The Mongolian Mining Journal /Aug.2022/
Б.Төгсбилэгт
Нүүрсний салбарын өсөлт үнэмлэхүй өндөр түвшинд хүрлээ. 2021 оны арваннэгдүгээр сард нүүрсний экспортын сарын орлого 600 сая ам.доллар давж алмайруулсан. Тэгвэл сүүлийн саруудад нүүрсний экспортын сарын орлого шинэ дээд амжилтуудыг дараалан үзүүлсээр байна. Зэсийг бараг мартаад, дан ганц нүүрсний экспортоороо манай улс хангалттай хөгжин цэцэглэх орлогын эх үүсвэртэй гэсэн итгэл төрүүлэхүйц үзүүлэлтүүд тодхон зурайж эхлэв. Тийнхүү он гарсаар нүүрсний экспортын орлого дөрвөн тэрбум ам.доллар руу дөхсөөр, он дуусах үед чухам урьд хожид байгаагүй том дүн бидний сонорыг мялаах нь дамжиггүй. Энэ нь улсын эдийн засагт асар том түлхэц үзүүлж, төгрөгийн ханш, инфляцаас үүдсэн сөрөг уур амьсгалыг төвөггүйхэн эерүүлж чадна. Гэвч хэвлэл мэдээллээр эдийн засагчид дүнсгэрдүүхэн байр суурь илэрхийлж суугаа нь тэд нүүрсний экспортын өсөлтийг умартсан хэрэг огтоос биш юм.
Дээрх статистикийн тоо баримт, тэр дундаа нүүрсний экспортын орлогын тухайд, Сангийн яамнаас зарладаг жишиг үнээр тооцсон орлогын боломжит төсөөлөл маягийн зүйл болон хувирчээ. Манай улсын экспортын нүүрсний хувьд зэс, алттай адил олон улсын зах зээлийн үнээр шууд борлуулагдаж чаддаг түүхий эд биш гэдгээрээ онцлог. Тиймээс жишиг үнэ, тухайн нүүрсний компанийн борлуулалтын бодит үнэ хоорондоо зөрүүтэй байдагт гайхах зүйлгүй. Гагцхүү компаниудын хувьд жишиг үнийн зөрүү их байх тусам ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуульд тусгаснаас илүү хэмжээгээр улсад төлөх нэмэлт ачаалал үүсдэг. Засгийн хувьд татвар, хураамжаа ахиухан хураагаад төсвийн орлогын биелэлтээ өндөр харагдуулахыг хичээх нь ажлаа сайн хийж буйн илрэл. Гэвч энэ явцад компани “урвайж”, Засаг “баярладаг” өрнөл үүсдэг. Энэ хувилбар нь иргэдийн сэтгэгдэл, улсын төсөв талаасаа тодорхой хэмжээгээр ашигтай мэт боловч урт хугацаандаа нүүрсний компаниудын өрсөлдөх чадварыг үгүй хийж, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжгүй болох аюул бий. Аажимдаа нүүрсний орлого байхгүй болно гэсэнтэй агаар нэг. Нүүрсний ангиллын стандартыг өнгөрсөн зургадугаар сард шинэчлэн баталсан нь компаниудад жишиг үнийн ачааллыг бууруулахын сацуу эрчим хүчний нүүрс болон доогуур ангиллын бусад нүүрсээ борлуулахад нь илүү дөхөм болохоор байна.
Цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас үүдэн дэлхийн зах зээлд коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсний аль аль нь түүхэн дээд үнийн үзүүлэлтэд хүрсэн. Нүүрсний нийлүүлэлтийн саатал, эрэлтийн өсөлт болон бусад олон хүчин зүйл зах зээл дэх нүүрсний ханшийн өсөлтийг илүү урт хугацаанд үргэлжлэх суурь болж байна.
Эдгээр үнийн өсөлт нь Засгийн газарт нүүрсний жишиг үнийг “таазанд тулгаж”, үүнд үндэслэж компаниудаар АМНАТөлбөрийг ахиу төлүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Нөгөө талаас компаниуд борлуулалтын гэрээний үнээ бууруулах замаар татвар, төлбөрөөс зайлсхийх вий гэсэн болгоомжлол ч бий. Биржид бүртгэлтэй нүүрсний компаниудын хувьд үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа танилцуулдаг. Эдгээр тайлангаас Монголын нүүрсний экспортын үнийн багцааг шинэ тутам харах боломжтой. Тухайлбал Хонконгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” буюу “Энержи Ресурс”-ын баяжуулсан нүүрсний борлуулалтын үнэ он гарсаар дунджаар 161.7 ам.доллар/тонн-оор (FOT GM нөхцөлөөр) илэрхийлэгджээ. “Тавантолгой” ХК-ийн нэгж бүтээгдэхүүний борлуулалтын орлого 252.3 мянган төгрөгөөр тэмдэглэгдсэн бол “Саусгоби Сэндс”-ийн дээд ангиллын сул коксжих нүүрс тонн тутамд 92.87 ам.долларын үнэтэй байв. “Эрдэнэс Тавантолгой”-н коксжих нүүрсний худалдан авалтын тендерийн үнийн санал (хил хүргэх нөхцөлөөр) 180 гаруй ам.доллар/тонн-оор хэмжигдэж байна. Тэгэхээр бодит үнэ жишиг үнээс хэт доогуур байгаа нь харагдана.
Энэ оны эхний хагаст Тавантолгойн уурхайгаас нүүрс экспортолдог голлох компаниуд болох “Энержи Ресурс”-ын борлуулалтын орлого 106.5 сая ам.доллар, “Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалтын орлого (шилэн дансны мэдээллээр) 1.29 их наяд төгрөг, “Тавантолгой” ХК 262.7 тэрбум төгрөгт хүрчээ. Шивээхүрэн боомтоор нүүрс худалдаалдаг “Саусгоби Сэндс”-ын борлуулалтын орлого оны эхэн хагаст дөнгөж 5.8 сая ам.доллараар хэмжигдэв. Учир нь Шивээхүрэн-Сэхээ боомтын тээврийг долоон сар зогсоосны эцэст өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр сэргээсэн билээ. Тиймээс тус боомтоор нүүрс экспортолдог буюу Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “Монголын Алт”, “Өсөх зоос” зэрэг бусад томоохон компанийн борлуулалт оны эхний таван сард мөн адил зогсонги байдалтай байсан гэж үзэж болно. Гэвч улсын нүүрсний экспортын орлого оны эхний хагаст өмнөх оны мөн үеийнхээс даруй 2.3 дахин өсч 2.35 тэрбум ам.доллартай тэнцсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Бодит байдлаас хэт өндөр статистикийг бид бэлхнээ харж байна. Төв банкны валютын нөөц сүүлийн саруудад өсөх биш багасах болсон. Тиймээс нүүрсний экспортын “сүрдэм өсөлт” нь харагдаж байгаа шигээ их биш гэдгийг ойлгож мэдэж болно.
Жишиг үнэд суурилсан тооцоолол нь нүүрсний экспортын орлогын зохиомол хөөрөгдлийг бий болгож, гадаад худалдааны үзүүлэлтийг тун давгүй байгаа мэт сэтгэгдлийг иргэдэд төрүүлнэ. Хамгийн гол нь Засагт татварын орлогын төлөвлөгөөгөө биелүүлэх эсвэл давуулах боломж олгоно.
Энэ оны төсвийн тодотголоор нүүрсний экспортын биет үзүүлэлтийг хуучин 36.7 сая тонноор төлөвлөсөн байсныг 18 сая тонн болгож үлэмж бууруулан баталсан. Гэвч уул уурхайн салбарын татварын орлогын төлөвлөгөөг төсөвт ялимгүй багасгасан. Чухамдаа орлогын төлөвлөгөөг бууруулаагүй хойно нүүрсний экспортоос Сангийн яам аль болох ахиухан татвар бүрдүүлэх үүрэг нь тодорхой. Харин нүүрсний компаниуд эх орны сан хөмрөгт илүүг төлж улсын эдийн засгийн тогтвортой байдлын баталгаа болон зогсоцгоох албан үүрэгтэй. “Саусгоби Сэндс”, “Энержи Ресурс” зэрэг компанийн борлуулалтын нүүрсэнд ногдуулах АМНАТөлбөрийн хэмжээ аль хэдийнэ 20%-иас давжээ. Салбарын хуульд үнийн түвшнээс хамааран түүхий нүүрс 5-10%, баяжуулсан нүүрс 5-8%-ийн АМНАТ төлөхөөр хуульчилсан байдаг. Төсвийн тодотголоор манай улс 1.35 орчим их наяд төгрөгийн татвар, хураамжийг нүүрсний экспортоос бүрдүүлэхээр төлөвлөсөн (өмнө нь 1.59 их наяд төгрөг байсан).
Ер нь ийм дүр зураг яагаад байж болохгүй гэж гэсэн бодол заримд нь эрхгүй төрж мэднэ. Гагцхүү манай улсын экспортын тэргүүлэх орлого буюу нүүрсний худалдааг буруу тооцоолох аваас эдийн засгийн таамаг, төлөв бүхэлдээ хуурмаг болж ирнэ. Бид гол орлогоо зөв тооцоолохгүй аваас бусад жижиг салбарын тухайд ярихын ч хэрэггүй. Нүүрсний салбарт үүсээд буй энэ байдал нь бидэнд эдийн засгаа зөв хэмжиж сурах ёстойг хатуу сануулж байна. Жишиг үнэтэй холбоотой энэ нөхцөл байдал өнөөдөр бий болчихоогүй, олон сар, жил маргааны сэдэв болсоор ирснийг салбарынхан мэднэ. Зөв хэмжиж чадах тэр цагт манай улсад татварын орлогын тогтвортой суурь бүрдүүлэх, эдийн засгийн хөгжлийн найдвартай тооцоолол хийх боломж гарч ирнэ.
Харин одоогийн нөхцөлд бид тэгээд юунд итгэж болох вэ? Мэдээж бид нүүрсний экспортын биет хэмжээнд итгэж болно. Он гарсаар нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар өсөөд байна. Дээр нь борлуулалтын үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэнийг тооцвол нүүрсний салбар гарцаагүй өсөлттэй байна. Харин статистик дээр гарч буй нүүрсний орлогын огцом өсөлт бодит байдлаас хол зөрсөн эсэхэд эргэлзэх зүйл алга. Жин чухал авч эцсийн дүндээ нүүрснээс хэр их орлого олсныг бид илүү чухалчилдаг. Нүүрсний экспортын жишээ бидэнд зөв хэмжүүрийн тогтолцоог бүрдүүлж, эдийн засгаа зөв тооцоолох тухай суурь чухал сануулга өгч байна.