Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Нүүрсний экспорт зургадугаар сард 2.36 сая тоннд хүрч, 261%-иар өсөв

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний хагасын байдлаар 9.26 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 25.6%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Гадаад худалдааны тэнцэл энэ хугацаанд 1.36 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Ийнхүү гадаад худалдааны ашиг өнгөрсөн оны мөн үеийнхээс 60%-иар өндөр дүнтэйгээр илэрхийлэгдэж байна.

Оны эхний хагаст экспорт 5.31 тэрбум орчим ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 29.1%-иар, импорт 3.95 тэрбум орчим ам.доллартай тэнцсэн нь 21.1%-иар тус тус өсчээ.

Мөн хугацаанд улсын нийт экспортын 87.2%-ийг нүүрс, зэсийн баяжмал, алт, төмрийн хүдрийн худалдаа бүрдүүлсэн байна.

Нүүрсний экспорт оны эхний хагаст 8.08 сая тоннд хүрч, орлогын дүн нь 2.35 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад жингээр 13%-иар буурсан бол үнийн дүнгээр даруй 131%-иар өссөнийг илтгэнэ. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн зургадугаар сард нүүрсний экспортын биет жин 2.36 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 261%, өмнөх тавдугаар сарынхаас 22%-иар тус тус дээшилжээ. Өнгөрсөн зургадугаар сард нүүрсний экспорт 2021 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд очлоо.  

Эх сурвалж: ГЕГ, ҮСХ

Зэсийн баяжмалын экспортын тухайд оны эхний хагаст 1.6 тэрбум орчим ам.доллартай тэнцсэн нь эрдсийн экспорт дундаа орлогын дүнгээр хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. Харин биет хэмжээгээр 747.8 мянган тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 21.6%-иар нэмэгджээ.

Алтны тухайд оны эхний хагаст экспорт 8.6 орчим тоннд хүрч 514 сая ам.долларын орлого оруулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 130 гаруй хувиар өссөн байна.

Төмрийн хүдрийн экспорт оны эхний хагаст биет жингээр 60 орчим хувиар буурч 1.75 сая тоннд хүрсэн бол орлогын дүнгээр 70 орчим хувиар доошилж 173.9 сая ам.доллартай тэнцжээ.

Бусад эрсдийн тухайд цайрын баяжмал, молибденийн баяжмал, гянтболдын экспортын орлогын дүн өсөлттэй байгаа бол жонш, хар тугалганы баяжмал, тунгаасан зэс, нефтийн экспортын үнийн дүн бууралттай гарлаа. Гэхдээ он гарсаар зогсонги байсан газрын тосны экспорт зургадугаар сарын эцсийн байдлаар 114 мянган баррель тос гадагш нь нийлүүлж 12.3 сая ам.долларын орлого олсон дүнтэйгээр тэмдэглэгджээ. 

Эх сурвалж: ГЕГ

 

 

Б.Төгс