Полиметалл буюу холимог металлд манай улс цайр, мөнгө, хар тугалгыг оруулдаг. Манай улс цайр, мөнгө, хар тугалганы ордоо хэрхэн ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулахаа удахгүй хэлэлцэж шийдэх бололтой.Цайрын хамгийн том хэрэглэгч нь Хятад улс, хамгийн их нөөцтэй нь Австрали улс гэнэ. Ганг зэврэлтээс хамгаалах уламжлалт хэрэглээ нь цайрдах. Харин хар тугалганы хэрэглээний 80% нь батарей буюу зайны үндсэн түүхий эд болдог. Мөнгийг бид гоёл чимэглэлд их хэрэглэдэг байсан бол хэрэглээ нь тэлж, сүүлийн үеийн технологи болох нарны хавтан, салхин сэнс зэрэг олон зүйлст ашиглах болжээ. “Эдгээр гурван металлын хэрэглээ, дэлхийн нөөцийн хэмжээ, манай улсын ордуудын талаар дэлгэрэнгүй тайлбарыг УИХ-д өгөх болно. Манай улсад Асгатын болон Салхитын гэсэн төрийн мэдлийн мөнгөний хоёр орд байна. Асгатын ордын хувьд эгц өндөр ууланд байдаг болохоор дэд бүтцийн хувьд асуудал их гарна. Мөн 1996 оноос хойш судалгаа хийгээгүй болохоор нөөцийг дахин тодорхойлох шаардлагатай. Харин Салхитын ордоор тэтгэврийн зээлийг тэглэсэн. Гэтэл өнөөдрийн нөөцөөрөө энэ өрөө дарах боломж хомс байна. Тэгэхээр өөр гарц шийдэл хэрэгтэй” гэж УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдэгдлээ.
Ж.Мөнх