Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

ДЭЛХИЙД ДАНСТАЙ ЭРДЭМТЭН БАЛДАНГИЙН ПҮРЭВТОГТОХ

Монгол Улсын уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан The Mongolian Mining Journal сэтгүүлээс эрхлэн бэлтгэж байгаа “Зууны алдартан” буландаа Техник, технологийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Балдангийн Пүрэвтогтохын хөргийг онцлон нийтэлж байна.

“УУЛЫН ХҮН”

“Манай улсад уул уурхайн салбарын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн тэр цагаас эдүгээг хүртэл төгсгөн гаргасан олон төгсөгчдийн дундаас профессор Балдангийн Пүрэвтогтох бол миний хувьд 1972 оноос одоог хүртэл хамт яваа, онцолж хэлмээр олон сайхан баялаг дурсамжтай, анхны шилдэг сайн шавь нарын минь нэг билээ” хэмээн Монгол Улсын Гавьяат багш, төрийн шагналт, ШУТИС-ийн профессор, доктор Ж.Цэвэгмид гуай дурсан өгүүлжээ. Түүний дурсамж ийн үргэлжилнэ. “1972 оны намар ургац хураах, хадлан бэлтгэх зэрэг тэр үед оюутнууд маань нугалдаг байсан их ажил дуусч сургуулийн хичээл жигдэрч эхэлсэн нэг өдөр манай Геологи, уул уурхайн факультетийн декан С.Дашдаваа, танай ангид энэ хүүхэд сонсогчоор сурна” гээд жижигхээн биетэй, бөлтгөр нүдтэй хөөрхөн хүүг дагуулан ирж бүртгүүлснээр миний удирдсан анги Балдангийн Пүрэвтогтох гэдэг сонсогчтойгоо нийлээд 20 оюутан боллоо.

Тэр үед элсэх ёстой оюутны тоо нь гүйцэд биелдэггүй уул уурхай, сантехник, барилга, ялангуяа хөдөө аж ахуйн барилга зэрэг зарим мэргэжлийн ангид ганц хоёрын зэрэг сонсогчийг сургуулийн захиргаа, деканы шийдвэрээр хичээлд суулгаж туршин үздэг байсан юм. Сонсогч гэдэг ер нь ихэвчлэн элсэлтийн шалгалтандаа тэнцээгүй, оноо хүрээгүй, ямар нэгэн шалтгаанаар сургуулийн элсэлтээс хуваарьгүй хоцорсон, хичээл сурлагадаа муу байх гэсэн бодлыг бусдад төрүүлсэн хүн байх бөгөөд уг сонсогчийг цаашид идэвх зүтгэл гаргаж 2-3 улирал гайгүй сурвал тэтгэлэг авдаг үндсэн оюутан болгох буюу олигтой сайн сурахгүй бол оюутан болгож авахгүй хасчихдаг байв. Харин манай сонсогч Б.Пүрэвтогтох бол тэс өөр хүн байлаа. Б.Пүрэвтогтох маань бүр үндсэн оюутнуудаас ч илүү, бүх хичээлдээ жигтэйхэн сайн суралцдаг, ангидаа ганцаараа цойлоод гараад ирдэг байлаа.

Түүгээр ч барахгүй 1972- 1973 оны хичээлийн жилд МУИС-ийн хэмжээнд зохион байгуулагдсан Дэлхийн залуучууд оюутны 10 дугаар их наадмын нэрэмжит математикийн олимпиадад сонсогч оюутан дэд байр эзэлж шуугиан тарьж байсан юм. Ингээд 1 дүгээр курсээ төгсөөд нөгөө сонсогч маань тэтгэлэг авдаг үндсэн оюутан болоод зогсохгүй онцсайн сурлагатан оюутны нэмэгдэл тэтгэлэг авдаг манлайлагч оюутан болсон түүхтэй” гэж Ж.Цэвэгмид доктор (Уул уурхайн шинжлэх ухааны хөгжил, технологийн дэвшил” ном. 2020) өгүүлжээ. Монгол Улсын Их Сургуульд (МУИС-ПДС) эх орныхоо эрдсийн баялгийг олборлодог мэргэжлийн тэнхим шинээр байгуулагдсан 1972 онд оюуны их өргөөг алхан орсон Б.Пүрэвтогтох таван жилийн дараа буюу 1977 онд “Уул уурхайн ашиглалтын технологи” мэргэжлээр, тэр үеийн хэллэгээр улаан дипломтой төгссөн түүхийг товчхон дурдахад ийм. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул түүнийг Монгол Улсын гавьяат багш Д.Чулууны хэлснээр “уулын хүн” хэмээн нэрийдсэн нь бий. Отгонтэнгэр хайрханаа шүтэн дээдэлдэг Завхан нутгийн уугуул гэдгээрээ ч, хожим уул уурхайн мэргэжил эзэмшсэн гэдгээрээ ч энэ үг оносон санагдана. Уул уурхайн салбарын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд багшлах бүрэлдэхүүн чухал үүрэгтэй байсан учраас МУИС-ийн Уул уурхайн тэнхмийн эрхлэгч Б.Ишмэнд болон бусад багш нарын саналаар тэргүүний сайн шавь нараасаа Б.Пүрэвтогтохыг сонгон багшаар үлдээж ажиллуулжээ. 1977 оны намар “Уул уурхайн ашиглалтын технологи инженер” мэргэжлээр урьд өмнө нь аль ч мэргэжилд байгаагүй олон хүн элсүүлэх хуваарь гарч 75 оюутан элсүүлж, ангийн багшаар нь шинэ залуу багш Б.Пүрэвтогтох, Ж.Цэвэгмид хоёр болжээ. Оюутны мэдлэгийг зөв, үнэнч шударга үнэлдэг байх нь багшийн эрхэм чанар. Тийм чадвар шинэ залуу багшаас эхнээсээ харагдаж эхэлжээ. Богино хугацаанд сайн багш, судлаач болсон түүнд 1989-1992 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн дээд сургуулийн аспирантурт суралцах завшаан тохиов. Тэр үед аспирантурын шалгалтад тэнцэнэ гэдэг хүнд даваа байж. Энэ шалгуурыг Б.Пүрэвтогтох амжилттай давж, техникийн ухааны дэд эрдэмтэн буюу Техникийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Сэдэв нь “Ил уурхайн автосамосвалуудын хөдөлгөөний процессийн загварчлал.

 Салбарын төгсөгчдөөсөө төрсөн анхны профессор бол Б.Пүрэвтогтох. Их сургуулийн багшийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг үр бүтээлтэй хийж, зохих шалгуурыг хангасан тул 1994 онд Монгол Улсын Эрдмийн зэрэг, цол олгох дээд Зөвлөлөөс дэд профессор цол, 2002 онд ШУТИС-ийн эрдмийн Зөвлөлөөс профессор цолыг тус тус олгожээ. Уул уурхайн салбарын төгсөгчдөөс энэ цолыг Б.Пүрэвтогтох анх хүртсэн нь энэ. “Б.Пүрэвтогтох Уул уурхайн инженерийн сургуульд багшиллаа. Сургуулийнхаа болон Уул уурхайн хүрээлэнгийн захирлын албыг ээлж дараалан хашлаа. Профессор цолыг хүртлээ. Эрдмийн хүрээний сонгуульт ажлыг алгасалгүй хийсэн шинжлэх ухааны болон нийгмийн идэвхтэй бүтээлч зүтгэлтний нэг юм” хэмээн академич П.Очирбат дурсамж тэмдэглэлдээ өгүүлжээ.

 1998-2003 онуудад Уул уурхайн инженерийн сургуулийн захирлаар ажиллахдаа шинэ тутамд бие даасан сургуулийг цаашид тогтвортой хөгжих нөхцлийг бүрдүүлэх, багшлах бүрэлдэхүүний чадавх, бүтцийг сайжруулах, сурах бичиг, гарын авлага, сургалтын материалын хангалтыг сайжруулах, хэвлэх боломжийг бий болгох, лаборатори, кабинетыг шинэчлэх, шинээр байгуулах, сургуулийн гадаад, дотоод харилцааг хөгжүүлэхэд нөр их зүтгэл гаргаж ажиллан үр дүнд хүрснээр тус сургууль нь эрдэм судлал, сургалт, оюутнуудын тоо, спорт, урлагийн амжилтаараа Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн тэргүүлэх сургуулиудын нэг болж чадсан гэдэг. “Шинээр бие даасан сургууль болоод байсан УУИС-ийн хувьд хийх ажил маш их байлаа. Сургуулийн энэ үеийн гол амжилт бол ЗУУНЫ АЛДАРТАН 65 The Mongolian Mining Journal October 2022 цаашдын хөгжлийн зайлшгүй нөхцөл болох байршил, байр, асар өндөр чадавхтай хөдөлмөрч эвсэг хамт олон бүрдэж, сургуулийн дотоод харилцаа эрчимтэй хөгжиж, нэр хүнд өссөн явдал” хэмээн профессор Б.Пүрэвтогтох хожмоо дурсчээ.

 Энэ үед профессор Б.Пүрэвтогтохын санаачлагаар Уул уурхайн салбарын хэмжээнд үйлчлэх “Уул уурхайн сэтгүүл”- ийг гаргаж эхэлсэн нь өдгөө тогтмол хэвлэгдэж уул уурхайн салбарын нэр хүндтэй сэтгүүл болжээ.Мөн оюутны эрдэм шинжилгээний ажлын цар хүрээг тэлэх, оюутнуудын идэвхийг сайжруулах, сургууль төгсөгчдийн эргэх холбоог бэхжүүлэх зорилгоор жил бүрийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн уул уурхайн салбарыг үндэслэгчдийн нэг, техникийн шинжлэх ухааны доктор Б.Ишмэндийн нэрэмжит болгон явуулах санаачлага гарган зохион байгуулж, эхлэлийг нь тавьснаар одоо 19 дэх жилдээ амжилттай үргэлжилж байна.

ЭВСЭГ, ХАМТАЧ, БҮТЭЭЛЧ УУЛ УУРХАЙН ХҮРЭЭЛЭНГ УДИРДАВ

 Тэрээр 2005-2012 оныг хүртэл Уул уурхайн хүрээлэнгийн захирлаар ажилласан юм. Салбар үндсэндээ энэ хүрээлэнгээ мартсан мэт байв. Хүрээлэнгийн гол гүйцэтгэдэг үүрэг, уурхайн зураг төсөл устаж, ТЭЗҮ ор нэрийн төдий гарын үсэг бүхий хуурамч цаас болсон байж. Зураг төсөл, ТЭЗҮ-ийн дагуу олборлолтоо явуулдаг уурхай үндсэндээ байхгүй байлаа. Энэ бол ноцтой төдийгүй туйлын аюултай үзэгдэл байсныг Б.Пүрэвтогтох өгүүлжээ. Ийм нөхцөлд ажил хүлээж авсан тэрээр хүрээлэнгийн материаллаг баазыг өргөжүүлэх, бэхжүүлэх, мэргэжилтэй залуу боловсон хүчнээр хангах, гадаад дотоод харилцааг хөгжүүлэх, эвсэг бүтээлч хамт олныг төлөвшүүлэхэд итгэл зүтгэл, санаачилга гарган ажиллаж богино хугацаанд ихээхэн амжилтад хүргэсэн. 2012 онд захирлын үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр шавь, доктор Х.Жаргалсайханд хүлээлгэн өгөх үед хүрээлэнгийн нийт орлого 2.0 тэрбум төгрөг давсан нь ажил хүлээн авч байх үеийнхтэй харьцуулахад 27 дахин нэмэгдсэн байж. Энэ бол Уул уурхайн хүрээлэнгийн хамт олны нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүн. Өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд Б.Пүрэвтогтохын гүйцэтгэсэн эрдэм судлалын ажлын цар хүрээ өргөн бөгөөд гүн гүнзгий, шинжлэх ухааны суурь болон хавсарга шинжийг аль алиныг агуулсан төдийгүй хэрэглээний өргөн хүрээтэй, нийгэм эдийн засгийн өндөр үнэ цэнэтэй байдаг онцлогтой. Энэ бүхнийг түүний туурвисан, эрдэм шинжилгээний 140 гаруй өгүүлэл, 40 гаруй ном, сурах бичиг, гарын авлага, эрдмийн зэрэг хамгаалсан түүний бүтээлүүдээс нь үзэж болно. Профессор Б.Пүрэвтогтох бол Монгол дахь уул уурхайн шинжлэх ухаан судлалыг хөгжүүлж байгаа эрдэмтэн. Шинжлэх ухаан судлалын талаар түүний туурвиж буй бүтээлүүд нь уул уурхайн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Тэрээр мөн Монгол Улсад ил уурхайн технологийн тээврийн судалгааг үндэслэн хөгжүүлж, олон улсын түвшинд хүргэсэн эрдэмтэн. Профессор Б.Пүрэвтогтох нь Монгол улсад ил уурхайн тасралтгүй болон мөчлөг-урсгал технологийн судалгааг үүсгэн, хөгжүүлж байгаа эрдэмтэн. Түүний судалгааны ажлын бас нэг чухал чиглэл нь уул уурхайн үйлдвэрлэлийн байгаль орчин, экологи, нөхөн сэргээлтийн асуудал юм.

Тэрээр 2020 онд “Уул уурхайн шинжлэх ухааны хөгжил, технологийн дэвшил” хэмээх судалгааны томоохон бүтээл, 2022 онд “Уул уурхайн шинжлэх ухаан, технологи” номоо гаргасан юм. ЗУУНЫ АЛДАРТАН 66 The Mongolian Mining Journal October 2022 Эдгээр бүтээлд “Монголын уул уурхайн шинжлэх ухааны үүсэл хөгжлийг Дэлхий судлалын шинжлэх ухааны хөгжлийн зүй, тогтолтой холбон судалж, түүний нийтлэг ба онцлог талыг эрэлхийлж, өөрийн санал, бодлоо эрэлхийлж бүтээлээ туурвисан байна” гэж П.Очирбат академич өгүүлсэн байна.

Улс, аж ахуйн нэгжийн захиалгаар түүний удирдлага, оролцоотойгоор судалгааны ажлын 36 тайлан, Шарын гол, Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоо, Тавантолгой, Нарийнсухайт зэрэг 82 уурхайн ТЭЗҮ боловсруулсан нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг уул уурхайн салбарын үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглагдаж байна. Ялангуяа Эрдэнэт үйлдвэрт профессор Б.Пүрэвтогтохын удирдаж оролцсон цуврал судалгаа, төслийн ажлын үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хугацааг 23 жилээр уртасгаж, нийт ашгийг 1483,5-1706,2 сая ам.доллароор нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлжээ. Мөн 2010 онд профессор Б.Пүрэвтогтохын удирдаж хийлгэсэн “Шивээ-Овоогийн уурхайд уг цогцолбор баригдсан нь манай орны түлш, эрчим хүчний хангамжийн найдварт ажиллагааг хангасан нийгэм, эдийн засаг, онол практикийн асар их ач холбогдолтой жилд 3.1 тэрбум төгрөгийн ашиг өгөх нөхцлийг хангасан ажил болжээ.

Профессор Б.Пүрэвтогтох нь УУХҮ-ийн сайдын зөвлөлийн гишүүн, 1996 оноос Уул уурхайн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, 2021 оноос Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ажиллаж байна. Боловсролын салбарт 45 дахь жилдээ багшилж, 4000 гаруй шавь бэлтгэхэд оролцжээ. 60 гаруй инженер, бакалавр, 10 гаруй магистр, докторын дөрвөн ажлыг удирдсан байна.

ДЭЛХИЙД ТАНИГДСАН ЭРДЭМТЭН БА MINING JOURNAL AWARDS-ИЙН МЭРГЭЖЛИЙН ШҮҮГЧ

Профессор Б.Пүрэвтогтох бол олон улсад танигдсан нэр хүндтэй эрдэмтэн. Түүний эрдэм судлалын ажлын үр дүн, ач холбогдол, уул уурхайн салбарын хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь олон улсын хэмжээнд өндрөөр үнэлж Америкийн намтар судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргаж байгаа “Creat Minds of the21-st Centure” буюу “ХХI зууны их ухаантнууд” гэж Монголоор нэрлэж болох ХХI зууны шилдэг 1000 хүний намтрыг хэвлэх номонд, мөн Англи улсын Кембриж хотод үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын намтар судлалын төвөөс эрхлэн гаргадаг “TOP 100 Scientists-2008” буюу “2008 оны TOP 100 эрдэмтэд” номуудад шалгаруулан оруулж, өргөмжлөл олгожээ. Олон улсын энэ байгууллагууд зууны болон оны шилдэг бүтээл гаргасан, бусдаас ялгарч хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтдийг шалгаруулан намтар бүтээлээр нь жагсаадаг байна. Шалгаруулалтыг хийхдээ глобал сүлжээ бүхий тусгай хүрээлэн ажиллуулдаг гэхээр ямар нарийн шүүлт, шалгуураар эрдэмтдийн бүтээл ордог нь ойлгомжтой юм. Сонирхуулахад, Альберт Эйнштейн, Марк Твейн, Мартин Лютер Кинг, Маргарет Тетчер, Жон Кеннеди зэрэг суут хүмүүс эдгээр жагсаалтад багтаж байжээ.

Уул уурхай эдийн засгийн The Mongolian Mining Journal сэтгүүл 2010 оноос салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулдаг Mining Journal Awards ёслолын ажиллагааг жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд Мэргэжлийн, хараат бус шүүгчдийн шударга, голч үнэлгээ үүнд гол үүрэгтэй. Профессор Б.Пүрэвтогтох шүүгчийн мэргэжлийн байр суурь шилдэг компаниудыг шалгаруулахад үнэтэй хувь нэмэр болж ирснийг дурдахад таатай байна. 

                                                                             Г.Идэрхангай           / October 2022. № 010 (167). /

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.86.181)
    Багшдаа сайн сайхны ерөөл өргөе
    2022 оны 11 сарын 27 | Хариулах
  • Иргэн (192.82.75.178)
    Аргагүй л эх орныхоо уул уурхайн шинжлэх ухааны хөгжил, уул уурхайн мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан шилдэг эрдэмтэн. Пүрэвтогтохдоо ажлын амжилт эрүүл энхийг ерөөе.
    2022 оны 11 сарын 27 | Хариулах