2023 оны улсын төсөв батлагдан, ТӨК-ийн засаглалын асуудал олны анхааралд байна. ТӨК-ийн засаглал, ирэх оны төсөв, бизнесийн орчны талаар Монголын Бизнесийн Зөвлөлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ дарга Ц. Түмэнцогттой The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Ж.Мөнхцэцэг ярилцлаа.
Манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч ярилцлага өгөхөөр болсон Танд талархал илэрхийлье. Та эрчим хүч, уул уурхайн салбарт олон жил удирдах ажил хийсэн. Одоо Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ын даргаар ажиллаж байна. Монголын Бизнесийн зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулбал?
Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ) төрийн бус байгууллага нь төр, хувийн хэвшил, элчин сайдын яам, төрийн бус байгууллага болон бизнесийн холбоодтой нягт хамтран ажилладаг. Манайх олон улсын хөрөнгө оруулагч, дотоодын томоохон аж ахуйн нэгж, гарааны шинэ бизнес эрхлэгч бүхий нийт 250 гаруй гишүүн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэн 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Дотоод зохион байгуулалтын хувьд МБЗ нь гишүүн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Төлөөлөн Удирдах Зөвлөл, тэдний ахлан ажилладаг 6 ажлын хэсэг болон байнгын үйл ажиллагаатай удирдлагын багийн бүтэцтэйгээр ажилладаг. МБЗ-ийн Удирдах зөвлөлийг төлөөлж танай сэтгүүлд ярилцлага өгч байгаадаа баяртай байна.
Ковид, хилийн хориг, дайн, одоо он гараад бондын эргэн төлөлт гээд амаргүй цаг үеийг бид даван туулах нь... 2023 оны улсын төсвийг УИХ саяхан баталлаа. Төсвийн талаарх Таны бодол?
Улсын төсөв бол аливаа улсын нийгэм эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэхэд тухайн жилийн хамгийн чухал бодлогын шийдвэр, баримт бичиг бөгөөд эдийн засгийг тодорхойлох, хөдөлгөх, идэвхжүүлэх, сэргээхэд чухал ач холбогдолтой гол хөшүүрэг юм. 2023 оны төсвийн хувьд гадаад, дотоодын олон амаргүй нөхцөл байдал үүссэн үед батлагдаж байгаагаараа онцлогтой. Гадаад хүчин зүйл болох Орос-Украины дайн, ковидоос шалтгаалсан БНХАУ-ын хилийн хориг, дотоод хүчин зүйл болох төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, үнийн өсөлт, инфляц, мөн хүлээгдэж буй бондын төлбөрүүдийг нэрлэж болно. Ийм үед харилцан уялдаатай төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлэхнь маш чухал. Энэ жил УИХ-ын Төсвийн байнгын хорооноос анх удаа ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг оролцуулан төсвийн нээлттэй хэлэлцүүлэг хийсэн нь шинэлэг зүйл болсон гэж би хувьдаа бодож байна. Гэвч дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямралд орох аюул нүүрлээд байгаа энэ үед экспортын орлого нь түүхий эдийн үнээс 90% хамааралтай байдаг манай улсын хувьд ирэх жилийн төсөв арай өөдрөг төсөөлөлтэйгөөр батлагдлаа гэж харж байна. Ингэснээр төсвөө дахин тодотгох, орлого зарлагаа дахин харах шаардлага үүсэж болзошгүй.
Ирэх жил бондын эргэн төлөлтийг хийж, шаардлагатай зарим хэсгийг refinancing буюу дахин санхүүжилт хийх замаар шийдвэрлэх болов уу. Өөр сонголт байхгүй.
2023 оны төсөвт зардлаа хэмнэнэ гэж ярьсан ч өмнөхөөс өндөр зардалтай төсөв баталлаа?
Монгол Улсын 2023 оны төсвийг харахад халамжийн бодлогод зарчмын өөрчлөлт бага орж, харин ч өндөр зардалтай байна. Гэтэл ирэх онд бондуудын өндөр төлбөртэй, биднээс хамаарахгүй ашигт малтмалын түүхий эдийн үнэ, хил боомт зэрэг гадаад хүчин зүйлээс шууд хамааралтай амаргүй төсөвтэй жил байхаар байна. Мөн томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх реформын шинж чанартай өөрчлөлт огт харагдсангүй. Одоогийн байдлаар улс орны хэмжээний бүх томоохон төслүүд болох төмөр замын төслүүд, эрчим хүчний (Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой, Тавантолгой орд дээр Нүүрс угаах үйлдвэр гэх мэт) төслүүдийг төр хийж, санхүүжилтийг гаргахаар ажиллаж байна. Энэ нь төрд ихээхэн санхүүгийн ачаалал болон ирж, Засгийн газар өрийн дарамттай байгаа үед төслүүдийн ажил улам хойшилж, үнэ нь нэмэгдэхээр харагдаж байна.
Ирэх онд бондын эргэн төлөлтөө хийж чадах болов уу? Дахин санхүүжилт хийнэ гэхээр өртөг нэлээд өндөр тусах байх?
Азийн хөгжлийн банкны гаргасан судалгаагаар ирэх жил Монголын эдийн засаг 4.9% өсөлттэй байна гэсэн таамаг бий. Гэхдээ сая Засгийн газраас ирэх жилийн өсөлтийг 5.3% байхаар тооцож төсвөө боловсрууллаа. Миний хувьд ирэх жил хүндхэн жил болно гэж харж байна. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас халамжийн хөтөлбөрүүдийг танах, шаардлагагүй хөрөнгө оруулалтаас татгалзах, хэмнэлтийн горимоор ажиллах, импортын бүтээгдэхүүнээс хэт хамааралтай байдлаасаа гарч хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болсон тохиолдолд хямралыг бага хохиролтойгоор давна гэсэн зөвлөгөөг өгсөн.
Бондын хувьд Монгол улс 2016 оноос хойш гадаад зах зээл дээр өрийн бичиг буюу бонд гаргаж хөрөнгө босгож олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Эдгээрээс олон ажлын байр бий болгож эдийн засагт өсөлт авч ирсэн төслүүд байдаг ч үр өгөөжийг нь тооцоолох боломжгүй төслүүд болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд найдваргүй ангилалд орсон зээл байгаа гэсэн мэдээлэл байна. Ирэх жил бондын эргэн төлөлтийг хийж, шаардлагатай зарим хэсгийг re-financing буюу дахин санхүүжилт хийх замаар шийдвэрлэх болов уу. Өөр сонголт байхгүй. ОУВС-гаас энэ талаар өөрийн дүгнэлт зөвлөмжөө ирүүлсэн байдаг. Ойрын жилүүдэд ОУВС-гийн хамтын ажиллагаа чухал хэвээр байна гэж харж байна. Таны хэлсэн шиг дахин санхүүжилт хийхэд өртөг өндөр байх магадлалтай санал нэг байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Та ажиллаж байсан. Өнөөдөр “Эрдэнэс Монгол” ХХК болоод “Эрдэнэс Тавантолгой” ХК-д үүсээд байгаа нөхцөл байдал, ТӨК-ийн засаглалын талаар ямар бодолтой байна вэ?
Монгол Улс зах зээлд шилжсэн ерээд оноос эхлэн төрийн өмчит үйлдвэрийн газруудын өөрчлөн байгуулалт, хувьчлалын асуудал яригдаж, олон улсын санхүүгийн байгууллагуудаас олон төсөл, техник туслалцааны зөвлөх үйлчилгээ авсан байдаг. Гэвч эрчим хүч, агаарын тээвэр, төмөр зам, томоохон нүүрсний уурхайнууд, нийтийн аж ахуйн салбар төрийн болон орон нутгийн өмчийн мэдэлд хэвээр байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20% хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр худалдаалах УИХ-ын хэд хэдэн шийдвэр гарсан боловч өнөөг хүртэл хэрэгжиж чадахгүй байгаа нь улс төрийн хүсэл эрмэлзэл байхгүйг харуулж байна. Тавантолгой нүүрсний орд дэлхийн хэмжээний орд, ассет гэж үздэг. Иймээс урт хугацаанд үр ашигтай, үнэ цэнэтэй, Монгол Улс, ард түмэнд өгөөжөө өгөх үнэ цэнэтэй компани болохын тулд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц компанийн засаглалтай, улс төрөөс хараат бус, үйл ажиллагаа нь ил тод хэрэгжиж байж сая үнэ цэнэ нь нэмэгдэнэ.
“Эрдэнэс Монгол” компани өнөөдрийн хувьд үйл ажиллагааны (operational) компанийн хэлбэрээр ажиллаж байгаа. Олон охин компаниудын ихэнх нь үйл ажиллагааны хувьд алдагдалтай, хуримтлагдсан өртэй, санхүүгийн хувьд хүнд байгаа. Олон улсын McKinsey компани болон Азийн хөгжлийн банкны хэрэгжиж байсан төслүүдийн хүрээнд “Эрдэнэс Монгол” компанийн үе шаттайгаар баялгийн сан болгох зөвлөмж, тодорхой ажлууд хийгдэж байсан боловч цаг хугацааны хувьд удааширч, шаардлагатай бүтцийн өөрчлөлтийн ажлууд хүлээгдсээр байна. Олон улсын жишигт нийцсэн Баялгийн сан болохын тулд эхлээд компани, санхүүгийн хувьд алдагдалгүй ажиллах, өргүй болох, хамгийн гол нь хөрөнгө оруулалт татах чадвартай компанийн засаглалтай болохыг зорих ёстой. Баялгийн сантай болоход нэлээд цаг хугацаа шаардана. Гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, тэдний итгэлийг хүлээх чадвартай компанийн засаглалтай, бизнес төлөвлөлт, гүйцэтгэл, санхүүгийн менежмент, хүний нөөцийн чиглэлээр олон улсын стандартад нийцсэн чадавхыг бүрдүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй.
Өнөөдөр ТӨК-д засаглалын зарчим алдагдсанаас ТУЗ-ын хийж гүйцэтгэх ёстой ажлыг төр хийж байна? Төр хэт хутгалдсан ийм нөхцөл эргээд гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх нь лавтай.
Төрийн өмчит компанийн засаглалын асуудал “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Хөгжлийн банк, “Эрдэнэс Силвер Ресурс” компани, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, МИАТ компани зэрэг бүх төрийн болон орон нутгийн өмчийн компаниудын нийтлэг асуудал болсон. Төрийн өмчит компаниуд нь алдагдалтай, өртэй, үйл ажиллагаагаа бизнесийн зарчмаар явуулж чаддаггүй, төрийн халамжийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг.
Ийм засаглалтай компанид хөрөнгө оруулалт хийнэ гэдэг өөрөө бизнесийн зарчимд нийцэхгүй, оруулсан хөрөнгө нь бизнесийн зориулалтаар ашиглагдана гэдэг итгэл төрүүлэхгүй болохоор гадаадын хөрөнгө оруулагч сонирхохгүй байна. Гадаадын компаниудын сонирхол татах манай томоохон төслүүд бүгд төрийн мэдэлд байгаа тул гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд байнга буурч байна. Компанийн засаглал нь дэлхийн нийтэд шинжлэх ухааны түвшинд хүрч, өөрийн гэсэн дүрэм стандарттай, тэр стандарт, дүрмийн дагуу л биш бол итгэлцэл үүсэх, хөрөнгө оруулах нөхцөл бүрдэхгүй түвшинд хүрсэн байгааг хаана хаанаа ойлгох цаг болчихож.
Гадаадын компаниудын сонирхол татах манай томоохон төслүүд бүгд төрийн мэдэлд байгаа тул гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд байнга буурч байна.
Та “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, мөн “Оюу Толгой” компанийн ТУЗ[1]ын гишүүнээр ажиллаж байсан хүн. Оюу Толгой ирэх онд манай ганц найдвар болоод байгаа ч ухвал бас асуудлууд бий. Дубайн санхүүжилтийн төлөвлөгөөг хүчингүй болгох, Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхээр Ажлын хэсгийн гишүүд ажиллаж байна. Мөн Оюу Толгойн арбитрын маргаан хаашаа эргэх нь одоогоор тодорхойгүй...?
Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт ирэх жил дуусах шатандаа орж тогтвортой үйлдвэрлэлийн үе шат эхлэх боловч улсын төсвийн орлогын томоохон хэсгийг бүрдүүлэх хэмжээнд арай хүрэхгүй байх. Оюу Толгойн төсөлд олон мянган залуус дэлхийн хэмжээний уул уурхайн бүтээн байгуулалтад гар бие оролцож, шинэ арга барил, шинэ технологийг эзэмшиж, орчин үеийн менежментийн арга барилд суралцаж, дадлагажиж байгаа нь ямар ч мөнгөөр хэмжихийн аргагүй ач холбогдолтой. УИХ-аас Оюу Толгойн асуудлаар хоёр ч тогтоол гарч, Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Оюу Толгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон түвшинд тооцоо, судалгаа хийгдсэн байдаг. Хамгийн гол нь өгөөжийг ямар байдлаар хүртэх вэ гэдэг нэлээд зарчмын бөгөөд концепцийн асуудал гэж хардаг. Уул уурхайн чиглэлээр зуу гаруй жилийн түүхтэй орнуудын туршлагаас харахад тухайн орнууд нь ажлын байр, татвар, мөн түүнчлэн тухайн уул уурхайн үйлдвэрлэлийг түшиглэн нэмүү өртөг шингэсэн, уул уурхайгаа дагалдан хөгжих үйлдвэрлэлийн сүлжээ (эрчим хүч, дэд бүтэц, хот суурингийн бүтээн байгуулалт, боловсруулах, баяжуулах, цэвэршүүлэх)-г хөгжүүлс[1]нээр мөн л ажлын байр, татварын суурийг нэмэгдүүлэхэд илүү анхаарсан байдаг. Манай улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий ордуудад эзэмших хувь эзэмшилд илүү анхаарч, эзэмшлийн хувь, хувьцааг зээлээр худалдаж авч байгаа нь манай өгөөжид ихээхэн нөлөөлсөн. Нөгөө талаас анх гэрээ байгуулах үеэс санхүүжилтийн схем, арга хэрэгслийн талаар ойлголт, туршлага бага байсан нь өгөөжид нөлөөлж байна. Энд онцлон хэлэхэд олон тэрбум долларын төсөл хэрэгжүүлэх, гэрээ хэлэлцээр хийхэд гарч байгаа нийтлэг дутагдал нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр ур чадвартай, мэргэжлийн хуулийн, санхүүгийн, уул уурхайн /техникийн/ зөвлөхүүдийн туслалцааг огт авдаггүй. Үүнээс болж хэзээ хойно олон асуудал гарч ирдэг. Оюу Толгой төслөөс гадна бусад бүх стратегийн ач холбогдол бүхий ордуудын ашиглалтын явцад төрийн мэдлийн эзэмшлийг хэрхэн хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ зэрэг суурь гэрээнүүдийн үзэл баримтлал, санхүүгийн үр дагаврыг анхнаас нь зөв тооцож хийх нь зүйтэй гэж би үздэг.
Оюу Толгойн татварын арбитрын асуудал нь Монгол улсад бүртгэлтэй, Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа компанийн татварын асуудал Лондоны олон улсын арбитрын шүүх дээр байгаа. Олон улсын арбитрын шүүхээр маргалдах нь цаг хугацаа, хөрөнгө шаардсан асуудал байдаг.
Уул уурхайн салбарыг бодлогоор дэмжихийн тулд засгаас нэн түрүүнд хийх ёстой алхам гэвэл юуг нэрлэх вэ?
Манай улсын уул уурхайн салбар гадаадын хөрөнгө оруулагчгүйгээр урагшлахад хүндрэлтэй. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцөл бий болгох нь хамгаас чухал. Мөн татварын хөнгөлөлт чөлөөлөлт, зарим давхар татварын асуудлуудыг ч цэгцлэх шаардлагатай. Ихэнх гаднын хөрөнгө оруулагчид татварын болон улс төрийн тогтвортой байдлыг л хүсдэг. Манай хууль тогтоогчид үүнийг мэддэг болсон. Монголын бизнесийн зөвлөлийн гишүүд голдуу гадаадын хөрөнгө оруулалттай томоохон уул уурхайн компаниуд байдаг. Бид гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж тэдний дуу хоолой болж ажилладаг. 2022 оны аравдугаар сард Монголын бизнесийн зөвлөлийн Хууль, Татвар хариуцсан ажлын хэсэг Уул уурхайн болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад тулгараад байгаа татварын хүндрэлтэй асуудлууд, тэдгээрийг зохицуулах гарц шийдэл бүхий тодорхой саналуудыг бусад худалдааны танхимуудтай хамтран боловсруулж, УИХ болон холбогдох байнгын хороо Засгийн газарт хүргүүлсэн. Энэ чиглэлээр холбогдох яам тамгын газруудтай, МБЗ-ийн гишүүн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийгээд байна. Удахгүй үр дүн нь харагдах байх гэж найдаж байна.
АМНАТ гэж уул уурхайг тушсан том дөнгө бий боллоо. АМНАТ олон аж ахуйн нэгжийг сөхрүүлж байна?
МҮХАҮТ, нүүрсний салбарын төлөөлөлтэй өнгөрсөн оны аравдугаар сарын 25-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулж АМНАТ-тай холбоотой тодорхой санал зөвлөмжүүд гаргаж Засгийн газарт хүргүүлсэн. https://www.mongolianminingjournal.com/a/71818 Гэхдээ цаашдаа бид аливаа хууль тогтоомжид өөрчлөлт орохоос өмнө буюу хуулийн төслийн шатанд аж ахуйн нэгжүүдийнхээ саналыг авч, олон улсын туршлага, тооцоо судалгаа хийх ажил дутагдаж байна. Жишээ нь, Австрали улсын Виктория мужид алт олборлоход тэг хувийн АМНАТ төлдөг. Учир нь алт олборлогч компани үйл ажиллагаа явуулж олборлолт хийгдэж л байвал ажлын байр бий болж, тухайн муж улсад татвар төлөгдөж, тоног төхөөрөмж, төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд нь ажилтай болж, АМНАТ-ын орлогоос илүү ажлын байр бий болгож, татварын орлого, татварын суурийг бий болгодог гэж үздэг байна. Иймээс АМНАТ-ын төлбөр, нөлөөллийг зөвхөн төсөвт орох орлогоор хэмжилгүй нэлээд өргөн хүрээтэй авч үздэг. Англи улс анх АМНАТ буюу эзэн хааны татвар (royalty) -ыг байгалийн баялгийг ашигласан л бол төлөх ёстой гэсэн концепцээр гаргаж байсан байна. Иймд АМНАТ их бага байгаа дээр маргахаасаа илүүтэйгээр тухайн аж ахуйн нэгжүүд нь үйл ажиллагаа явуулбал шууд болон шууд бус дам нөлөө нь ажлын байр, татвар төлөлтөд хэрхэн нөлөөлөх, төлсөн нөхцөлд санхүүгийн дарамт ямар түвшинд байгаа, үйл ажиллагаа зогсох хэмжээнд хүрч байвал энэ нь эдийн засгийн утгаараа нийгэмд ажлын байр, татварын суурьт хэрхэн нөлөөлж байгаад тооцоо, судалгаа хийх шаардлагатай гэж хардаг.
Хөрөнгийн зах зээлийн хөгжил санхүүгийн эх үүсвэрийг татахад чухал үүрэг гүйцэтгэх байх.
Та МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-аар ажиллаж байгаагийн хувьд “тогоондоо” үүсээд байгаа зовлон жаргалыг илүүтэй мэднэ. Мөнгөний хатуу бодлого явуулахаас аргагүй нөхцөл байдал үүссэн ч аж ахуйн нэгжийг хэрхэн дэмжих вэ?
Монгол банкны зүгээс эдийн засаг дахь гадаад дотоод хүчин зүйлийн нөлөө инфляц, төлбөрийн тэнцэл зэргээс хамааран мөнгөний хатуу бодлого явуулах шийдвэр гаргаж байна. Мөнгөний хатуу бодлогыг төсвийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэхгүй бол аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгч нарт үйл ажиллагаагаа явуулахад нь улам хүндрэлтэй болно. Дотоодын үйлдвэрлэгчид, экспортлогч аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн татварын бодлого явуулах, тодорхой хөнгөлөлтүүд эдлүүлэх зэрэг ажлын байраа хадгалж үлдэхэд нь тодорхой дэмжлэг үзүүлэх нь чухал байна. Бусад орныг харахад ажлын байрыг хадгалах, үйл ажиллагааг нь дэмжихэд ач холбогдол өгч төрөл бүрийн санхүүжилтийн дэмжлэгийг үзүүлж, үндэсний компаниудаа хамгаалж байна. Манай Засгийн газрын зүгээс ковидын үед хөнгөлөлттэй санхүүжилтийг гаргасан боловч эрэлт их байна. Ялангуяа бүтээн байгуулалт, орон сууц, моргэйжийн зээлийн эрэлт өндөр хэвээр байна. Иймээс хүү багатай урт хугацаатай эх үүсвэр олох чиглэлээр ажиллах шаардлагатай. Монгол Улсын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, Засгийн газрын үнэт цаас, компанийн бонд, шинэ хувьцаа ихээр гарч нийт зах зээл нь томорч байна. Хөрөнгийн зах зээлийн хөгжил санхүүгийн эх үүсвэрийг татахад чухал үүрэг гүйцэтгэх байх.
Дотоод эх үүсвэрээсээ санхүүжилт татах нэг хэлбэр нь банкны IPO болж байна. Энэ талаарх Таны бодол?
Банкнуудын санхүүгийн эх үүсвэр татах нэг хэлбэр нь IPO болж байна. Миний ажиглахад энэ нь хэлбэр төдий, саналын эрхгүй, шийдвэр гаргахад оролцох боломжгүй, маш бага хэмжээний багцыг олон нийтэд санал болгож байна. ТУЗ-д томоохон институционал хөрөнгө оруулагч орж ирэх хэмжээний IPO-г гаргасангүй. Мөн үйлчилгээний цар хүрээг тэлж, банкны үйлчилгээг чанарын хувьд шинэчилж, өсөлт гарахааргүй харагдаж байна. Гэхдээ ямар ч байсан энэ ажил эхэлсэн гэдэг нь чухал. Тодорхой цаг хугацааны дараа өрсөлдөөний зарчмаар IPO -ийн хувь хэмжээ нь нэмэгдэж өгөөжөө өгнө гэдэг найдлага л үлдэж байна. Олон улсын практикт ийм төрлийн IPO, хөрөнгө санхүүгийн чадавх, менежмент, компанийн засаглалыг шинэ түвшинд гаргах, бүс нутгийн, эсвэл гадаадын цоо шинэ зах зээл рүү ороход шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг татаж томоохон тоглогч болох, тухайн бизнесээ цоо шинэ түвшинд гарах, эргэлт хийх алхам болдог.
Ирэх онд эдийн засгаа тогтворжуулан, банкны түгжээг арилгахын тулд ипотекийг хойшлуулахгүй, эргэн төлүүлэх нөхцөл үүсэх байх. Энэ нь эргээд иргэдэд хүнд дарамт болох уу?
Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах шийдвэр нь өөрөө энэ төрлийн зээл олголтыг зогсооход хүргэсэн гол шалтгаан болсон. Иймээс ипотекийн зээлийн эргэн төлөлтийг сэргээхээс өөр аргагүй болов уу. Учир нь иргэдийн зээл төлөх хугацааг хойшлуулснаар гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлсөн гэсэн үг биш. Иргэд авсан зээлээ хүүгийн хамт төлөх үүрэг нь хэвээр байгаа. Энэ байдлыг хүнтэй харьцуулбал судсаар нь гүйх ёстой цусыг зогсоосонтой адил юм. Нөгөөтэйгүүр зээл эргэн төлөгдөхгүй байгаагаас болж шинээр зээл хүсэгчид өгөх зээлийн эх үүсвэргүй болж төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах бодлого удааширч, иргэдийн амьдралын чанар дээшлэхгүй байх нэг нөхцөл болсон. Бас барилгын бүтээн байгуулалтыг зогсоож, барилгын олон компаниуд ажил орлогогүй болох сөрөг нөлөөг үүсгэж байна. Иргэдийн хувьд өөрсдийн тогтмол орлогыг тооцож орон сууцны зээлээ авсан тул нэг сарын ч гэсэн төлбөрөө төлж байвал орон сууцаа өөрийн болгох хугацаа ойртох болохоор өөрсдөд нь ашигтай.
Он гараад эрчим хүчний үнэ чөлөөлөхөөр боллоо. Аж ахуйн нэгж, иргэдэд дахиад л хүндээр тусна. Та түлш эрчим хүчний салбарт олон жил ажиллаж, зөвлөх хийж байсан болохоор салбарын талаар илүү тодорхой мэдээллийг бидэнд өгөх байх?
Эрчим хүчний салбар хүнд байдалд байна. Жил тутам олон зуун сая долларын цахилгаан эрчим хүчийг хоёр хөршөөсөө их хэмжээний гадаад валютаар худалдаж авдаг, сүүлийн гучин жилд улс орны хэмжээний нэг ч том эх үүсвэр баригдсангүй. Мөн түүнчлэн цахилгаан болон дулаан дамжуулах, түгээх сүлжээний хөрөнгө оруулалт хоцорсноор ойрын 8-10 жилд эрчим хүчний хувьд хараат байдал үргэлжилж, бусад салбарын хөгжилд тушаа болохоор харагдаж байна. Монголын эдийн засгийн форумын үеэр Эрчим хүчний яамнаас ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай 22 төсөлд 15 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатайг мэдэгдсэн. Ийм их хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг Засгийн газраас гаргах боломжгүй болохоор үндэсний компаниуд, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нартай нягт хамтран ажиллах шаардлагатай. Ковидын хоёр жилд цахилгаан, дулааны үнийг төрөөс даасан нь үрэлгэн хэрэглээг дэмжиж, хэмнэх хандлагыг бий болгосонгүй. Гэтэл нэг айлын сарын цахилгаан төлбөр нь тухайн гэр бүлийн нэг гишүүний утасны төлбөртэй ойролцоо байна. Цахилгаан дулааны үнэ тариф нэмэгдэхгүйгээр шинэ хөрөнгө оруулалт хийх, цахилгаан дулааны шинэ эх үүсвэр баригдах нөхцөл бүрдэхгүй.
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий нийтээр нүүрсний станцуудаас татгалзаж байна. Энэ нь нүүрсээр ажилладаг эх үүсвэрүүдийг барихад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэр олоход хүндрэлтэй, шинэлэг санхүүжилтийн арга хэлбэрээр шийдэх шаардлагыг бий болгосон. Сэргээгдэх эрчим хүчний анхны хөрөнгө оруулалт тодорхой хугацаанд өндөр байдаг тул дэмжих тарифаар хөгжүүлдэг нь олон улсад байдаг түгээмэл практик юм. Манай улс сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний салбарын ямар ч тоног төхөөрөмжийг өөрсдөө үйлдвэрлэдэггүй, гаднаас импортолдог. Эрчим хүчний бодлого, зохицуулалтын хувьд сэргээгдэх цэвэр эрчим хүчийг тууштай дэмжиж, зохицуулалтыг улам боловсронгуй болгох шаардлага бий. Дэлхий нийтийн чиг хандлагаас ухраад сэргээгдэх эрчим хүч үнэтэй юм байна. Тиймээс байгаль орчин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ч гэсэн хямд нүүрс рүүгээ буцаад шилжье гэх боломжгүй.
Ногоон шилжилтийн талаар таны тавьсан илтгэл үнэхээр сонирхолтой байсан. Тэр илтгэлийг сонсоод дэлхий нийтэд ийм өөрчлөлт явагдах гэж байхад бид үүнд хэр бэлтгэлтэй байгаа бол? Араас нь биш урдаас угтаж бэлтгэлээ хийх ёстой юу? гээд олон асуулт асуумаар байсан.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт харанга дэлдэх хэмжээнд хүрлээ. Үүнээс болж хэт их халалт, гол мөрний үер, цаг уурын эрс тэс өөрчлөлтүүд гарч, түрүүчээсээ олон оронд шинж тэмдэг нь илэрч байна. Дэлхийн нийтээрээ Парисын уур амьсгалын гэрээний дагуу 2050 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийг Цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтыг биелүүлж, ногоон шилжилтийг хийхэд олон зуун их наяд америк долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Монгол Улс өөрийн хувь нэмрээ оруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” санаачилгыг дэвшүүлж, бүх нийтээрээ амжилттай хэрэгжүүлж байна. “Тэрбум мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, бизнес, хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах, карбоны кредитийн зах зээлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох олон боломжийг нээнэ гэж харж байна.
Монголын бизнесийн зөвлөлийн ирэх онд хийх ажлуудаас танилцуулбал?
Ирэх 2023 онд Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ)-өөс гишүүн байгууллагууддаа үйлчилж, бизнесийн орчныг боловсронгуй болгох, ковидын дараах бизнесийн сэргэлтэд анхаарч дэмжиж ажиллах болно. Монгол Улсынхаа бизнес, хөрөнгө оруулалтын орчныг боловсронгуй болгох, бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа татварын болон бусад асуудлуудаар бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгч, дуу хоолой нь болж хамтарч ажиллана. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд ногоон эдийн засгийг хөгжүүлэх, “Тэрбум мод” хөтөлбөр, сэргээгдэх эрчим хүч, ногоон ус төрөгчийн хөгжил, хөдөө аж ахуйн салбар тэр дундаа хоол хүнсний хангамж, уул уурхайн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, цахим шилжилт, технологийн компаниудыг олон улсад таниулах зэрэг завгүй их ажилтай байхаар байна. МБЗ-ийн үйл ажиллагааны чиглэлийн нэг бол Монгол улсынхаа бизнесийн орчныг олон улсад таниулах, сурталчлах, хөрөнгө оруулалт татах үүрэг байгаа. Энэ чиглэлээр олон улсын томоохон арга хэмжээнүүдэд оролцох төлөвлөгөөтэй байгаа.
Ярилцсан Танд баярлалаа. / November 2022. No 011/