Г.Идэрхангай
Өнгөрсөн оны намар УИХ-аар хэлэлцэхээр яригдаж байсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ойрд чимээгүй байна. Парламентын хаврын чуулганаар орох болов уу гэтэл бас л хойшлон намартай золгохоор болжээ. Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой гадна, дотныхон энэ хууль хэзээ батлагдах бол, хөрөнгө оруулах орчин нөхцлийг хэр бүрдүүлэх бол хэмээн чих тавьж буй. Зарим нь хөрөнгө оруулалт татъя гэж байгаа бол эхлээд энэ хуулийн төслөө олон нийтэд ил болгож, хэлэлцүүл гэдэг шаардлагыг ч хурал, зөвлөгөөн болгон дээр хэлэх болов.
Салбарын яамныхан “Бид хуулийн төсөл дээр нягт нямбай ажиллаж байгаа. Стратегийн ач холбогдол бүхий орд, АМНАТ, орон нутагтай холбоотой харилцааг сайжруулах тал дээр суурь судалгаа хийж байна” гэсэн хариултыг өгч байна. Ялангуяа “стратегийн орд” болон “стратегийн ашигт малтмал”, АМНАТ-ын асуудал дээр хуулийн төсөл боловсруулагчид нэг шийдэлд хүрчихвэл олон нийтийн хэлэлцүүлэгт оруулах боломжтой болно гэж үзжээ.
“Стратегийн чухал ашигт малтмал”
1997 оны Ашигт малтмалын тухай хуульд шинээр орж ирсэн онцлог заалт гэвэл ашигт малтмалыг “Стратегийн, ердийн тусгай” гэж гурав ангилсан. Өөрөөр хэлбэл, “стратегийн ашигт малтмал” гэдэг тодорхойлолт 2006 оноос өмнө тус хуульд байсан гэсэн үг. Харин өнөөдөр “critical mineral” буюу чухал ашигт малтмал дэлхийн уул уурхайн салбарт түлхүү яригдаж, Монгол Улс Ашигт малтмалын хуульдаа энэхүү нэр томъёог тусгахаар ажиллаж байна. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Өндөр технологийн болон дотоодын боловсруулах үйлдвэрлэлд хэрэглэгддэг, геополитикийн болон худалдааны бодлогоос шалтгаалан эрэлт, нийлүүлэлт нь эрсдэлд орж болзошгүй ашигт малтмал” хэмээн оруулжээ.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэсэн нэр томъёо бий бөгөөд шинэчилсэн найруулгад ч ямар нэгэн өөрчлөлтгүйгээр тусгагдаж. Гэхдээ УИХ-ын хэлэлцүүлгийн явцад үүнийг хэрхэн өөрчлөх нь одоогоор тодорхойгүй. УИХ-ын зарим гишүүдийн зүгээс “стратегийн орд” гэдэг томъёолол эрдэс баялгийн хуульд байх шаардлагагүй гэсэн байр сууриа хүчтэй хэлж байгаа. Сонирхолтой нь, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд стратегийн ач холбогдол бүхий ордыг ашигласан тохиолдолд төслийн 15%-ийг төр эзэмших зохицуулалтыг тусгажээ. Стратегийн орд дээрх төрийн хувь эзэмшил ямар шалтгаан, үр өгөөжийн тооцоогоор ингэж багасч байгааг одоогоор үндэслэлтэй, тодорхой тайлбарлахгүй байна. Хуулийн төсөл УИХ дээр очвол төрийн хувь эзэмшлийн асуудал нэлээд маргаан дагуулах байх. Одоогийн 34 хувиа хадгалаад явъя гэхээр төр өөрөө ямар их өр ширэнд орж, түүнээсээ элдэв аргаар арайхийж салж байгааг Оюутолгой төслийн жишээнээс харж болно.
Хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг хэрхэх вэ?
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд геологи, хайгуулын салбарт бодлогын ямар шинэ харилцааг бий болгох гэж буй нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байна. 1994 оны Ашигт малтмалын хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар, орд ашиглах тусгай зөвшөөрлийг тухайн ордыг ашиглах ТЭЗҮ-гээр тодорхойлсон хугацаагаар олгож, энэ хугацаа 30 жилээс илүүгүй байхаар зохицуулсан. Орд ашиглах тусгай зөвшөөрөл авснаас хойш 5 жилийн хугацаанд таваарын ямар нэгэн бүтээгдэхүүн гаргаж эхлээгүй бол тусгай зөвшөөрлийг товлосон хугацаанаас нь дуусгавар болгох хуулийн заалт үйлчилж байлаа.
1997 оны Ашигт малтмалын хуулийн тухайд хайгуулын тусгай зөвшөөрлийг “түрүүлж ирсэнд нь түрүүлж олгох” зарчмаар томъёолсон. Хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилээр олгож, 2 жилээр 2 удаа сунгаж, харин ашиглалтын тусгай зөвшөөрлийг 60 жилээр олгон, 40 жилээр 1 удаа сунгах боломжтой болсон билээ. Уг хуульд анх удаа хөрөнгө оруулагчдад таатай боломж олгож, анх удаа “Тогтвортой байдлын гэрээ” байгуулах нөхцлийг бүрдүүлж өгсөн. Энэхүү гэрээгээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эхний 5 жилд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт нь 2 сая ам.доллараас багагүй байвал 10 жил, 20 сая ам.доллараас багагүй байвал 15 жилийн хугацаатайгаар “Тогтвортой байдлын гэрээ” байгуулах боломжтой болдог байв.
Хууль хэрэгжсэн 9 жилийн хугацаанд 5 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд хамгийн либерал хууль гэгдэж байлаа. Гэсэн хэдий ч монголчууддаа ашигт малтмалын орд нээх, ашиглах өргөн боломж олгох зорилгоор тусгай зөвшөөрлийн гектар тутмын төлбөр, тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээний хөлсийг тухайн үеийн иргэдийнхээ орлогод нийцүүлээд багаар тогтоож өгсөн нь тусгай зөвшөөрлийг наймаалцах нөхцлийг бий болгосон сул талтай. Өнөөдөр төслийн хэмжээнд яригдаж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгохдоо ордын нөөцөд тулгуурлан хоёр удаа сунгах заалтыг суулгаж өгөөд байна.
Түүнчлэн гурван чухал агуулга хуулийн төсөлд оржээ. Нэгдүгээрт, ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаас өмнө тухайн хайгуулын талбайд хийсэн нөөц, хайгуулын ажлын үр дүн, ТЭЗҮ-ийг батлуулсан байх шаардлага тавих болжээ. Хоёрдугаарт, уурхайн хаалтын төлөвлөгөө, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг батлуулсан байхыг шаардах аж. Гуравдугаарт, тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчээс санхүүгийн баталгааг гаргуулж байж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно гэдгийг хуулийн төслийг боловсруулж байгаа мэргэжилтнүүд хэлж байна.
Юутай ч Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрлийн Сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Засгийн газраас салбарын яаманд өгсөн. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтийн хэлэлцүүлэгт оруулах, Засгийн газарт өргөн барих, УИХ-ын байнгын хороод, нэгдсэн чуулган гээд ирэх намаржин их ажил болох тул зогсонги байдалд орсон хайгуулын салбараа эрчимжүүлэхээр сонгон шалгаруулалтын журмыг шинэчилж, цахимаар тусгай зөвшөөрөл олгох ажлыг цаг хугацаа алдалгүй эхлүүлжээ.
Үндэсний Геологийн Алба, Ашигт малтмал, газрын тосны газраас бэлтгэсэн 3.1 сая га талбайд 400 хүртэлх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар 30 хоногийн дотор олгоно. Хэдийгээр цахимаар ийм тооны тусгай зөвшөөрлийг олгох ч сонгон шалгаруулалтын хугацаа хэтэрхий богино, уртасгах шаардлагатай гэдгийг аж ахуйн нэгжүүд хэлж байгаа. Иймд хайгуулын салбараа эрчимжүүлье, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлөөр хангахын тулд яалт ч үгүй Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг маш сайн, дахин дахин гар дүрэхгүйгээр боловсруулах ёстой.
Хөрөнгө оруулагчдад гол эрх зүйн гол баталгаа болж очих баримт бичиг, дагаж мөрдөх хууль бол Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга болно. Тухайн хуулийн 50-аас дээш хувь нь өөрчлөгдөж байж шинэчилсэн найруулга болдог. Тэгэхээр одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль цоо шинэ дүр төрхтэйгээр гарч ирнэ гэсэн үг. Гурван хэсэг, 21 бүлэг, 104 зүйлтэй “малгай хууль” салбарын цаашдын хөгжил, хөрөнгө оруулагчдын хувь заяаг шийдвэрлэх нь гарцаагүй юм.