Эрх баригч намынхан нүүрсэн дээр “Хэн нь эзэн байх вэ” гэсэн асуулттай тэмцэл өрнүүлж өвөр зуураа хөлөө жийлцэж байна. Энэ “дайн”-ы ялагч нь Монгол Улс биш, хэн нэг албан тушаалтан юм уу эрх ашгаараа нэгдсэн аль нэг бүлэглэл гэдгийг улстөр гадарлах хэн ч ухаад харчихна. Ялсан тал нь нүүрсний хулгайг үргэлжлүүлэн хийнэ гэдэг хоёр дээр хоёрыг нэмэхэд дөрөв гардаг шиг тодорхой зүйл. Манай улстөрчдийг “нүүрсний дайн” хэмээх жижиг эрх ашиг ханхалсан дэмий шуугиан дэгдээх зуур дэлхийн худалдааны дайны “толгойлогч”, урд хөршийн “Чонон дайчин” (Хi Defangs the Wolf Warrior) бодлогын гол автор Ши Жиньпин суудлаа хадгалж үлдэхээр болов. Хөрш гүрний хүчтэй гадаад бодлогыг “чонон дайчин” гэж тодорхойлж буй нь чамирхал биш гэдгийг өдий хүртэл үргэлжилж буй худалдааны дайнаас харж болно. Ши Жиньпин БНХАУ-ын даргаар улиран сонгогдсон даруйдаа “Бид тэг ковид бодлогоо үргэлжлүүлнэ” гэсэн мэдэгдэл хийв. Худалдааны дайнч үргэлжлэх нь ойлгомжтой боллоо. Зүй нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар яг өдийд “Нүүрснээс хэн нь илүү мөнгө саах вэ” гэсэн бүлэглэлийн тэмцэлтэй зууралдахынхаа оронд Ши Жиньпиний мэдэгдэлд анхаарал хандуулж, гадаад бодлогын дараагийн нүүдлүүдээ тооцож суух учиртай юм.
“Тэг ковид” бодлого үргэлжлэх нь бидэнд сайны дохио биш. Ковидын жилүүдийнх шиг нүүрс нь байлаа ч хил нь гацаатай зовлон үргэлжилнэ гэсэн үг. Эдийн засагч Г.Ганзориг өнгөрсөн сарын дундуур болсон “Эрсдлийн форум”-ын үеэр “Хэдэн жилийн өмнө дэлхий хавтгай боллоо гэдэг байсан бол өнөөдөр байдал өөрчлөгдсөн. Хүйтэн дайны үе юм шиг өнгө анзаарагдаад удаж байна. Хятад маш хүчтэй гадаад бодлого баримталж байна. Дэлхийд хамгийн хүчтэй эдийн засаг болох амбицтай “чонон дайчин” бодлогыг нь анзаарахгүй сууж болохгүй. 2021-2025 он хүртэл хэрэгжих XIV таван жилийн төлөвлөгөөндөө нэг хүнд ногдох ДНБ-ээ гурав дахин нэмнэ гэсэн.Хятадын төв банк ковидын үеэр АНУ шиг ДНБ-ийнхээ 20%-тай тэнцэх мөнгийг зах зээлд нийлүүлээгүй. Өөрөөр хэлбэл ахиад мөнгө нийлүүлэх орон зай бий. Мөнгө нийлүүлэх орон зай байна гэхээр урд хөрш үндсэн бодлогынхоо дагуу яваад байна гэсэн үг. Технологи, хүний хөгжил, инноваци гэх мэт олон зүйлээрээ Америкийг арай гүйцэхгүй ч урт хугацаандаа бүрэн дийлнэ гэж шинжээчид онцолж буй нь зүгээр нэг таамаг биш. Ковидын дараахдэлхийг харвал хүн бүр орлогогүй, бизнесийн үйл ажиллагаанууд зогссон, гацсан байдалтай. Дэлхийн бүх улс ДНБ-ий арав, хорин хувь гэж багцаалдахуйц хэмжээ хязгааргүй их мөнгийг зах зээлд нийлүүлсэн. Зах зээлд нийлүүлсэн их мөнгийг инфляц, ханшийн уналт,хүүгийн өсөлтөөр төлдөг. Төлбөрөө төлөх шаардлагатай цаг үе нь ирчихлээ” хэмээн онцолсныг эрх баригчдаас сонсч ойлгосон нь хэд бол. Ковидын дараах хямрал үргэлжилсэн энэ хэцүү цагт хоёр, гурван жилийн хугацаанд гадаад нөхцөл таагүй хэвээр үргэлжлэх нь. Товчхондоо эрх баригчдын өөдрөгөөр төсөөлсөн эдийн засаг эсрэгээрээ өрнөх магадлал маш өндөр байна.
Нүүрсээ 36сая тонноор экспортолж, зэсийн баяжмалаа 7000 ам.доллараар худалдаж, инфляцыг 8%-д хазаарлаж, эдийн засгийн өсөлтөө таван хувьд хүргэнэ гэсэн төсөөллөө ажил болгоё гэвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт амжуулах ажил олон. Тэр дундаа онцгой анхаарах өнцөг бол нүүрс. Нүсэр хөрөнгөөр боссон Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаар ирэх хоёр, гурван жилдээ нүүрс тээвэрлэх боломжгүй, боомтын сэргэлт ойрын жилүүдэд ажил болохгүй гэсэн бодит үнэнийг хүлээн зөвшөөрөөд нүүрсний салбарынхны аминд тулсан ойрын асуудлуудыг шийдэх хэрэгтэй. “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр”-ийг ойлгож харж байж Хятадын “тэг ковид” бодлого үргэлжлэх ирэх онд нүүрсээ хүссэн хэмжээндээ экспортлож, ахиухан доллар олох боломжтой. Экспортын гол саалийн үнээ нүүрсний салбарт яг одоо ямар асуудал зовлонтой аж төрж явна вэ гэсэн асуулт тавиад харъя.
Эхний том зовлон бол АМНАТ. Өчнөөн он дамжин яригдсан ужиг асуудал. Төрөөс гэрээний үнэ бус заавал жишиг үнэ тогтооно гэсэн тайлбар хэлсээр ирсэн, өнөө жишиг үнэ нь бодит үнээс хэт тасархай байсаар өнөөг хүрсэн нь нууц биш. Ийм шалтгаанаар экспортын дүн мэдээнүүд худал ташаа гарсаар байна. Нүүрсний орлогоо үнэн зөв тооцож байж эдийн засгаа бодитой харж, асуудлуудаа шийднэ гэдэг энгийн логикийг Сангийн яам ухаж харахгүй өнөөдөртэй золгосон гэвэл хэтэрхий гэнэн дүгнэлт болно. “Монгол нүүрс” ассоциациас өнгөрсөн есдүгээр сарын дундуур Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргад хаяглаж албан бичиг илгээсэн ч өнөөг хүртэл тоймтой хариу, шийдэлгүй яваа нь “дургүйд хүчгүй”-г л санагдуулна. Албан бичигт “АМНАТ-ыг бодит борлуулалтын үнээс хэд дахин өндөр жишиг үнэд үндэслэн ногдуулдгаа эргэж харна уу, нүүрсний салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүдийн татварын зардлыг ямар ч үндэслэлгүйгээр ингээд нэмэхээр салбарыг бүхэлд нь төлбөрийн чадваргүй байдал руу түлхэж байна” гэсэн агуулга бүхий өгүүлбэрүүд дурайж байна. Ковидын хэцүү жилүүдэд инфляцийн цойлолт, шатахууны үнийн өсөлт, нүүрсний экспортын гацалтаас болж туйлдаж яваа аж ахуйн нэгжүүд цаасан дээр зохиож бичсэн өндөр татварыг удаан тэсэх боломжгүй. Богино хугацааны өндөр татвараас болж нүүрсний салбар бүхэлдээ унаж, валютын орлогын эх үүсвэр мэдрэгдэхүйц хумигдах эрсдэлтэй нүүр тулах эрсдэл бий. Ойрын хоёр, гурван жилдээ нүүрснээсээ олох валютаар амьдрах нь тодорхой болсон энэ үед Засгийн газар АМНАТ дээр гөжүү, мугуйд хандмааргүй байна.
Дараагийн асуудал бол хил гааль, боомтын нэвтрэлтийн асуудал. АМНАТ шиг олон жил ярьсан ч шийдлээ олоогүй том зовлон. Наад зах нь гэхэд Ганцмод-Гашуунсухайтын боомт өнөө хэр олон улсын статусгүй. Өвөр Монголын Баян-Уул аймгийн багийн захирагчийн түвшинд нээж хаахыг нь шийдсээр аж төрж байна. Төр засгийн хэмжээнд анхаарч, хоёр улсын түвшинд ярьж шийдэх өндөр хэрэгцээ бий. Боомтын хүчин чадлыг бүрэн ашиглах, жилд нэвтрэх экспортын хэмжээг 30 сая тонноос доошгүй хэмжээнд байлгах гэх мэт зарчмын асуудлуудаа төр засгийн түвшинд урд хөрштэй ярьж шийдэх цаг нэгэнт ирснийг энэ дашрамд тодотгоё. Хэцүү цагт эдийн засгаа дажгүй аваад гарахын тулд Засгийн газрын хийх ёстой гэрийн даалгаврын хоёрдугаар дасгал бол энэ. Нүүрсний салбарт шийдэх ёстой дараагийн асуудал бол тээвэр. Авто тээврийн үндэсний төвөөс С зөвшөөрлийг хувь тээврийн компаниудад задгай олгосоор байна. Хятад голдуу эзэдтэй тээврийн, зууч компаниуд тээврийн эрхийг авснаар тээврийн үнийг үндэслэлгүй өсгөдөг зовлон бий. Зүй нь С зөвшөөрлийг тээврийн компаниудад биш гол экспортлогч компаниуддаа экспортын хувь хэмжээнийх нь дагуу албан ёсоор олгодог болж байж “тамын зам” гэгддэг замбараагүй цэгцгүй байдал арилж, тээврийн зардал бодитой буурна. Тээврийн зардал буурч байж нүүрсний компаниуд бүтээгдэхүүнээ төрийн хүсээд байгаа 200-300 ам.долларт хүргэж, экспортоо ашиг өндөртэй хийх боломжийг атгана. Эцэст нь онцлоход зардал, чирэгдэл арай багатай чингэлэгт тээврийн терминалуудаа бүрэн хүчин чадлаар нь ашиглах, төмөр замын холболтоо яаравчлах гээд зөвхөн төрөөс хамаарсан олон асуудал нүүрсний салбарынханд байна.
Ц.Баасансүрэн / October 2022. № 010 (167). /