“Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай харшилж байна” хэмээн Үндсэн хуулийн цэц үзэж, уг заалтыг цэцийн Их суудлын хуралдаан (08.15) хүчингүй болгосон шийдвэрийг парламент (08.25) дэмжсэн билээ.
Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн барьж, танхимдаа дахин халаа, сэлгээ хийхээр болсон юм. Үндэсний эв нэгдэл, геополитикийн байдал, эдийн засгийн нөхцөл, коронавируст халдварын байдал, Шинэ сэргэлтийн бодлогыг харгалзаж Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийнэ гэж тэрээр мэдэгдсэн. Энэ удаад Засгийн газрын танхимын 50% нь шинэчлэгдэж байна.
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Засгийн газрын одоо байгаа гишүүдээс найман сайдыг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн найман сайдыг томилох санал оруулсан.
Мөн Засгийн газрын өдөр тутмын ажлыг хурдан шуурхай болгох, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор яамгүй, асуудал эрхэлсэн хоёр сайдыг гаргахаар намын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй. Тиймээс намын УЗ-ийн гишүүд Ерөнхий сайдын саналыг дэмжлээ.
ЗГХЭГ-ын дарга бөгөөд сайдаар-Д.Амарбаясгалан
Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар
УУХҮ-ийн сайдаар-Ж.Ганбаатар
Эрчим хүчний сайдаар- Б.Чойжилсүрэн
ХНХ-ын сайдаар- Д.Сарангэрэл
ЗТХ-ийн сайдаар Д.Бямбацогт
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар-Н.Учрал
ХХААХҮ-ийн сайд-Х.Болорчулуун
Яамгүй буюу асуудал эрхэлсэн сайд:
Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар-Ж.Сүхбаатар
Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайдаар–Б.Бат-Эрдэнэ нарын нэрийг Удирдах зөвлөлийн хурлаар дэмжсэн.Нэр нь гараагүй бусад сайдууд албан тушаалдаа хэвээр үлдсэн байна.
Ж.Мөнхцэцэг