Засгийн газрын хуралдаанаар “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан. Журмын хэрэгжилт болоод бичил уурхайчдад чиглэсэн төсөл хөтөлбөрийн талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо /МБУНДХ/-ны гүйцэтгэх захирал Э.Оюунболдтой ярилцлаа.
Сүүлийн жилүүдэд бичил уурхайн үйл ажиллагааг зогсоосон ч хууль бус олборлолт нэмэгдсэн судалгаа гарчээ?
“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” нь Засгийн газрын 2019 оны 355 дугаар тогтоолоор зогсонги байдалд орсон. Өөрөөр хэлбэл хэдийгээр журам хүчин төгөлдөр хэрэгжиж буй боловч төр захиргаа, орон нутгийн байгууллагуудад газрын дүгнэлт гаргахгүй, шинээр гэрээ байгуулахгүй, бичил уурхайг дэмжихгүй байх чиглэл өгснөөр бичил уурхайн үйл ажиллагаа үндсэндээ зогсож гурван жил болсон. Мэдээж Засгийн газраас журмын хэрэгжилтийг хангалтгүй байна хэмээн үзэж байгаль орчин, экологийн эвдрэл болон хууль бус олборлолтыг зогсоох, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх бодлогоор энэхүү шийдвэрийг гаргасан боловч бодит байдал дээр эсрэг үр дагаврууд гарсан. Тухайлбал хариуцлагатай бичил уурхай эрхлэх хандлага өөрчлөгдөж хууль бус олборлолт эрс нэмэгдсэн. Журам хэрэгжиж байх үед хууль бусаар ашигт малтмал олборлодог хүн 3-4 мянгаар тоологдож байсан бол сүүлийн гурван жилд 40 гаруй мянган хүн хууль бусаар олборлолт явуулсан байна. Экологийн цагдаагийн албаны мэдээллээр газрын хэвлийд халдах гэмт хэрэг, зөрчил 2019 оноос хойш 300 хувиар өссөн байна. Үүнийг дагаад нөгөө байгаль орчны эвдрэл, нөхөн сэргээлтгүй хаягдах нь эрс нэмэгдэж, орон нутгийн иргэд орлогын эх үүсвэргүй болон ажилгүйдэл, ядуурал өссөн. Ийм ч учраас бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчдын зүгээс тус журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Шинэ журам хэзээ гарах вэ? Өмнөх журмаас дэвшилттэй тал нь юу байна?
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамаар ахлуулсан журмын төсөл боловсруулах ажлын хэсэг 2020 онд байгуулагдсан. Талуудын оролцоог хангасан энэ ажлын хэсэгт үндэсний хэмжээний мэргэжлийн холбооны хувиар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос хоёр хүн ажилласан юм. Ажлын хэсгээс шинэ журмын төслийг боловсруулж Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар оруулан батлуулсан. Одоо албажих шатандаа байгаа.
Хуучин журам тийм ч муу журам байгаагүй. Гол нь хэрэгжилтийн шатандаа алдаа завхралууд гарсан. Том техниктэй нөхөрлөлүүд эрүүл газарт олборлолт явуулж, ашигласан газраа нөхөн сэргээлгүй хаях, сум орон нутгийн удирдлагууд танил тал, арын хаалгаар гэрээ байгуулах хяналтаа муу тавих зэрэг хэрэгжилтийн шатны сөрөг үр дагаврууд бичил уурхайн салбарыг зогсонги байдалд оруулсан. Ямар ч сайн хууль журмыг хяналт сайтай, зөв зүйтэй хэрэгжүүлэхгүй бол завхарч сарнидгийн л нэг жишээ. Шинээр батлагдсан журамд мэргэжлийн холбоо буюу МБУНДХолбоо гэрээний нэг тал болж оролцоно. Хуучин журмаар сумын Засаг дарга нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулдаг байсан бол одоо бичил уурхайн мэргэжлийн холбоо гэрээнд гарын үсэг зурж хяналт тавих эрх үүрэгтэй болсон. Мөн манай холбооноос журамд заасан бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, ХАБЭА, нөхөн сэргээлт, гарал үүслийн сургалтуудыг авснаар бичил уурхай эрхлэх эрх үүснэ. Олон жил зохицуулах гэж ядаж байгаа энэ асуудал зөв голдрилдоо орж цэгцэрнэ гэж харж байгаа. Үнэт металлын гарал үүслийг тодорхой болгох, нийлүүлэлтийн сүлжээг албажуулах асуудлууд тусгагдсанаараа онцлогтой л доо.
Танай холбооны зүгээс бичил уурхайчдад чиглэсэн өөр ямар ажлууд хийж байна?
Манайх бичил уурхай эрхлэгчдийг чадавхжуулах, бизнесийн болон бусад сургалт, хөтөлбөрт хамруулах, амьжиргааны эх үүсвэрийг төрөлжүүлэх, өөр ажлын байранд шилжүүлэх зэрэг чиглэлээр олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажилладаг. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Дэлхийн банкны санхүүжилтээр Канад улсын Бритиш Колумбын их сургуультай хамтран төслүүд хэрэгжүүлсэн.
Зөвхөн олборлоод, олборлосон металлаа ченжид тушааж, орлогоо хэрэгцээндээ зарцуулаад дуусдаг бичил уурхайчдын хандлагыг өөрчлөх, тэднийг хуримтлал үүсгэж, түүгээрээ бизнес эрхэлдэг болгох зорилгоор бизнесийн сургалтууд явуулсан. Төслийн хүрээнд 25 бичил уурхайчинд бизнесийн сургалт хийж хууль журмын хүрээнд санхүүгийн төлөвлөлт хийж сургах, нягтлан бодох бүртгэлийн энгийн мэдэгдэхүүнтэй болгох, хэрхэн амжилттай бизнес эрхлэгч болох зэрэг чиглэлийн хичээлүүдийг заасан нь маш үр дүнтэй болсон. Бичил уурхайн нөхөрлөлүүдийн дунд санхүү бүртгэлээ зөв хөтлөх, хуримтлал үүсгэх, бизнес эрхлэх хандлага нэмэгдэж бизнесийн сургалт авах эрэлт ч нэмэгдсэн. Үүний үндсэн дээр тус төслийн хүрээнд Бизнесээ эхэл-Бизнесээ хөгжүүл сургалтаа цахим хэлбэрт оруулж сайтдаа байршуулснаар орон нутгийн бичил уурхайчдад хүрэх хүртээмж нь эрс нэмэгдсэн л дээ.
Мөн бичил уурхайчин эмэгтэйчүүдээ жижиг дунд бизнесийн жишиг загвар болсон хоршоонуудад туршлага судлуулсан нь өгөөжтэй ажил болсон. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд зөгийн аж ахуй эрхлэн тун амжилттай ажиллаж, жишиг болсон “Органик бал” гэж хоршоо байдаг. Тэр хоршооны үйл ажиллагаатай бичил уурхайчин эмэгтэйчүүдээ танилцуулж, хоршиж ажиллахын давуу талуудыг судлуулсан. Бичил уурхайчид маань олборлолт явуулж газар ухахаас илүү зөгийн аж ахуй эрхлэх, хоршиж хамтран бизнесээ өргөжүүлэх урам зориг дүүрэн ажиллаж байна. Энэ бол хандлагын том дэвшил. Мөн Бритиш Колумбын их сургуулийн зүгээс манай холбоонд байгууллагын хөгжил, төлөвшилд чиглэсэн стратегийн зөвлөгөөг өгч ажиллаж байгаа. Иргэний нийгмийн байгууллагын хувьд олон улсын түвшинд хүрсэн институт болж төлөвших манай байгууллагын зорилгод нийцсэн энэ үйл ажиллагаанд нь бид их талархалтай байгаа. Жишээ нь Бразилын Бичил уурхайн холбооны үйл ажиллагаатай танилцах цахим уулзалтыг зохион байгуулж өгсөн нь Монголдоо хэрэгжүүлж болохоор тун шинэлэг санаануудыг бидэнд өгсөн.
Мөн бид “Трафигура сан” олон улсын байгууллагын санхүүжилтээр нөхөн сэргээлтийн төсөл хэрэгжүүлдэг юм. Энэ удаагийн төслөө Герман Монголын хамтарсан Ашигт малтмал технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлэх гэж байна. Герман, Польш зэрэг Европын орнуудад уул уурхайн ашиглалтаас үүссэн нүх цооногийг хатуу хэлбэрт оруулсан үнсээр дүүргэж дээр нь биологийн нөхөн сэргээлт хийдэг туршлага байдаг юм байна. Үүнийг манай ГМХАМТИСургууль судалж тодорхой туршилтуудыг хийсэн байдаг. Иймээс бид хамтран Улаанбаатар хотын Налайх дүүрэгт “Шинэ технологийн жишиг нөхөн сэргээлтийн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болон ажиллаж байна. Энэ нь тус сургуулийн судалгааг амьдрал дээр хэрэгжүүлэн судалгааны ажлыг нэг шат ахиулах, амжилттай хэрэгжвэл нөхөн сэргээлтийн шинэ арга технологийг байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх маш том цар хүрээтэй ажлын эхлэл болох юм л даа.
Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтран хэрэгжүүлж, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Филиппин Улсын Байгаль орчин, байгалийн нөөцийн яамтай хамтран Канадын Алтны бичил уурхайн зөвлөл гүйцэтгэж буй “PlanetGOLD Монгол-Филиппин: Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр: Олборлогчоос цэвэршүүлэгч рүү” төсөл Монгол Улсад хэрэгжиж байгаа. Олон улс, олон байгууллагын оролцоотой хэрэгжиж байгаа энэ төсөл үнэт металлын олборлолтод химийн хорт бодис, ялангуяа мөнгөн усны хэрэглээ зогсоох, үнэт металлыг эко цэвэр аргаар боловсруулах, гарал үүслийг тодорхой болгоход чиглэсэн энэ төсөлд манай холбоо хамтран ажиллаж байна. Ингээд дурдаад байвал бичил уурхайчдадаа, улс эх орондоо, байгаль дэлхийдээ хэрэгтэй олон ажлыг Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо хийж хэрэгжүүлж байна даа.
Ярилцлага өгсөнд баярлалаа.