Залуучууд нэгдсэн "Нүүрсний хулгайчдыг зарла" жагсаал хоёрдахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулжээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
Нам дамжсан нүүрсний хулгайн нэгдмэл бүлэглэлийг илрүүлэхийг шаардсан
"Нүүрсний хулгайн асуудлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гурван удаа ярьсан. Амаргүй. Учир нь эрх мэдэлтэй, албан тушаалтай ч хүмүүс холбогдсон байдаг. Тиймээс Засгийн газар гурван удаа яриад эцэст нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онц дэглэм тогтоогоод ажиллаж байна. Энэ хугацаанд олон зүйл тодорхой болж байна
Нүүрсний хулгай нь нэгт нүүрсний гэрээтэй холбогддог. Хоёрдугаарт, тээвэр, гуравдугаарт, төмөр замтай холбоотой асуудал бий. Ийм гурван төрлийн хэрэгт нийт 10 эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байна. Уг хэрэгт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Б.Ганхуяг, хэлтсийн дарга н.Отгонжаргал н.Нурлат, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал, мөн тус компанийн холбогдох албан тушаалтнууд. Тээвэртэй холбоотой буюу хилээр нүүрс гаргаж байсан гэх Гаалийн ахлах байцаагч Н.Эрдэнэбаяр, ХХЕГ-ын Гашуунсухайт дахь төлөөлөгч, ажилтан Н.Доржжүгдэр, ХХЕГ-ын ажилтан Дэлгэрдалай гэх хүмүүст эрүүгийн үүсгэн шалгаж байгаа"-г мэдэгдсэн. Гэхдээ түүний хэлсэн эдгээр нэрст шинэ зүйл огтхон ч байсангүй. Залуус Засгийн газрын “туг тахихаар” шийдсэн эдгээр нэрсийг биш нам дамжсан нүүрсний хулгайн нэгдмэл бүлэглэлийг илрүүлэхийг шаардсан болов уу.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
Тээврийн асуудалтай холбоотойгоор нэр бүхий УИХ-ын гишүүн шалгагдаж байгаа
"Монгол Улсын Ерөнхий прокурорын зүгээс Ерөнхий сайдад хандаж, нүүрсний хулгайг тойрсон асуудлаар хоёр улсын прокурорын байгууллага хамтарч ажиллах шаардлагатай байгаа"-г хэлж байсан. Монгол Улсаас сүүлийн 10 жилийн хугацаанд гарсан нүүрсний хэмжээ, БНХАУ-д сүүлийн 10 жилийн хугацаанд импортлогдсон хэмжээг жил жилээр тулгаж үзэх шаардлагатай байна гэж байгаа. 2013-2019 оны хооронд 6 жилийн хугацааны тулгалтыг хийхэд 385 мянган тонн орчим нүүрсний зөрүү гарсан. Энэ зөрүүг одоогийн байдлаар ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа.
Уг нүүрсийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эзэмшлийн талбайгаас жижиг Тавантолгой компани олборлолт хийж, нэг ёсондоо өөрийнхөө талбайгаас хэтрүүлэн авсан байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Үүнийг өмнө нь УИХ-ын гишүүд мэдээлж байсан. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл шийдвэр гараагүй байна. Үүнд нэр бүхий УИХ-ын гишүүн, жижиг Тавантолгой компанийн эзэмшигч нэр бүхий гишүүн компани эзэмшигчийнхээ хувиар шалгагдаад явж байна. Үүнтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн Засаг дарга шалгагдаж байгаа гэх мэдээллийг ЦЕГ-аас өнөөдөр өгсөн. Мөн Ерөнхий сайдын зүгээс ам нөхцлөөр буюу аман дээрээсээ нүүрсээ борлуулж буй байдал нь нүүрсний тээврийн компаниудын лоббигоор хийгдээд байдаг юм биш биздээ. Энэ нүүрсний тээврийн бизнесийг дагаад улсын эдийн засгийн хэмжээтэй тэнцэхүйц хэмжээний далд бизнес байгаа юм биш биз. Үүнийг шалгаж илрүүл" гэсэн асуудлыг хөндөж байсан. Тээврийн асуудалтай холбоотойгоор нэр бүхий УИХ-ын гишүүн шалгагдаж байгаа" гэлээ. Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч нууцаас гаргах шаардлагатай бүх баримт материалаа цуглуулаад Засгийн газарт ирүүлжээ. “ЭТТ” ХХК дээр хийгдсэн Офф-тейк гэрээтэй холбоотой асуудлыг Засгийн газар нууцаас гаргахаар хэлэлцэж шийдсэнийг мөн хэллээ.
УИХ дээр нүүрсний хулгайг шалгах түр хороо байгуулан ажиллаж эхэлжээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Ч.Хүрэлбаатар сайдын хэлсэн нэрс бол АТГ-т шалгагдаж байгаа хүмүүсийн нэрс юм. Үүнийг улс төржүүлэх үүднээс улс төрчдийн нэрийг зарлах, зарим намын нэрийг зарлах шаардлага Засгийн газарт байхгүй" гэж дараагийн мэдэгдэлдээ онцолсон.