Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн ханш 8280.5 ам.долларт (2022.06.24) хүрсэн нь өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойших хамгийн доод үнэ болж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард зэсийн ханш тус бирж дээр 10390 ам.доллар/тонн хүрч байсантай харьцуулахад энэ нь даруй 20%-иар буурсан үзүүлэлт юм. Ийнхүү ханш буурсан нь томоохон эдийн засагтай улс орнуудын төв банкууд инфляцын өсөлтийг хазаарлах үүднээс бодлогын хүүгээ чангаруулах бодлого баримтлах болсноос үүдэлтэй. Учир нь хөрөнгө оруулагчид цаашид эдийн засгийн эрчим буурч, түүхий эдийн эрэлт ч дагаад буурна гэж санаа зовниж байна.
Гэсэн ч зэсийн ханш даваа гаригийн байдлаар 8353 ам.доллар/тонн болж өнгөрсөн баасан гаригтай харьцуулахад 0.9%-иар өсчээ. Учир нь Хятадын эдийн засгийн эрчимжилт хөл хорио суларсан зургадугаар сараас сэргэх шинжтэй болж ирснийг хэвлэлүүд мэдээлжээ. Нэг талаас Хятадын байдал дэлхийн эдийн засагт бага зэрэг итгэл найдвар төрүүлж буй гэж хэлж болно. Гэвч барууны аж үйлдвэржсэн, томоохон орнуудын эдийн засгийн хүндрэлийг Хятадын өөдрөг төлөв бүрэн арилгаж чадах эсэх нь эргэлзээтэй гэж зарим шинжээч тайлбарлаж байна.
"BMO Capital Markets" байгууллагын үзэж буйгаар Хятадын металын эрэлт энэ оны эхний улиралд сул байсан нь цар тахлын тэг халдварын бодлого, үл хөдлөхийн салбарын удаашрал болон бусад хүчин зүйлтэй холбоотой байв. Гэхдээ тус улсын эдийн засгийн идэвхжил сулрах үзэгдлийн тухайд ёроолын түвшнийг ардаа үдсэн гэж үзжээ. Өөрөөр хэлбэл цаашид байдал аажмаар сайжрах хүлээлттэй байна. Гэсэн ч металын зах зээл 2008 оноос хойших хамгийн том (улирлын) бууралтын хэмнэлд орж болзошгүй хэвээр байгааг анхааруулжээ. Никель, хөнгөн цагаан, зэс, цагаан тугалга, хар тугалгын ханш Лондоны металын бирж дээр ихээхэн бууралттай байсан ч энэ долоо хоногоос бага зэрэг өсөх хандлагатай байна.
Тэргүүлэх зэс үйлдвэрлэгч Чилийн төрийн өмчийн олборлогч компани “Коделко” хэдийгээр ханш сүүлийн өдрүүдэд эрчимтэй буурсан ч зэсийн үнэ тогтвортой, бууралтгүй байх болно гэж үзэж байна. Учир нь зах зээлд богино хугацааны хүндрэл тохиож болзошгүй ч, суурь хүчин зүйлс болон зэсийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг авч үзвэл зэс олборлогчдод тун таатай төлөв гарч буй гэж компанийн зүгээс тайлбарлажээ.
Б.Төгс