Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн эрдэс түүхий эдийн ханшийн өнөөгийн өсөлтийг ашиглах, ханш буурах эрсдлийг багасгах шийдлүүдийн нэг Таваарын Хэджинг (hedging) үйлчилгээг дотоодын эрдэс баялгийн салбарт анхлан нэвтрүүлж буй “Блюскай Секьюритиз ҮЦК” хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал У.Анартай ярилцлаа.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, энэ удаа бодлогын хүүг нэмэх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн талаар Та ямар байр суурьтай байна вэ?
Эдийн засаг, банк, санхүүгийн орчин дахь өнөөгийн байдал, гадаад зах зээл дэх эрсдэлийг бууруулах үүднээс Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 10%-д хүргэх шийдвэр гарлаа. Тус хороо мөнгөний бодлогын талаар шат дараатай арга хэмжээ авч ирсэн. Инфляцыг тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрт байдлыг хадгалах, төгрөгийг чангатгах зорилгоор энэ удаа бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргасан гэж ойлгож байна. Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн сунжирч дэлхийн газар нутгийн геополитикийн асуудлууд дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж эхэллээ. Манай орны хувьд зах зээл дэх түүхий эдийн ханшийн өсөлттэй холбоотой импорт нэмэгдэж, БНХАУ-ын талаас тавьж буй хилийн хориг хязгаарлалтаас боомтын байнгын үйл ажиллагаа зогсож, нүүрсний экспорт тасалдан улмаар төлбөрийн тэнцэл алдагдаж байна.
Мөн энэхүү шийдвэр нь арилжааны банк болон ББСБ-уудын иргэд, аж ахуйн нэгжид олгох зээлийг бууруулж улмаар эдийн засгийн идэвхжлийг огцом сулруулж байна. Нөгөө талаас нийлүүлэлтийн гаралтай инфляц нь эдийн засагт томоохон дарамт үзүүлэх болсон. Сүүлийн саруудад импортын бараа, бүтээгдэхүүний үнэ мэдэгдэхүйц өссөн нь дотоодын хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэхэд шууд нөлөөлж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө энэ оныг дуустал үргэлжлэх нь тодорхой болсон. Ер нь цаг үеийн энэхүү нөхцөл байдал бидэнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон түлш шатахууныг дотооддоо үйлдвэрлэдэг болох зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Удаа дараагийн хилийн хязгаарлалтаас үүдэн нүүрс, газрын тосны экспорт эхний улиралд тодорхой хэмжээгээр багасч улмаар оны төгсгөлд зорилтод түвшинг хангаж чадахгүйд хүрч болох юм.
Олон улсын түүхий эдийн зах зээлийн савалгаа, ханшийн хэлбэлзлийн нөлөөгөөр манай улсын эдийн засаг тун эмзэг байна. Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлэх орлогод нүүрсний экспорт голлох үүрэгтэй. Эхний хагас жилийн байдлаар 7,445 мянган тонн нүүрс экспортод гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 20 гаруй хувиар буурсан үзүүлэлт байсан.
Тиймээс уул уурхайн салбар, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад тулгарч болзошгүй эрсдлийг бууруулах, хамгаалахад санхүүгийн хэджинг шийдэл илүү тохиромжтой цаг үе гэж харж байна. Гэхдээ тус салбарт үүсмэл санхүүгийн фьючерс болон опцион бүтээгдхүүн ашиглан хэджинг хийх талаарх ойлголт, мэдээлэл тун бага байна. Олон улсын зах зээл дээрх санхүүгийн хэрэгслүүдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, эдгээр шийдлүүдийг оновчтой ашиглах цаг болсон гэж харж байна.
Эрдсийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлийг зохицуулах, ашигт ажиллагааг тогтмол хангах ямар аргууд байна вэ? Хэджинг үйлчилгээний ач холбогдол юу вэ?
Дэлхий нийтийн чиг хандлага, нийгэм, эдийн засагт гарч буй өөрчлөлт, байгаль, цаг уурын тааварлашгүй гамшигт үзэгдэл зэргээс шалтгаалж түүхий эдийн зах зээл дээр ханш маш их хэлбэлзэж байна. Иймд улс орон, үндэсний компаниуд энэхүү эрсдлийг баялгийн сан байгуулах замаар эсхүл хэджингийн гэрээгээр (таваарын үүсмэл гэрээ) зохицуулдаг. Уул уурхайн үйлдвэрлэгч, экспортлогч болон импортлогч улс орнууд тэр дундаа Чилийн нийгэм, эдийн засгийн тогтворжуулалтын сан (өмнө нь зэсийн үнийн тогтворжуулалтын сан нэртэй байсан), Норвегийн баялгийн сан нь зээлийн хүү, гадаад валютын ханш, түүхий эдийн ханшийн эрсдлийг хэджинг ашиглан амжилттай бууруулж байна. Олон улсын түүхий эд, таваарын зах дээрх ханшийн эрсдлийг аливаа даатгалын компани дангаараа хаах боломжгүй. Тэгвэл хэджинг гэдэг нь түүхий эдийн ханшийг их/бага үед нь “түгжиж”, ирээдүйд үнэ буурсан/өссөн ч “түгжсэн” тухайн үеийнх нь ханшаар нийлүүлж, эрсдлээс хамгаалах шийдэл юм.
Гадаад худалдаа, түүхий эдийн ханшийг зохицуулах таваарын (Фьючерс) гэрээний онцлог болон давуу талыг тодруулна уу?
Фьючерс буюу англиар ирээдүй гэсэн утгыг анзаарсан байх. Нүүрс, төмрийн хүдэр, алт, зэс гэх мэт аливаа түүхий эдийг урьдчилж “түгжсэн” үнээр нь ирээдүйд нийлүүлэх үүрэг бүхий гэрээ юм. Ханш ирээдүйд хэрхэн өөрчлөгдөхийг хэн ч урьдчилан таамаглаж чаддаггүй. Өнөөдөр үнэ өслөө ч тодорхой хугацааны дараа буурдаг. Тэгэхээр ханш өндөр үед фьючерс гэрээ байгуулснаар тодорхой хугацаа өнгөрсөн ч гэрээнд заасан үнээрээ л түүхий эдээ нийлүүлэх боломж үүсдэг. Жишээ нь, олборлолт хийж байх үед түүхий эдийн ханш өссөн байвал фьючерс гэрээгээр өндөр үнийг “түгжинэ”. Хэсэг хугацааны дараа түүхий эдээ экспортлох үеийн буурсан ханшийг хямд үнээр бүтээгдэхүүнээ худалдсан ч үнийн зөрүү буюу алдагдлаа фьючерс гэрээгээр нөхөх ач холбогдолтой. Үүнтэй адил худалдан авагч тал фьючерс гэрээгээр түүхий эдийн хямд үнийг “түгжиж”, ирээдүйд үнэ өссөн ч гэрээнд тусгасан үнээр бараагаа авна.
Фьючерс гэрээ нь хоёр давуу талтай. Нэгд, гэрээнд тусгагдсан үнээр ирээдүйд талууд бараагаа солилцох боломжтой. Хоёрт, гэрээний заасан хугацаанд багтаж бусдад эрхээ шилжүүлж болдог. Өөрөөр хэлбэл, ханш өндөр эсхүл доод үнэ дээр барааг нийлүүлж, мөн худалдан авалт хийлгүй “цоожилж” болно. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээний гол онцлог бол гэрээний үүргээ хариуцлагатай биелүүлэх, мөн бирж оролцогч талуудаас шаардлагатай барьцааг (маржин) авдаг.
Түүхий эдийн зах зээл дэх нүүрс, төмрийн хүдэр, зэсийн одоогийн үнийг “түгжих” боломжтой үе гэж Та харж байна уу?
Түүхий эдийн ханш тодорхой мөчлөгтэй хэлбэлздэг. Биднийг ярилцаж буй энэ үед голлох түүхий эдүүдийн ханш дэлхийн зах зээл дээр өсөлттэй байна.
Одоо гадаад зах зээл дээр нүүрс, төмрийн хүдэр, зэсийн үнэ өндөр байгаа энэ үед хэджингийн гэрээ байгуулах хамгийн тохиромжтой цаг үе гэж харж байна. Тодорхой жишээ татахад, “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн тавдугаар сард зэсийн ханшийг тонн тутамд 10200 ам.доллар хүрэхэд нь “түгжсэн” бол одоо ханш 9370 ам.доллар болж буурах үед ханшийн алдагдлыг бууруулж, борлуулалтын орлогоо өндөр байлгаж болох байсан. Өнгөрсөн 2020 оны аравдугаар сард зэсийн үнэ 6614 ам.доллар байсан. Тэгэхээр бид энэ өсөлтийг бодит өгөөж болгох хэрэгтэй.
Хэджинг нь хөшүүрэг ашигладаг учраас бага мөнгөөр их эрсдлийг хаадаг. Дэлхийн түүхий эдийн бирж дээрх аль нэг бүтээгдэхүүний гэрээг худалдан авч, үнэ өсөх эсхүл буурах үед гэрээний ашгаар алдагдлаа бууруулна. Нарийн түвэгтэй мэт боловч санхүүгийн маш том эрсдлээс хамгаалах зохицуулалт юм. Иймээс хэджингийн үйлчилгээг санхүүгийн мэргэжлийн, албан ёсны зөвшөөрөлтэй, хөрөнгийн зах зээлд тогтмол үйл ажиллагаа явуулсан туршлагатай байгууллага гүйцэтгэдэг.
Дэд бүтэц сул басхүү геополитикийн нөхцөл байдал хүндэрсэн, тээвэр ложистикийн зогсонги байдал, хилийн хязгаарлалтын улмаас манай улс эрдсийн экспортын боломжоо алдаж буйг эрдсийн шинжээчид сануулсаар байна. Үүнээс сэргийлж хэджинг ашиглах боломж хэр байна вэ?
Манай улс хангалттай нүүрс олборлож байгаа ч БНХАУ-ын талаас тавьж буй хилийн хоригоос шалтгаалж экспортолж чадахгүй байна. Ийм нөхцөлд нүүрсний одоогийн өндөр ханшийг хэджилж, уг “түгжсэн” өндөр үнээр нүүрсээ хил гаалийн нөхцөл сайжрах үед экспортолж болно шүү дээ. Одоо Сингапурын түүхий эдийн бирж дээр коксжих нүүрс 385 ам.доллар/тонн үнэтэй байна. Ийм өндөр ханшийг ашиглаж чадахгүй бол дараа нь алдагдсан боломжийн талаар хэчнээн яриад ч нөхөж чадахгүй.
2010 онд уул уурхайн супер цикл тохиож, ердөө жил гаруйхны дараа дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш унасан. Дагаад манай улсын эдийн засаг ч хямарсныг санаж байгаа байх. Хэрэв нүүрсний ханш үргэлжлээд өссөн тохиолдолд бид ирээдүйд нүүрсээ нийлүүлээд ашгаа аваад байж болно. Харин ирээдүйд унаж эхэлбэл бид яах вэ гэдэг том асуулт гарч байна. Өнөөдөр манай улсад тулгамдаж байгаа шатахууны үнэ, газрын тосны бүтээгдэхүүн дээр хэджинг хийх боломжтой байсан. Одоо ч дотоодын компаниуд хамтран нефтийн ханшийг хэджлэн жижиглэнгийн үнийг тогтвортой барих боломжтой.
Манай уул уурхайн салбарт өмнө нь хэджинг ашиглаагүй нь энэ талаарх ойлголт дутмаг, мэргэжлийн зөвлөх компани дотоодод байхгүйтэй холбоотой болов уу. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?
Санхүүгийн нарийн түвэгтэй энэхүү хэрэгслийг манай улс бүрэн судалж амжаагүйтэй холбоотой. Санхүүгийн мэргэжлийн байгууллагууд ч фьючерс, опцион гэрээг хэрхэн ашиглах талаар бүрэн дүүрэн ойлголтгүй байна. Ер нь Монголд бүгд л хэджингийн үйлчилгээг онолын хувьд мэддэг боловч огт хэрэгжихгүй байна. Нөгөөтэйгүүр, манай улсад түүхий эдийн үүсмэл зах зээл байхгүй байна. Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр форвард, фьючерс, опцион гэх мэт нэг ч үүсмэл гэрээ байдаггүй. Зөвхөн Хөдөө аж ахуйн бирж дээр форвард гэрээг ашиглаж эхэлж байна. Монголд санхүүгийн салбар нь ийм үйлчилгээг нэвтрүүлж чадаагүй байхад уул уурхайнхан бүр ч хол байх нь аргагүй. Хэджинг үйлчилгээг хэнтэй хийх, хэнээс зөвлөгөө авах, гэрээнд тусгах зүйл заалтыг зөвлөх компанийн санхүүгийн шинжээч, мэргэжилтнүүдийн оролцоотой нарийвчлан хийж чадвал хэджингийн гэрээ амжилттай баталгааждаг. Эс бөгөөс гарах үр дагавар, эрсдэл асар өндөр. Иймд хэджингийн үйлчилгээ үзүүлж буй институци нь мэргэжлийн, туршлагатай, олон улсад баталгаажсан дэд бүтэцтэй, хариуцлага хүлээх чадамжтай компани байхыг шаарддаг.
Олон улсын үүсмэл биржийн өнөөгийн чиг хандлага, хөгжлийн явцаас сонирхуулбал?
Энэ оны эхний хагас жилийн байдлаар, дэлхийн таваарын 197 бирж байна. Эргэлтийн хөрөнгийн хэмжээ болон нийт гэрээний дүнгээр хэджингийн зах зээл нь дэлхийд валютын зах зээлийн дараа орж буй. Ийм том зах зээлийн худалдаа, арилжаа, хөрөнгийн урсгалд Монголын уул уурхай гэлтгүй бусад салбарын аж ахуйн нэгж, компаниудыг оролцох боломжийг бид олгож байна.
Таваарын зах дээр уул уурхайгаас гадна газар тариалан, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн (элсэн чихэр, цагаан будаа, кофе) зэрэг бүтээгдэхүүнийг арилжаалдаг. Энэ зах дээр зөвхөн түүхий эд гэлтгүй валютын ханш, ус, цаг агаарыг ч арилжаалж болдог. Уул уурхайн олборлогч, метал үйлдвэрлэгч томоохон компаниудаас “Рио Тинто” группээс авахуулаад “Coca Colа”, “Starbucks” зэрэг дэлхийн сүлжээ групп оролцож байна. Тухайлбал, Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” нь хүүгийн, валютын, түүхий эдийн эрсдлүүдээ 1-5 жилийн хугацаатай хэд хэдэн таваарын үүсмэл гэрээгээр хэджилж байна. “Starbucks” гэхэд кофены жижиглэнгийн үнийг тогтмол барьдаг нь хэджинг үйлчилгээг оновчтой ашиглаж буй хэрэг юм. Тэгэхээр хэджинг нь энгийн иргэд, хэрэглэгчдэд ч ашиг тустай үйлчилгээ юм. Нийгмийн хариуцлага талаасаа ч чухал санхүүгийн үйл ажиллагаа гэж тодорхойлмоор байна.
Хөрөнгө, санхүүгийн зах зээл дээр хэрэгжүүлж буй бусад үйлчилгээнийхээ талаар тодруулна уу?
“Блюскай секьюритиз ҮЦК” ХК Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компани бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны хяналт дор брокер, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гадаадын олон бирж, хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажиллаж байна.
“Блюскай секьюритиз ҮЦК” ХК нь доорх үйлчилгээг харилцагчдад хүргэж байна. Үүнд:
- Хэджинг үйлчилгээний танилцуулга, сургалт,
- Дериватив, үүсмэл бүтээгдэхүүний брокерын үйлчилгээ (АНУ, Англи, Хонконг, БНХАУ-ын таваарын 12 бирж дээр опцион, фьючерс гэрээг арилжаалах) ,
- Алт, зэс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүнийг БНХАУ-ын таваарын биржүүдэд (Dalian commodity exchange, Zhengzhou commodity exchange, Shanghai international energy exchange) биетээр нийлүүлэх,
- Хэджингийн зөвлөх үйлчилгээ (Зах зээлийн талаар тогтмол мэдээлэл /үүсмэл гэрээний позиц нээх, позицоос гарах хугацаа/, Хэджингийн гэрээ болон суурилж буй бүтээгдэхүүний exposure харьцаа, хэджинг эрсдлийн загварчлал, Үечилсэн /богино, дунд, урт хугацаат/ хэджинг стратегийг гэрээний суурилж буй бүтээгдэхүүн болон харилцагчийн эрсдлийн хязгаар дотор боловсруулж өгөх)
- Дотоодын үнэт цаасны брокерын үйлчилгээ зэргийг дурдаж болно.
“Блюскай Секьюритиз ҮЦК” ХК нь дотоодын үнэт цаасны анхдагч компанийн хувьд 2022 онд Английн санхүүгийн институттэй хамтран маржин арилжааны брокерын үйлчилгээг нэвтрүүлж байна. Цаашдаа ч санхүүгийн шинэлэг хэрэгслүүдийг Монголын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлж, улмаар анхдагч төдийгүй найдвартай зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой.
Ярилцсанд баярлалаа.