Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Роснефть” компани “Сибирийн хүч-2” хоолойгоор дамжуулан Хятадад байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөж байна

 

Ч.Сансар

Оросын газрын тосны  "Роснефть" компани байгалийн хийн нөөцөө “Сибирийн хүч” хоолойн хоёр дахь замаар Хятад руу экспортлох орон зай хайж байна гэж Оросын өдөр тутмын "Коммерсант" сонин даваа гарагт эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Владимир Путины ойрын холбоотон гэгддэг “Роснефть” компанийн Гүйцэтгэх захирал Игорь Сечин ОХУ-ын Ерөнхийлөгчид захидал бичиж,   “Оросын байгалийн хийн  “Газпром” компаниас гадна “Роснефть” компанийг “Сибирийн хүч-2” хоолойгоор байгалийн хий нийлүүлэх боломжтой”  гэжээ.

Найман жил бүтээн байгуулалтын ажил өрнөсний эцэст 2019 оны сүүлээр ашиглалтад орсон “Сибирийн хүч” хоолойгоор Орос Хятадад байгалийн хий нийлүүлж байна. “Сибирийн хүч-2” хоолой 2030 он гэхэд ашиглалтад орж, ОХУ-ын баруун хэсэгт орших хийн ордуудыг ОХУ-ын зүүн хэсгийн ордуудтай холбож, Монголоор дамжуулан Хятад руу хий нийлүүлэх төлөвлөгөөтэй.

“Роснефть” Красноярскийн хязгаарын өмнөд хэсэгт 1 их наяд шоо метр, Эрхүү мужид 0.5 их наяд шоо метр байгалийн хийн нөөцтэй ордуудтай бөгөөд “Сибирийн хүч-2” хоолой нь “Роснефть” компанийн газрын тос, хийн ордуудтай ойрхон дамжин өнгөрөх юм байна. Тиймээс "Роснефть" компанийн Гүйцэтгэх захирал И.Сечин Путинд хандан захидалдаа "Хийн хоолой барихад синергетик үр дүнд хүрэхийн тулд бие даасан компаниудын үйлдвэрлэлийн хэмжээг харгалзан үзэхийг хүссэн” гэж дурджээ.

“Роснефть” нь Оросын хамгийн том газрын тос үйлдвэрлэгч бөгөөд “Газпром”, “Новатек”-ийн дараа ОХУ-ын гурав дахь том байгалийн хийн үйлдвэрлэгч юм.

Гэсэн хэдий ч "Газпром" өөрийн байгалийн хийн асар их нөөцтэй учир Хятад руу гуравдагч этгээдээс хий авч дамжуулах сонирхолгүй байна гэж шинжээчид үзэж байгаа тухай "Коммерсант" сонинд бичжээ.