Ч.Сансар
БНХАУ-ын Төлөвлөлтийн төв байгууллагын зүгээс төрийн дэмжлэгтэй гурван аж ахуйн нэгж болон Хятадын топ ган үйлдвэрлэгчдийг Австралиас нүүрс импортлохыг зөвшөөрөв. Энэ нь Бээжин 2020 онд Австралийн нүүрсний импортод албан бус хориг тавьснаас хойшхи анхны нааштай алхам боллоо.
Нүүрсний импортын хоригийг хэсэгчлэн зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь өнгөрсөн сард Австрали, Хятадын Гадаад хэргийн сайд нар хоёр улсын хооронд үүссэн хүйтэн харилцааг сэргээхийг зорьж уулзсаны үр дүн юм.
Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо (ҮХШХ) нь China Datang Corp, China Huaneng Group, China Energy Investment Corporation болон China Baowu Steel Group зэрэг компаниудтай /01.03/ уулзалт хийж, Австралиас нүүрсний импортоо сэргээх талаар ярилцсаныг эх сурвалж мэдээлж байна.
Компаниудад Австралийн нүүрсийг зөвхөн өөрсдийн хэрэгцээнд зориулан худалдаж авах зөвшөөрөл олгоно гэдгийг эх сурвалж мөн онцолжээ. ҮХШХ-ноос тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Бээжин, Канберрагийн харилцаа улс төр, нийгмийн эрүүл мэндийн хэд хэдэн асуудлын улмаас муудсаны дараа БНХАУ хоёр жилийн өмнө нүүрс, дарс зэрэг Австралийн бүтээгдэхүүнүүдэд хязгаарлалт тавьсан билээ.
Хоригоос өмнө Австрали нь Хятадын нүүрсний хоёр дахь том нийлүүлэгч байсан бөгөөд нийт 70 сая гаруй тонн нүүрс буюу Хятадын нүүрсний импортын бараг 30%-ийг нийлүүлдэг байв. Хятадын худалдан авагчид өндөр чанартай эрчим хүчний нүүрс болон коксжих нүүрсийг худалдан авах илүү сонирхолтой байдаг.
"Зарим (хятад) худалдаачид ҮХШХ-ийн хурлын дараа хоёрдугаар сарын ачаа тээврийн үнэ судалж асууж эхэлсэн" гэж эх сурвалжууд мэдээлсэн. Австралийн нүүрсний үнэ ханш Хятадын худалдан авагчдын сонирхлыг татсан хэвээр байна.
5500 килокалори илчлэгтэй Австралийн эрчим хүчний нүүрс нэгдүгээр сарын 3-ны байдлаар нэг тонн нь FOB (free-on-board) нөхцөлөөр 135 орчим ам.доллараар худалдаалагдаж байсан. Хятадад тээвэрлэгдээд очсоны дараа тонн нь 1150 юань буюу 167.18 ам.доллараар арилжаалагдах төлөвтэй байна.
Энэ нь Хятадын дотоодын нүүрсний үнэ 1200 орчим юаниас арай хямд болно гэж худалдаачид хэлж байна. Хятадын хамгийн идэвхтэй коксжих нүүрсний фьючерсийн нийлүүлэлт Австралиас нүүрсний импорт нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан /01.04/ 2.32%-иар буурчээ.