Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад гурван жил үргэлжилсэн Ковидын хөл хориогоо цуцалж  хилээ нээлээ

Ч.Сансар

БНХАУ 2020 оны гуравдугаар сард хөл хорио тогтоосноос хойш анх удаа олон улсад хилээ нээлээ. Зорчигчдыг тусгаарлах шаардлагагүй болсон нь тус улсын Ковидын бодлогод томоохон өөрчлөлт гарч байгаагийн илэрхийлэл болж байна.  Харин жуулчдаас 48 цагийн дотор хийлгэсэн PCR-ын шинжилгээний сөрөг хариу нэхэх журам Хятадад үйлчилж байгаа хэвээр. Энэхүү шийдвэрийг гэр бүлтэйгээ эргэн нэгдэх хүсэлтэй олон хүн талархан хүлээн авч байна.

Хонконгод ирэх долоо хоногт 400.000 хүн эх газрын Хятад руу аялах төлөвтэй байгаа бөгөөд Бээжин, Шямэнь (Xiamen) зэрэг хот руу нисэх урт дараалал үүссэн байна.

Өнгөрсөн ням гарагт Гуандун муж руу явах автобусанд суух гэсэн аялагчид Хонконг-Жухай-Макаогийн гүүрэн дээр хоёр давхар автобусаар ирж эхэлсэн. Тэдний дунд нутаг руугаа харих гэсэн коллежийн олон оюутнууд байсан. Нэгэн эрэгтэй гурван жил гэр бүлийн гишүүдтэйгээ уулзаагүй гэдгээ BBC-д хэлээд, эх газар руу буцах тасалбар худалдаж аваад сэтгэл догдолсноо барьж дийлэхгүй байсан.

Тус улс хилээ дахин нээж байгаа нь хятадын Цагаан сарын аяллын эхний үетэй давхцаж байна. Цар тахлын өмнө хятадууд жил бүр баяраа гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэх гэж Цагаан сараар нутаг руугаа аялж байсан нь дэлхийн хамгийн том шилжилт хөдөлгөөн байв.  Хятадын Цагаан сараар ойролцоогоор хоёр тэрбум аялал хийх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос хоёр дахин их байна.

Гэхдээ хил нээсэн нь Ковид-19 халдварын тоо улам их нэмэгдэх эрсдэлтэй гэсэн болгоомжлол бий.  Орон нутгийн зарим автобусны жолооч аялагчдаас вирус халдварлаж магадгүй байгаагаа BBC-д хэлээд, компаниудаа хамгаалах хэрэгслээр хангахыг хүсч байгаагаа илэрхийлсэн.

Сүүлийн гурван жилийн хугацаанд Хятад улс олон удаа хөл хорио тогтоох, байнга шинжилгээ хийхийг шаардах зэрэг дэлхийд Ковидын  эсрэг хамгийн хатуу бодлогыг хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь  эдийн засагт маш их сөрөг нөлөө үзүүлсэн аж. 

Хятадад гарч буй халдварын тохиолдлууд болон аяллын тоо нэмэгдэх хандлагатай байгаа нь Их Британи болон бусад  олон улс орнуудыг Хятадаас ирж буй хүмүүст Ковидын шинжилгээ өгөх шаардлага тавихад хүргэж, энэ нь Хятадын Засгийн газрын дургүйцлийг төрүүлж байна.