зүүн Зүүн-өмнөд бүсийн уул уурхайн дизелийн түлшний асар их хэрэглээг хангах дизелийн түлшний дагнасан бүтээгдэхүүний үйлдвэрийг уламжлалт бус, цоо шинэ технологиор байгуулж ашиглаж яагаад болохгүй гэж санал болгомоор, зөвлөмж хэлмээр бодогддог. Ийм үйлдвэрийг нэн даруй байгуулах зайлшгүй шаардлага өнөөдөр бидэнд тулгараад байна.
Ярилцсан Танд баярлалаа!