Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, төсөл, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталжээ.2022 оны нэгдүгээр сарын 27-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон уг хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж байсан билээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах эрх зүйн орчин бүрдэж, улмаар уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах, улмаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Өнөөдөр дэлхий нийтэд 198 таваарын бирж үйл ажиллагаа явуулж байна. Австралийн хөрөнгийн бирж таваарын худалдааг нэг пламформ дээр хавсран явуулж байна. Бусад газар хөрөнгийн биржийн болон таваарын биржийн үйл ажиллагаа тусдаа явдаг юм байна. Улс орнуудын бараа бүтээгдэхүүний биржийн хөгжлийг харахад ашигт малтмалын бараа бүтээгдэхүүний гэх мэтээр салбарлаад хөгжих хандлагатай байгаа. Манай хувьд хөрөнгийн биржид уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зөөлөн дэд бүтцийг ашиглах боломжтой. Хөдөө аж ахуйн бирж тусдаа өөр программ хангамжаар явдаг. Өнөөдөр бид биржийн эрх зүйн орчныг бий болгоод дараа нь хөрөнгийн биржтэй ойр байлгах уу, хөдөө аж ахуйн биржээр арилжаа явуулах уу гэдгээ ярилцах боломжтой” гэж танилцуулж байсан билээ.
Ж.Гэрэлт