Г.Идэрхангай
Монголын уул уурхайн салбар 100 жилийн ойтойгоо золгож байна. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25 бол уул уурхайн салбарынхны, уурхайчдын баярт өдөр юм. Ардын хувьсгал ялсны дараа шинэ тулгар засаг төрөө эмхлэн байгуулсан тухайн үеийн удирдагчид газрын хэвлийн баялгаа “нийт ард түмний өмч” хэмээн зарлаж, Засгийн газрын төлөөний түшмэлээ Налайхад томилон тус уурхайг энэхүү түүхэн тэмдэглэлт өдөр “улсын үйлдвэр” болгосноо мэдэгдсэн түүхтэй. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчид арванхоёрдугаар сарын 25-ны өдрийг “Монголын уурхайчдын өдөр” болгон тэмдэглэх зарлиг /1957.12.24/ гаргаж, Налайхын уурхайн малтагч-бэхлэгч Д.Даваажавт Монгол Улсын анхны Хөдөлмөрийн баатар цол олгосноор /1957.12.25/ чухамдаа энэ өдөр үе үеийн уурхайчдын хүндэтгэлтэй, баярт өдөр болсон билээ.
Өнгөрсөн 100 жилийн хугацаанд өрнөсөн уул уурхайн салбарын амжилт ололт, алдаа оноог нэгэн хуудсанд байтугай, хэдэн арван цуврал номонд өгүүлэвч бүрэн дүүрэн гаргах боломжгүй. Хэдий тийм ч салбарын хувьд ямар замнал туулж ирснийг цөөн үгээр илтгэх 100 жилийн түүхэн товчоон, тойм өгүүллийг бид сэтгүүлдээ нийтэллээ. Өнгөрсөн 100 жилээ дүгнэж, ирэх 100 жилд уул уурхайн салбар ямар замналаар урагшилж, дүр зургаа тодотгох талаар салбарын мэргэжилтнүүдийн сэтгэгдлээс Та унших болно. Уул уурхай өнгөрсөн зуунд Монгол Улсын аж үйлдвэржилтийн үндэс суурь болоод зогсохгүй үүнийгээ дагасан орчин цагийн Эрдэнэт, Дархан, Багануур, Шарын гол, Бор-Өндөр зэрэг хотуудыг бий болгож, нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгуур болж ирснийг дурдахаас аргагүй.
Уул уурхай, эдийн засгийн мэргэжлийн сэтгүүл The Mongolian Mining Journal нь 2008 онд үүсэн байгуулагдсанаасаа хойш геологи, уул уурхайн салбарын шинэ цаг үеийн түүхийг бичилцэж, бүтэн 14 жилийн үйл явдал, өрнөл хөгжлийг тоймлон зураглаж ирсэн билээ. Тийм ч учраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөнд манай сэтгүүл багтаж, ойн дугаар бэлтгэхээр болсон юм. Бүтэн жилийн хугацаанд Сэтгүүлийн редакц салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн эрхмүүдийн тухай “Зууны алдартан” хөрөг нийтлэлийн буланг хөтөлж ирсэндээ таатай байна.
Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жил тохиож буй 2022 оны хувьд онцгой үйл явдлуудаар дүүрэн байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод туссан ажлууд эхнээсээ хэрэгжиж эхлэв. Томоохон бүтээн байгуулалт өрнөж, Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын дунд олон сар жил үргэлжилсэн Оюу толгой төслийн маргаан шийдэгдэж, далд уурхайн үйлдвэрлэл түүхт 100 жилийн ойгоор хөдөллөө. Итгэл нь буурч эргэж буцаж байсан гаднын хөрөнгө оруулагчид Оюу толгой төслийн амжилтыг даган сэргэж эхэлсэн нь сайшаалтай. Уул уурхайн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд болох Тавантолгой-Гашуунсухайт/2022.09.09/, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замуудын нээлт болж, ашигт малтмалаа экспортлох боломжийг бүрдүүлж өглөө.
Засгийн газраас дэвшүүлсэн “Олборлолтоос боловсруулалт руу” бодлогын хүрээнд салбарын хууль, эрх зүйн шинэчлэлүүдээ үргэлжлүүлж байна. Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг салбарын яамнаас бэлтгэн түрүүчээс нь Засгийн газар, УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Аж үйлдвэржилтийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн явц 20%, Оюу толгойн далд уурхайн төслийн барилгын ажлын гүйцэтгэл 90%, Цагаансуваргын зэс, молибдены ордыг ашиглах бүтээн байгуулалтын ажил 69%, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн технологийн бус барилга, байгууламжийн ажил /EPC-1/ барилга, угсралтын ажлын гүйцэтгэл 75.0% гээд олон ажлууд амжилттай хийгдэж байна.
Уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын нэг нь “Mongolian Mining Weeк-2022” чуулга уулзалтууд байлаа. Энэхүү нүсэр арга хэмжээний үеэр уул уурхайн салбарын асуудлуудыг олон талаас нухацтай ярилцсан нь онцлог байсан юм. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд зогсонги байдалд ороод байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг АМГТГ-ын шийдвэрээр /11.23/ 25 талбайд сонгон шалгаруулалтын журмаар олгохоор зарлалаа. Сонгон шалгаруулалтын талбайн тоог зарлахдаа нийт тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэхгүй байх зарчим баримталж, өмнө хүчингүй болгосон, цуцалсан талбайн тоотой тэнцүү хэмжээгээр нэмж үргэлжлүүлэхээр болов. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан цахим биржээр арилжих журмыг Засгийн газар баталлаа. Ингэснээр нүүрсний худалдаа ил тод нээлттэй болж, сүүлийн хэдэн өдөр олон нийтийг шуугиулаад байгаа ”нүүрсний хулгай”-н хэрэг арилах зам мөр тодроно. Аливаа түүхэн ойг тэмдэглэх нь он цаг, үйл явдлын хэлхээнд өнгөрсөн үеэ цэгнэн, ирээдүйд тэмүүлэх мөрөө гарган хөгжлиин гайхамшигт жимээр аялах боломжийг олгодог билээ.
Уул уурхайн салбарын хөгжлийн түүхийг нэр төртэй бичилцэж буй Та бүхэндээ The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакц баяр хүргэж, хариуцлагатай, тогтвортой уул уурхайг хөгжүүлэх үйлсэд амжилт хүсье.