Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэн хоёр дахь өдрөө Шангри –Ла зочид буудалд үргэлжилж байна.
Өнөөдөр үргэлжилж байгаа чуулга уулзалт зам тээвэр болоод эрчим хүчний нүүрс, орон нутгийн хамтын ойлголцлыг онцлох юм. “ Нүүрс экспортлогч компаниудаа зам тээврийн бодлогоор дэмжих нь” хэсэгт Хятадын нүүрс тээвэр түгээлтийн холбооны ерөнхийлөгч Ян Сианфенг болон Шиамень Сянью ХХКийн ерөнхий менежерийн орлогч Жан Жунтиан “Хятад Монголын хил дамнасан нүүрс тээвэрлэлтийн хэтийн төлөв” илтгэлээ цахимаар танилцууллаа.
Манай улс он гарснаас хойш өдгөө хүртэл 14 сая гаруй тонн нүүрс экспортолсон. 36 сая тонн гэж төлөвлөсөн өөдрөг мөрөөдлөө төсвийн тодотголоор 18 сая тонн болгосон түүхтэй. Зам тээврийн асуудлыг шийдэхэд төрөөс дэмжлэг үзүүлж чадвал энэ тоо 20 саяд хүрэх боломж бийг нүүрсний салбарынхан онцолдог. Төмөр зам ачих терминалын том гүйцэтгэлээсээ өмнө нэгэнт хийгээд бэлэн болгосон зүйлээ хурдан ажиллуулж ашиглах хэрэгтэй байгааг ч тэд учирладаг. Гашуунсухайт, Шивээ хүрэн дээр терминал байгуулсан ч Гашуунсухайт дээр хүчин чадлынх нь багахан хэсгийг ашиглаж, Шивээ хүрэн дээр огт ашиглаагүй байгаа гэнэ. Бодлого баригчид Хятадын талтай гэрээ хэлэлцээр хийснээр урагшлах учиртай энэ мэт ажлаа цаг алдалгүй хийхийг уул уурхайн салбарынхан хүсэж байна. Тэгж гэмээ нь бид эрчим хүчний нүүрс дэлхийн дахинд эрэлт хэрэгцээтэй байгаа энэ цаг үеийг ашиглан эдийн засгаа өөд нь татах боломж бүрдэнэ. Чуулганаас эрчим хүчний нүүрсний экспортын потенциал, эрчим хүчний төслүүдийг онцолжээ. Эхний илтгэл болох “Эрчим хүчний нүүрсний ирээдүй, сорилт ба боломж”- ийг DMT группийн төсөл, борлуулалт хариуцсан инженер Т. Маргад, “Монгол улсын эрчим хүчний нүүрсний нөөц ба экспортын потенциал”илтгэлийг АМГТГ-ын Уул уурхайн хэлтсийн дарга М. Мэндбаяр, “Эрчим хүчний нүүрс дараагийн тэрбум ам долларын салбар мөн үү”илтгэлийг Биг Могул фанд ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батмөнх нар тавьсан.
Уул уурхайн хөгжилд тээг болдог бас нэг зүйл нь орон нутгийнхантай ойлголцох асуудал . Нэг хэсэг нь уул уурхай байгаль сүйтгэнэ огтоос хэрэггүй гэж эсэргүүцэж байхад нөгөө нь уул уурхайг мөнгө хэмээн харж үйл ажиллагаагаа эхлээгүй байхад нь хориг саад тавин мөнгө нэхэх хандлага түгээмэл болсон. Орон нутагтайгаа ойлголцож, ажлаа явуулах болохоор “Coal Mongolia-2022” чуулганы төгсгөлийн хэсэгт “Нүүрсний компаниудын орон нутгийн хамтын ажиллагаа ба хариуцлагатай уул уурхай” сэдвийг онцолжээ. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Б. Түвшинтөгс “Уул уурхайн салбарын орон нутгийн өрхийн амьжиргаанд үзүүлэх нөлөө”, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Хариуцлагатай уул уурхай” илтгэлийг тус тус тавих юм. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл оролцон “Орон нутаг- Хувийн хэвшлийн түншлэл, тулгамдаж буй асуудал, гарц боломж” сэдвээр ярилцан хэлэлцүүлэг өрнөх юм байна.
Ж. Мөнхцэцэг