Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

   Тэрбум долларын гэрээгээр “чимээгүй урсах баялаг” 

 Хөрөнгө оруулалтад  нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг нь авлигын асуудал. 2021 онд Монгол Улс авлигын индексээр  180 улс орноос 110 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Авсан оноо нь 35. Сүүлийн гурван жил энэ оноог хүртсэн гэхээр ухраагүй ч урагшлаагүй хэрэг. Харин манай хөрш БНХАУ 2014 оноос хойш энэхүү үзүүлэлтийг найман оноогоор нэмэгдүүлжээ. Энэ нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигатай хийх тэмцэл нь тууштай үр дүнтэй байгааг харуулсан үзүүлэлт гэнэ. Тэрээр авлигын төрлүүдийг хязгаарласан нь  тодорхой амжилт гаргахад нөлөөлжээ. Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд суурь үйлчилгээ болон жижиг хэмжээний авлига бууруулахад томоохон алхмууд авсан боловч том хэмжээний авлига, институцийн болон хууль зүйн орчны сул талууд уг бүсийг хойш татаж байна гэсэн онцлон тэмдэглэсэн нь ч учиртай.

Манай улс уул уурхайгаас бүрэн хамаарсан эдийн засагтай. Тиймдээ ч томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ газрыг доорх баялгаа барьцаалах нь элбэг. Сүүлийн хоёр жилд гэхэд манай Төрийн өмчит компаниуд коксожсон нүүрс, зэсийн хүдэр, мөнгө зэргийг урьдчилан борлуулах замаар нэг тэрбум гаруй ам.долларын санхүүжилт босгосон байна. Эрдэнэс Таван Толгой ХК гэхэд төмөр замд шаардлагатай хөрөнгө оруулалтыг, мөн газрын тос дамжуулах хоолой барих 397 сая ам.доллар, Эрдэнэт үйлдвэр ХХК  240 сая ам.долларыг, Эрдэнэс Силвер Ресурс ХХК – 50 сая ам.долларыг нүүрс урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхээр гэрээнд тусгасан.

Авлигыг бууруулахын тулд Шилэн дансны тухай хууль баталж, тендерүүдийг аль болох нээлттэй болгож байгаа нь сайн ч гэлээ анхаарч, ажил хэрэг болгох гол асуудал маань орхигдсоор ирсэн нь нууц биш.  Байгалийн баялагтай ч манай төр баян биш. Үе үеийн ЗГ-ын өрөнд өнөөдөр өвдөг сөгдчих шахан сууж байгаа нь нууц биш. Ямартаа л бүтэн хорь гаруй жил уул уурхайн үүцээ задлан нүүрсээ зөөсөн ч үрэлгэн загнаж тараагаад, өөртөө наасан зүйл багатай, өрөөр шийдсэн асуудал ихтэй хоцорсон нь үнэн.  Баялгаа  урьдчилан зарж борлуулах байдлаар гэрээ хийнэ гэдэг байж болох гэрээ хэлцлийн бүхий л хэлбэрээс хамгийн муу хувилбар нь гэдгийг уулын аманд суугаа  малчдаасаа эхлээд УИХ-д суугаа эрхэм гишүүд ч мэдэх байлгүй. “Ноолуураа өгнө гээд урьдчилсан гэрээ хийхдээ нэг кг ноолуурыг 50 мянган төгрөгт бодоод хүүхдээ айл болгох гээд авдар сав, хивснээс авхуулаад баахан бараа авчихсан. Гэтэл хавар нь ноолуур 98 мянга, бараг нэг үе  зуу ч хол гарсан байх. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй болохоор өгөхөөс өөрөөр яалтай. Банкнаас зээл аваад ноолуураа өдийд зарсан бол зээлээ төлчхөөд хүүхдэдээ  ганц унаа аваад өгөх байлаа” гэж шогширч суусан өвгөн ахын яриа одоо ч сэтгэлд тод байна. Яг л үүнтэй адил хэлцлийг дээрх гурван компани маань хийсэн болохоор ийнхүү нуршсан хэрэг. Ахын алдагдал  хөл дүүжлэх унаа болох арван сая төгрөгөөр хэмжигдэж байгаа бол дээрх гурван компанийнх хэдэн тэрбумаар хэмжигдэхийг урьдчилан хэлэхэд нэн бэрхЗүй нь манайх шиг эдийн засагтай орон нэг тэрбум гаруй ам долларын гэрээг дээрх гурван компани хариуцан хийх бус УИХ-д оруулан хэлэлцүүлэх учиртай. Нэг тэрбум төгрөгийн тендер ч биш, нэг тэрбум ам долларын гэрээ хэлцлийг төрийн өмчит компани хийж байгаа нь  өнөөх хууль эрх зүйн сул тал, нүх  гэхээс өөрөөр юу гэж нэрлэхэв. Хэлцлийн мөнгө нь асар их учраас эрсдэл нь бидэнд дэндүү өндөр тусна. Арван сая тонн нүүрс борлуулахад  таван долларын зөрөө гарлаа гэхэд тавин сая ам доллар. Хятад компанийн хувьд өөрт ашигтай  ямар л бол ямар хувилбараар  давхар гэрээ хийх боломжтой.  Ямар сайндаа хоёр долларын гэрээ гэж жиг жуг хийхэв. Хилийн цаана хоёр доллараа авна. Арван сая тонны гэрээнээс  хорин сая доллар халаасанд нь “чимээгүйхэн” ороод ирнэ. Аниргүй атлаа ашигтай, алдаа байхгүй бас  хууль зөрчөөгүй энэ ажлаас татгалзах хэн байхав. Урьдчилж хийсэн урт хугацааны гэрээний хувьд асуудал их. Эдгээр гэрээг харахад  нэг сая тонноос  доош байхгүй.  Нэг сая тонн нүүрсний гэрээ далан ам доллараар ярихад 70сая доллар болно. Ихэвчлэн нэг хувийн барьцаа тавиад шалгарсны дараа арван хувийг шууд долоон хоногийн дотор төлөх систем өнөөдөр үйлчилж байгаа. Гэтэл хамгийн багадаа долоон сая доллар шууд байршуулах  боломжтой компани хэд байх бол? Бэлэн мөнгөнд “мөнгө угаах” буюу бохир мөнгөний эрсдэл их бий гэж үздэг. Тиймээс  шалгарсан компаниа зарлах нь энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлж,  тухайн байгууллага хариуцлага хүлээхүйц компани гэдгийг олон нийтэд нотолж буй нэг хэлбэр.   Бусад улс орны хувьд  тухайн төрийн өмчит компаниуд   гэрээг хийх бус  “Ажлын хэсэг” байгуулж асуудлыг ил тод нээлттэйгээр шийддэг жишиг байдаг аж. Уул уурхай, хөрөнгө оруулалт, олон улсын маргааны чиглэлээр мэргэшсэн хуульч,өмгөөлөгч, уул уурхайн бодлогын судлаач Өндөр овогт Сэрээновын Мандахбатаас энэ талаар тодруулсан юм. Тэрээр Австрали Улсын Мельбурн, ОХУ-ын Москва хотод хууль зүйн магистр, бакалаврын зэрэг хамгаалсан. ХЗДХЯ, УУХҮЯ, ГХЯ зэрэг яаманд мэргэжилтэн, газар, хэлтсийн даргаар ажиллахдаа уул уурхайн томоохон төслүүд, гэрээ хэлэлцээр, маргаан, хууль тогтоомж боловсруулахад оролцон ажиллаж байсан туршлагатай нэгэн.  Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), Уул уурхай, ашигт малтмал ба тогтвортой хөгжлийн Засгийн газар хоорондын форум (IGF) зэрэг олон улсын нэр хүнд бүхий уул уурхайн бодлогын байгууллагуудад экспертийн түвшинд удаа дараа уригдан оролцож байсан болохоор илүү дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд өгсөн.

 Тэрбээр “Дэлхийн ихэнх улс орон төрийн өмчит уул уурхайн компанийн олборлосон түүхий эд, ашигт малтмалын худалдан авагчийг сонгон шалгаруулах тусгай ажлын хэсгийг  томилон ажиллуулдаг. Авлигын эрсдэлийг багасган, төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор худалдан авагчийг сонгох үйл явцыг илүү ил тод, ойлгомжтой, нээлттэй болгоход чиглэсэн  Төрийн өмчит компаниудад зориулсан гарын авлагыг 2021 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) гаргасан. Хоёр жил гаруй хугацаанд олон орны төрийн өмчит компаниудаас судалгаа авч, нэгтгэн энэ гарын авлагыг гаргасан” гэж өгүүлсэн юм.  Энэхүү товхимолд бусад улс орны хувьд авч хэрэгжүүлдэг туршлагууд, техникийн шалгуур үзүүлэлтдээ ямар нөхцөл тавьдгийг дэлгэрэнгүй өгүүлжээ. Мөн манай улсын хувьд нөхцөл байдлаа сайжруулах боломж,хууль эрх зүйн хувьд урьдчилан борлуулах гэрээг тойрсон ямар нөхцөл үүсэж байгааг  уул уурхайн бодлого судлаач, хуульч С Мандахбат дэлгэрэнгүй өгүүлснийг хүргэе.

Гарын авлагын нэгдүгээр хэсэгт Төрийн өмчит компаниудын засаглалын асуудлыг, тэр дундаа гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ын хариуцлага, компанийн нээлттэй байдал, ашиг сонирхлын зөрчил, хараат бус аудит, мөн төрийн бодлого болон компанийн эдийн засаг буюу ашигтай ажиллах зорилгыг зохистой байлгах асуудлыг хөндсөн . Жишээ нь: Төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-д улс төрч байсан этгээдүүд, улс төрчид, эсхүл төрийн албан хаагчид олноор орсноор “ашигтай ажиллах” бизнесийн байгууллагын үндсэн зорилгыг умартдаг. ТӨК, улс төрчдийн амлалтыг биелүүлэгч, төсвийн цоорхойг нөхөгч, Сангийн яамны харьяа байгууллагын үүргийг гүйцэтгэх нь эцэстээ дампуурахад хүргэх өндөр эрсдэлийг үүсгэнэ. Байгалийн баялгийн “өмчлөх эрх” хэзээ төрийн өмчит компанид шилжих вэ? Төрийн өмчит компаниуд ашигт малтмал худалдах, худалдан авах гэрээ хийх эрхтэй юу? зэрэг асуудлууд худалдааны гэрээний эрх зүйн чадамжийг хөнддөг. Ашигт малтмал, газрын тос, байгалийн хий нь харилцан адилгүй үе мөчид өмчлөх эрх нь “төр” (ард түмэн)-өөс төрийн өмчит компанид /лиценз эзэмшигчид/ шилжиж байдаг. Тийм учраас Төрийн өмчит компаниуд өмчлөх эрх нь үүссэн эсэх, төрийн өмнөөс эсхүл өөрийнхөө өмнөөс худалдааны гэрээ хийж байгаа эсэхийг нягтлах шаардлагатай.

OECD-ын судалгаанд хамрагдсан ихэнх төрийн өмчит компаниуд байнгын болон түр хугацааны ажлын хэсэг байгуулсан байна.

Энэхүү багт санхүү, худалдаа, техник, маркетинг, арилжаа, дүн шинжилгээ, хууль, худалдан авах, эрсдэлийн менежмент зэрэг чиглэлийн мэргэжлийн хүмүүсийг оруулж болно. Олон оронд энэ багт Сангийн яам, Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Татварын газар зэрэг холбогдох яам, агентлагаас төлөөлөл оролцдог.

Улс төрийн аливаа нөлөөллөөс ангид байх үүднээс энэхүү багийг бие даасан, хараат бус байдлаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухлыг онцлон тэмдэглэсэн байна.

Манай улсын хувьд  ашигт малтмал нь газрын хэвлийд байх үедээ төрийн өмч байдаг. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу газрын хэвлийгээс олборлогдож худалдааны гэрээний дагуу борлуулалтын “бүтээгдэхүүн”-ийн шаардлага хангасны үндсэн дээр компанийн өмчид шилжинэ. Энд үүсэж буй нэг асуудал нь Төрийн өмчит компаниуд газрын хэвлийд байгаа, олборлогдоогүй ашигт малтмалын тухайд “Урьдчилгаа борлуулалтын гэрээ” хийж санхүүжилт босгох эрх зүйн үндэслэл байгаа эсэх дээр асуудал үүснэ. Нөгөө талаар  урьдчилж хийсэн гэрээ гэдэг УИХ-ын бие даасан байдалд нөлөөлнө гэж үздэг. УИХ-ын бүрэн эрхт гишүүн байсан ч энэ гэрээг өөрчлөх боломжгүй. Улс төрийн мандат авсан ч хянах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгодог нэг нөхцөл нь энэхүү урьдчилж хийсэн гэрээ юм.

Гарын авлагын хувьд “Худалдан авагчийг сонгон шалгаруулах баг бүрдүүлэх болон чадавхжуулах”,Худалдан авагчийн сонгон шалгаруулалтыг шударга зохион байгуулах” асуудлыг хэрхэн хийх талаар дэлгэрэнгүй оруулсан нь манай улсын хувьд авч ашиглаж болох бэлэн жишээ юм. Худалдан авагчийг сонгон шалгаруулах шалгуурууд, дүрэм журам, процесс тодорхой бус байх тусмаа өндөр албан тушаалтнуудын хувийн өнгө үзэмжээр шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ.Иймээс:

1. Худалдан авагчийг сонгон шалгаруулахад бодитоор ил тод хэрэглэгдэх шалгууруудыг урьдчилан тодорхой болгох;

2. Төрийн өмчид компаниуд техник шийдвэрээ гаргахад улс төрийн нөлөөллийг багасгах зорилгоор чадварт суурилсан зөв томилгоог хийх. Ажилтнуудын ёс зүй, шударга ажиллах байдалд хөрөнгө оруулж, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.

3. Стандартчилагдсан, автомат үйл явцыг нэвтрүүлэх (тендер, орлого авах, стандартчилагдсан загвар, заавар зэргийг гэрээний нөхцөл, шаардлагад оруулах гэх мэт).

4.Ёс зүйн болон үйл ажиллагааны маш тодорхой шалгуурыг ажилчдад тавьж тэдэнд зохих сургалт, мэдээлэл өгөхийг зөвлөсөн байдаг. Асуудлуудыг сайн тодорхойлж бат бөх хэвшүүлэх тусам хувийн өнгө үзэмжээр худалдан авагчийг сонгон шалгаруулах эрсдэл багасна. Хэрэв хувийн өнгө үзэмжээр шийдвэрлэх боломж байсаар байвал авлигын эрсдэл улам өндөр болж, улмаар улсын төсөвт ашигт малтмалын борлуулалтаас орох орлого үлэмж багасна гэдгийг онцлон өгүүлсэн байдаг. Эдгээр шалгуур, үзүүлэлт зэргийг тодорхой болгоогүйн үүднээс санхүү, техникийн нөхцөл шаардлагыг хангахгүй худалдан авагчийг сонгон шалгаруулж тэр нь ашигт малтмалыг зах зээлийн үнээс хамаагүй хямдаар худалдан авах нөхцөлийг бүрдүүлж болзошгүй. Иймэрхүү “шаардлага хангаагүй” худалдан авагчид нь ихэвчлэн “зуучлагчид” байдаг бөгөөд тэд зах зээлийн үнээс доогуур худалдан авч цаашаа маш хурдан бодит зах зээлийн үнээр худалдаж ашиг олдог этгээдүүд байдаг.

Ашигт малтмалын худалдаанд маш их хэмжээний бэлэн мөнгө эргэлддэг. Энэ нь авлига хээл хахууль болон улсын төсөвт үлэмж хэмжээгээр нөлөөлж болзошгүй тул ямар төрлийн худалдааны гэрээг сонгох вэ гэдэг асуудал дээр ч хянамгай хандах шаардлагатай гэж зөвлөөд гэрээний төрлүүдийг оруулж өгсөн байна.Гэрээний төрлүүд:

1.Тухай бүрийн,

2.хугацаат гэрээ (ихэвчлэн нэг жилээр),

3.ашигт малтмалыг тодорхой бараа бүтээгдэхүүнээр солих гэрээ,

4.нөөцөд суурилсан санхүүгийн гэрээ,

5.Засгийн газар хоорондын гэрээ бий.

Гэрээг шууд болон сонгон шалгаруулалтын зарчмын аль нэгээр хийж болно. Шууд гэрээ нь зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлын улмаас хийгдэж болох хэдий ч төрийн өмчит компаниудын хувьд хамгийн муу сонголт.

Сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулахын өмнө дараах зүйлийг анхаарах нь зүйтэй:

Сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны өрсөлдөөнд сөргөөр нөлөөлж болох тусгай ашигт малтмалын зах зээл, хандлагын талаар мэдээлэлтэй байх;

Ижил төрлийн ашигт малтмалын хувьд хөрш болон ойролцоо орны зах зээлийн үнэ, тухайн болон ижил төстэй ашигт малтмалын худалдан авагчийг сонгон шалгаруулсан бусад мэдээллүүдийн талаар мэдээлэлтэй болох;

Хэрэв өөр байгууллагаас мэргэжлийн зөвлөхүүд үнийг тодорхойлоход оролцсон бол нууцлалын гэрээг байгуулах; 

Гадаад худалдан авагчдыг оролцохыг хязгаарлахгүй байх, худалдан авагчид хоорондоо аль болох харилцахгүй байхаар зохион байгуулах, аль болох цахим сонгон шалгаруулалт зохион байгуулах, янз бүрийн анхаарал татсан шинж тэмдгүүдийг нягтлан шалгаж байх.

Урьдчилан сонгон шалгаруулалт нь техникийн болон санхүүгийн үндсэн чадамжийг шалгах байдлаар явагдаж болно. Техникийн чадварыг шалгах тухайд бол тухайн бүтээгдэхүүнийг зөөж тээвэрлэх, боловсруулах, баяжуулах, ашиглах чадвар, боломжууд байгаа эсэхийг шалгаж болно. Мексик, Гана, Ирак зэрэг улсуудад төрийн өмчит компаниуд түүхий эдээ зарахдаа энэ төрлийн техникийн чадварыг шалгаж нягталсны үндсэн дээр бүтээгдэхүүнээ борлуулдаг байна.

Санхүүгийн  хувьд худалдан авахыг хүсэж буй ашигт малтмалын төлбөрийг бүрэн төлж чадах, эсэхийг нотлохыг оролдоно. Ихэнх тохиолдолд энэ нь нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагаас санхүүгийн баталгаа гаргах, эсхүл худалдан авагч өөрийнхөө санхүүг нотолсон байхыг шаарддаг. Төрийн өмчит компаниуд санхүүгийн нөөц, чадварыг нягталж шалгах хангалттай шинжээчийн ур чадвар, нөөцтэй байх хэрэгтэй.

Нигерийн Газрын тосны Үндэсний компани худалдан авагчид санхүүгийн урьдчилсан дараах шаардлагыг тавьдаг байна:

1.Аудитын фирмээр баталгаажсан сүүлийн гурван жилийн санхүүгийн   тайлан;

2.Жилийн санхүүгийн эргэлт нь 500 сая ам.доллар, үнэ цэнэ нь 250 сая    

   ам.доллароос багагүй байх гэх мэт;

3.Гэрээний нөхцөл, шаардлагад тусгасны дагуу түүхий тосны төлбөрийг  төлөх боломжтойг харуулсан баталгаа.

Техникийн болон санхүүгийн шалгуураас гадна орон нутгийн үндэсний оролцоо, ёс зүй, шударга ёсны, байгаль орчны зэрэг нэмэлт шалгууруудын тавьж болдог.

Үнэлгээг илүү нээлттэй, шударга, бодит болгохын тулд цөөнгүй улс орнууд тодорхой шалгуурууд ямар хэмжээний жин дарахыг урьдчилан тодорхойлсон байдаг.

Мозамбик улс байгалийн хий худалдаалахдаа:

Баримт бичгийн хууль тогтоомжтой нийцсэн байдал (20%);

Төслийн нийгмийн нөлөө (10%);

Төслийн эдийн засгийн нөлөө (20%);

Шаардлагатай хийн хэмжээ (10%);

Үнийн санал (30%).

Гана Улсын Үндэсний Газрын тосны Компанийн худалдан авагч сонгон шалгаруулахдаа хэрэглэдэг  техникийн шалгуур

Тээвэрлэх -                                                                    3%

 Түүхий тос худалдах туршлага                                      4%

 Тээврийн чадвар ба стратеги                                        15%                    

 Боловсруулах Үйлдвэрүүд/Сонголтууд                          3%

 Худалдаа/Маркетингийн стратеги                                  5%

 Өмчлөл/Тодорхой эх үүсвэртэй холбоотой байдал       2%  

 Зах зээлийн  боломж                                                      5%

 Газрын тос боловсруулах үйлдвэрүүдтэй ажиллах  боломж     3%                                                                   

 Уян хатан байдал                                                         (10%)                          

Шинэ зах зээлд борлуулсан тосны хэмжээ                     6%            

Баруун Африкийн түүхий тосны зах зээлд эзлэх хувь    4%

Түүхий тосны шинэ  зах зээлийн туршлага                   (10%)       

ХАБ (5%) Аюулгүй ажиллагааны сайн түүхтэй байх          5%

Чадавхжуулах (5%) ТӨК-ийн ажилтнуудыг сургах заалтууд  5%

 

                                                   хамтын ажиллагааны нотолгоо ба нөхцөлүүд 5%

Орон нутаг, дотоодын                Дотоодын хамтрагчийн чадавх                        10%

  оролцоо (30%)                         Дотоод дахь чадавх, хөрөнгө оруулалт            15%

 

                                          Хамгийн сайн үнэд хүргэх стратеги                  10%

Арилжааны нөхцөл                     Маркетингийн үнэ                                               5%

           (25%)                                 Үнийн сонголтууд                                                5%

 

Үнийг тогтоох, аль болох урт хугацаанд хамгийн өндөр үнээр борлуулах, олон төрлийн бэлэн мөнгөтэй холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг мөн гэрээтэй холбоотойгоор энэхүү гарын авлагад тусгайлан зааж өгсөн байна.

Дээрх бүгдээс дүгнэн үзэхэд манай улс байгалийн баялгийн үр өгөөжийг үнэн бодитоор олон түмэнд илүүтэй хүртээх байдлыг сайжруулахын тулд тухайн баялгийг хэнд, хэзээ, ямар нөхцөлөөр худалдан борлуулж байгаад онцгойлон анхаарч илүү ил тод, бас хараа хяналттай механизмыг үүсгэх хэрэгтэй болсныг ойлгох байх.

Манай улсын хувьд төрийн өмчит уул уурхайн компаниудын өнөөгийн бодит нөхцөл байдал, авлигын түвшин, компаниудын чадавх зэргийг харгалзан OECD-ын гарын авлагад суурилан холбогдох эрх бүхий байгууллагууд байгалийн баялгийн худалдаа, борлуулалтад цаашид анхаарч эхэлнэ гэж найдаж байна гэдгээ уул уурхайн бодлогын судлаач С. Мандахбат өгүүлсэн юм.

                                                                                        Ж.Мөнхцэцэг