Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. "Есдүгээр сарын дунд үед манай улсын валютын нөөц 2,4-2,5 тэрбум долларт хүрч, 2022 оны эцэс гэхэд 2 тэрбум доллароос доошоо орох эрсдэлтэй гэж үзэн ажлын хэсэг байгуулсан. 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар валютын нөөц 3 тэрбум 400 сая доллар боллоо. Ингэснээр ОУВС-гийн хөтөлбөрт орж, дефолт зарлах эрсдэлээс зайлсхийж чадлаа. Валютын албан ёсны ханш, албан бус ханшийн зөрүү 200-300 төгрөг байсан. Одоо 20 төгрөгийн хэлбэлзэлтэйгээр валютын ханш тогтворжлоо. Гол нь экспортоо тогтвортой байлгахыг онцгой анхаарах шаардлагатай. Ханги Мандалын төмөр замаар нүүрс гаргах асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй байна. Цаашдаа Засгийн газар нүүрсийг ам үнээр бус хил үнээр зарах шийдвэр гаргасан. Ам үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллароор зарж байсан бол хил үнээр 200 гаруй ам.доллароор зарах юм” гэж тодотголоо.
Хоёрдугаар сараас эхлэн бүх нүүрсээ биржээр зарахаар бэлтгэл ажлыг хийж эхэлжээ. УИХ-аас баталсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны түр журам”-ын дагуу уг ажлыг хийж гүйцэтгэх юм.
Ж. Гэрэлт