Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021 оны арваннэгдүгээр сарын 29-нд өргөн мэдүүлсэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг (2022.07.04) хэлэлцлээ.
Төслийн талаар Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулав. Монгол Улс өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100% гаднаас импортоор хангаж байгаа бөгөөд дотоодод борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, валютын ханш, ОХУ болон бусад орноос нийлүүлж буй бүтээгдэхүүний импортын үнээс шууд хамааралтай байдаг. Манай улсад агаарын хөлгийн түлшний үнэ бусад оронтой харьцуулахад дунджаар 28.8%-иар илүү үнэтэй байгаагаас шалтгаалж дотоодын иргэний агаарын тээвэрлэгчид нийт түлшний хэрэглээний 43%-ийг дотоодод, 57%-ийг гадаад улсад сумладаг бөгөөд гадаад улсын агаарын тээвэрлэгч компаниуд өөрийн онгоцоо зайлшгүй тохиолдолд л манай улсад сумлаж байна. Түүнчлэн “Агаарын тээврийн либералчлал, иргэний нисэхийн салбарын шинэчлэлийн зөвлөгөөн”-өөс гаргасан зөвлөмжид “Аялал жуулчлалын чиглэлээр улирал харгалзахгүйгээр жуулчдын урсгалыг тогтвортой өсгөх, агаарын тээврийн компанийн хуваарьт нислэгийн үйл ажиллагаатай уялдаатай төлөвлөж, аялал жуулчлалын захиалгат нислэгийн зохицуулалтыг өргөжүүлнэ” гэж тусгагдсан. Үүнтэй холбоотойгоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны түлшний хэрэглээ цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байгааг танилцуулгадаа онцлов.
Мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын төсөлтэй холбогдуулан Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 08-ны “Шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” арвандөрөвдүгээр тогтоолын нэг дэх хэсэгт “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг өргөжүүлж, шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх зорилгоор охин компани байгуулах арга хэмжээ авах, агаарын хөлгийн түлш нийлүүлэх, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн гадаадын хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийх ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгасан. Тус тогтоолын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А/81 тушаалаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, охин компани болох “Эрчис ойл” ТӨХХК-ийг байгуулсан.
“Эрчис ойл” ТӨХХК нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны түлшний хангамжийн үйл ажиллагааг эрхлэх, бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн гадаадын хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийх ажлыг зохион байгуулах явцад ОХУ-ын “Роснефть” НХН-иас өөрийн охин компани болох “РН-Аэро” компаниар дамжуулан хамтран ажиллах санал ирүүлсэн. Улмаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг эрхлэх хамтарсан компани байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг талууд хэлэлцэн тохирч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Роснефть компанийн ерөнхий захирал нар 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Москва хотноо харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан гэв.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно.” гэж заасан. Хуулийн энэхүү заалт нь “Эрчис Ойл” ТӨХХК нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн түлшний хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг гадаадын нийлүүлэгч, хөрөнгө оруулагч талтай хамтран хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байгаа юм. Иймд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг өргөжүүлэх, манай улсад агаарын тээвэрлэлт хийж буй дотоод, гадаадын агаарын хөлөг болон дайран өнгөрч буй агаарын хөлгүүдийг өрсөлдөхүйц үнэтэй шатахуунаар цэнэглэх үйл ажиллагааг дэмжих хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг төслийн танилцуулгад дурджээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нар асуулт асууж, саналаа илэрхийлсний дараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Ингээд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.