Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлт одоо Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг ёслолын ажиллагааг нээж үг хэлэхдээ:
Уурхайчид, баялаг бүтээгчид болон эрхэм хүндэт зочид оо !
Та бүхэнд энэхүү түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлж байна. Аливаа улс орны төдийгүй хүн төрөлхтний хөгжил дэвшлийн түүхэнд авто зам, төмөр зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт асар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд Монгол улс 21 аймаг, 110 сум суурин газрыг улсынхаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар бүрэн холбож чадсан нь багагүй том амжилт байлаа. Өнөөдөр манай улсын экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж та бид хамтдаа энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа төрийн тэргүүн улсын ерөнхийлөгч би туйлын их баяртай байна.
Монгол улс тэртээх 1955 онд хуучнаар ЗХУ-ын инженер техникийн ажилтнуудын тусламжтайгаар хойд, урд хилээ холбосон 1111км төмөр замыг барьж байгуулан ашиглалтад оруулж байсан бол ийнхүү дал шахам жилийн дараа монгол инженер, монгол залуусын ур ухаан, хүч хөдөлмөрөөр дэлхийн стандартад нийцсэн 240 км төмөр замыг бүтээн байгуулж, ашиглалтад оруулж чадлаа. Энэхүү төмөр зам нь хоёр өртөө зургаан зөрлөг бүхий автомат хориглолттой, уулзваргүй жилд 50 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай хөгжлийн хурдасгуур болсон, анхны нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын цогц бүтээн байгуулалт гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна. Цар тахал олон улсын геополитикийн хувьд хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд байсан боловч монгол залуус, баялаг бүтээгчид маань энэхүү түүхэн бүтээн байгуулалтыг товлосон цаг хугацаанд нь амжилттай ашиглалтад оруулж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс та бүхэндээ гүн талархал илэрхийлж, халуун баяр хүргэе. Мөн энэхүү бүтээн байгуулалт нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, зөв менежмент, оновчтой бодлого, хариуцлагатай байдал ямар чухал болохыг тод харуулсан үйл явдал юм. Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн энэхүү ган зам Монгол улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас байх болно” гэж онцоллоо.
Уг төмөр зам Монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн буюу хүнд даацын төмөр зам гэдгээрээ онцлогтой. Мөн төмөр замын голын даац 25 тонн, 1,520 мм-ийн царигтай, шилжүүлэн ачих болон ачилтын тус бүр нэг терминалтай юм байна. Улсын комисс “Ачаатай галт тэрэг Гашуунсухайт боомтод хүрэхдээ 80 км цагийн хурдтай, буцахдаа 100 км цагийн хурд авч болно гэсэн дүгнэлт хийжээ.
Хоёр өртөө, зургаан зөрлөг бүхий уг төмөр замаар жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэн, улсын төсөвт жилд дунджаар 44 сая ам.долларын татвар төвлөрүүлэх урьдчилсан тооцоололтой байна. Энэ замыг ашиглах хугацаа нь 100 жил гэж төмөр замын инженер техникийн ажилтнууд онцолж байлаа.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал Энэ бүтээн байгуулалтад оролцсон монгол залуусаараа бахархаж байна. Засгийн газар долоодугаар сард хамгийн гол шийдвэрээ гаргаж, хөрөнгө оруулалтыг шийдсэн. Гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл”-ийг сонгосон. Манай төсөл дээр байгаа 270 км эрчим хүчний систем Монгол Улсын эрчим хүчний системд өөрийн хувь нэмрээ оруулна. 17 дэд станц байгууллаа. Мөн дохиолол холбооны иж бүрэн системтэй болгосон. 540 км шилэн кабел хийсэн. Бүтээн байгуулалтыг зургаан том багц ажилд хувааж хийсэн. Энэ ажлууд ерөнхийдөө дуусаж байна.
Ж.Мөнхцэцэг