Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын Urals нефтийн үнэ барууныхны тогтоосон үнийн дээд хязгаараас доош уналаа

Ч.Сансар

Оросын Urals нефтийн үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нэг баррель нь 50.47 ам.доллар болж, барууны орнуудын тогтоосон үнийн дээд хязгаараас доош буув. Urals нефтийн үнэ өмнөх сартай харьцуулахад 24%, 2021 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад бараг 1.5 дахин буурсан гэж ОХУ-ын Сангийн яамнаас мэдээллээ. 

Оросын Urals нефтийн үнэ 2022 оны арванхоёрдугаар сард баррель тутам 50.47 ам.доллар болж буурсан нь 2021 оны арванхоёрдугаар сарын үнээс 1.44 дахин бага байна. Энэ тухай мэдээ Сангийн яамны цахим хуудсанд гарчээ. 
 
Харьцуулахад, Брент нефтийн гуравдугаар сарын фьючерсийн үнэ нь энэ мэдээ гарах үед (2023 оны нэгдүгээр сарын 5) баррель нь 78.28 доллар, WTI маркийн нефтийн хоёрдугаар сарын фьючерсийн үнэ нь баррель нь 73.11 ам.доллараар дэлхийн зах зээл дээр арилжаалагдаж байсан.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Urals-ын үнэ 11-р сартай харьцуулахад (баррель нь 66.47 доллар) 24%-иар буурсан байна. Оросын газрын тосны 2022 оны дундаж үнэ нь 76.09 доллар/баррель байсан нь 2021 оны үнэ ханшаас (69 доллар/баррель) 10%-иар өндөр байлаа.

Нэг баррелийн үнэ нь 50.47 ам.доллар болж буурсан нь барууны орнуудын тогтоосон үнийн дээд хязгаараас доогуур байсан. Их долоо (G7), Европын холбоо болон Австрали улс далайгаар тээвэрлэж буй Оросын нефтийн үнийг баррель тутамд 60 ам.доллар хүртэл хязгаарлах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 5-наас мөрдөж эхэлсэн.

Барууныхны тогтоосон уг хязгаарлалт нь FOB (free on board) нөхцөлөөр худалдсан барааны экспортын үнийг шингээсэн байна. Энэ нь худалдагч тал газрын тосны тээвэрлэлт, даатгалын зардлын зөвхөн нэг хэсгийг хариуцдаг нөхцөл юм (барааг усан онгоцны тавцанд хүргэх хүртэл). ОХУ-ын Сангийн яамны тооцсон үнэ ханшид даатгалын зардал, боомт хүртэлх тээврийн зардал багтсан бөгөөд эдгээр зардлыг хасч тооцвол Urals-ын үнэ үүнээс ч доош унах байсан.

2022 оны сүүлийн дөрвөн долоо хоногт ОХУ-ын нефтийн экспорт 2022 он эхэлснээс хойш хамгийн доод түвшиндээ хүрсэн гэж Bloomberg агентлаг бичжээ. Тэдний мэдээлснээр, арванхоёрдугаар сард ОХУ-аас далайгаар тээвэрлэсэн нефтийн хэмжээ өдөрт дунджаар 117 мянган баррелиар буурч, өдөрт дунджаар 2.615 сая баррельд хүрчээ. Цаг агаарын таагүй байдал нь далайгаар түүхий эд тээвэрлэхэд саад учруулсан гэж “Транснефть” компаниас мэдэгдэв. Харин Европын Холбооны хориг тогтоосны дараа гарсан усан онгоцны хомсдол мөн бас нөлөөлсөн байж магадгүй гэж Bloomberg агентлаг мэдэгдэв.