Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Нийт  хүчин чадлын  18 % нь сэргээгдэх эрчим хүч

“Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022”  өнөөдөр Корпрэйт зочид буудлын Конвэйшн төвд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх  уг чуулга уулзалтыг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо санаачлан зохион байгуулж, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулж, нийтдээ дөрвөн зуу гаруй төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.

Нийслэлийнхэн бид энэ өвөл  эрчим хүч, дулааны хоёр хязгаарлалтад  өртөх магадлалтайг  ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н. Тавинбэх эртнээс сануулсаар ирсэн.

Өнөөдөр эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа дулааны цахилгаан станцууд 35-60 жил, дамжуулах, түгээх сүлжээний хувьд 32-62 жил болжээ. Харин  шугам сүлжээний 40 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа хэдийнээ дууссан. Цахилгаан, дулааны эрчим хүчийг борлуулж буй үнэ нь бодит өртөг, зардлаас доогуур  тул эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниуд санхүүгийн хувьд бие даан хөрөнгө оруулалт, их засвар, техник технологийн шинэчлэлтээ зохих түвшинд хийж чадахгүй байна. Иймд эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бодит өртөг, ашгийн зохих түвшнийг хангасан, үнэ тарифын зохицуулалтыг хэрэгжүүлж, салбарын санхүүгийн тогтвортой, бие даасан байдлыг хангах  хэрэгтэйг энэ салбарынхан учирласаар ирсэн билээ.

​Дэлхий нийт ногоон эрчим хүчийг ирээдүйн зорилго болгосон. Харин манай орны хувьд  өнөөдрийн байдлаар 281 МВт-ын нийлбэр хүчин чадалтай бага оврын 3 СЦС, 7 НЦС, 4 УЦС ажиллаж, улсын эрчим хүч үйлдвэрлэх нийт суурилагдсан хүчин чадлын 18 хувийг эзэлж байна.

Монгол Улс 2014 оны тооллогоор жилд 34.5 сая тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцүүлсэн хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж байсны 50 гаруй хувь нь эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнээс ялгарсан гэх судалгаа гарчээ.

 “Цаашид сэргээгдэх эрчим хүчийг олон улсын жишигт нийцүүлэн зохистой харьцаагаар хөгжүүлж эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, нар, салхигүй үед сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн хүчин чадлыг орлох, хоршин ажиллах эрчим хүч хуримтлуурын станц, системийн ачааллын горим тохируулах томоохон чадлын УЦС-ыг барьж байгуулах, мөн өрсөлдөөний замаар үнэ тарифыг тогтоох зарчмыг баримтлан ногоон технологид үе шаттайгаар шилжих зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтцэд бага оврын сэргээгдэх болон байгалийн хий ашигласан ухаалаг, тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх, био хий-био метаны төслүүдийг хэрэгжүүлж шинэ эрчим хүчинд шилжих хэрэгцээ шаардлага зүй ёсоор гарч байна. Хэдийгээр сэргээгдэх үүсгүүрийн хүчин чадал нэмэгдэж байгаа ч улсын хэмжээнд үйлдвэрлэх чадлын дутагдалд орсон, Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачааллын үед цахилгааны чадал, энергийг гаднын улсаас импортлон хангаж байна” гэдгээ Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч П.Товуудорж чуулганыг нээхдээ онцлон дурдсан.  

Энэ арга хэмжээний эхний хэлэлцүүлэг нь эрчим хүчний шилжилт, бүс нутгийн эрчим хүчний зах зээл, дамжуулах сүлжээний нэвтрүүлэх чадвар, эрчим хүчний худалдаа, үнэ тарифын зохицуулалт, харилцан холболт зэрэг эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний экспортод чиглэсэн хөгжүүлэлтийн боломжийн талаар хэлэлцсэн юм.  Харин үдээс хойш нарны эрчим хүчний шинэ технологи, устөрөгчийн эдийн засаг, цахилгаан эрчим хүчний хуримтлуурын шинэ чиглэлийн танилцуулга, хэлэлцүүлгийг төлөвлөжээ.

Мөн хүлэмжийн хийг бууруулах зээл болон хөнгөлөлтийн механизмууд, сэргээгдэх эрчим хүчний төслийн дуудлага худалдаа, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ногоон төслүүдийн санхүүжилт босгох боломжийн талаар хэлэлцэнэ.

Харин маргааш  Монгол улсын цахилгаан дамжуулах сүлжээний өнөөгийн байдал, хэтийн төлөвлөлт, дамжуулах сүлжээг дижитал болгох боломж зэрэг эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулга илтгэлүүд тавих юм байна.

                                                                                                                                                                                                     Ж.Мөнх