“Оюу толгой” компани 2022 оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцууллаа. “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Манай хамт олон энэ оны гуравдугаар улиралд өндөр гүйцэтгэлтэй байж, зардал өсөж буй энэ цаг үед үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөөгөө биелүүлэн ажилласны зэрэгцээ гүний уурхайн бүтээн байгуулалтаа амжилттай үргэлжлүүллээ. Бид үйл ажиллагаагаа эрхлэн явуулахдаа өөрийн хүмүүсийн аюулгүй ажиллагаа, сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавьж, осол аюулгүй, бие биедээ санаа тавьдаг, оролцоог хангасан ажлын байрны соёлыг бэхжүүлж, хүн бүрд өдөр бүр хүндэтгэлтэй ханддаг зан байдлыг төлөвшүүлэхийг эрхэмлэн ажиллаж байна. Орон нутгийн хөгжлийн чиглэлээр бодитой томоохон дэвшил гарсан нь Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгой санг байгуулсан явдал бөгөөд уг сан нь эрчим хүч, ус, зам, эрүүл мэнд, байгаль орчин, боловсролын чиглэлээр нэн чухал дэд бүтцийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ба чингэснээр Ханбогд нь бие даасан хөгжлийн гараанд гарах бид бүхний хүсэл эрмэлзэл биеллээ олох юм. Энэ бүх амжилт нь манай хамт олны ур чадвар, авьяас билгийн илрэл бөгөөд ажиллах хүчний маань 97 хувийг монгол ажиллагсад маань бүрдүүлж буйг тэмдэглэхэд таатай байна” хэмээн тэмдэглэв. Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Ханбогд сумын урт хугацааны, тогтвортой хөгжлийг дэмжих 50 сая ам.доллар (~150 тэрбум төгрөг)-ын таван жилийн хөтөлбөрийг баталсны дагуу Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн санг өнгөрсөн есдүгээр сард байгуулжээ. Сан нь Ханбогд сумын хөгжлийг дэмжих, хүнд ээлтэй, гэр бүл төвтэй тогтвортой суурин газар болон хөгжих, түүнчлэн орон нутгийн иргэдийн сайн сайхан байдал, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм байна.
Оюу толгой компани гуравдугаар улиралд 716.8 тэрбум төгрөгийг татвар, хураамж болон бусад төлбөрт зарцуулжээ. Дотоодод нийт 32.5 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Оюу толгой усны үр ашигтай хэрэглээгээрээ ижил төстэй зэсийн уурхайнуудаа тэргүүлэн ажилладаг бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэж байна. Уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг усны алдагдалгүй байхаар загварчлан, усны дахин ашиглалт хамгийн дээд түвшинд байхаар тооцсоны дагуу үйлдвэрлэлийн усны 85-аас дээш хувийг дахин ашиглаж байна.
Гуравдугаар улирлын эцсийн байдлаар 788 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 525 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 75 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдээс авчээ.