Ч.Сансар
2021 онд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний салбарын ажлын байр эрс нэмэгдэж 12.7 саяд хүрсэн бөгөөд энэ хандлага цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Сэргээгдэх эрчим хүч рүү шилжихийн хэрээр дэлхий даяар чулуужсан түлшний ажлын байр эрс багасна гэж болгоомжилж байгаа ч ногоон эрчим хүчний боломжууд хурдацтай нэмэгдэж байна. IRENA (Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг) болон ОУХБ (Олон улсын хөдөлмөрийн байгууллага) -аас гаргасан “Сэргээгдэх эрчим хүч ба ажлын байрны 2022 оны тойм”-д мэдээлснээр сэргээгдэх эрчим хүчний ажлын байрны тоо 2020-2021 оны хооронд дэлхий даяар 700 мянгаар өссөн байна. Нарны эрчим хүч одоогоор сэргээгдэх эрчим хүчний хамгийн олон буюу 4.3 сая ажлын байр бий болгосон. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний салбарын нийт ажлын байрны гуравны нэг орчим хувь болж байна. Хятад дэлхийн сэргээгдэх эрчим хүчний ажлын дийлэнх буюу 42%, Европын Холбоо болон Бразил тус бүр 10%, АНУ болон Энэтхэг хоёр тус бүр 7%-ийг эзэлдэг.
Нарны дараа сэргээгдэх эрчим хүчний ажлын байрны хамгийн том хувийг усан цахилгаан станц (2.4 сая), био түлш (2.4 сая), салхины эрчим хүч (1.3 сая) эзэлж байна. Энэ салбарын хөгжлийн хурд хэвээрээ үлдэх юм бол сэргээгдэх эрчим хүчний ажлын байрны тоо 2030 он гэхэд 38.2 саяд хүрэх төлөвтэй байна. Ажлын байрны тоо 2012 онд 7.3 сая байсан юм.
Сэргээгдэх эрчим хүчний ажлын байрны багагүй хувийг барилга угсралт, ашиглалт, засвар үйлчилгээ эзэлж байна. Нар, салхины эрчим хүчний томоохон цахилгаан станцууд байгуулагдаж, ногоон эрчим хүчний бусад үйл ажиллагаа өргөжих тусам үндсэн дэд бүтцийг барих, засвар үйлчилгээ хийх шаардлага улам бүр нэмэгдэх нь тодорхой. 2021 онд 257 ГВт сэргээгдэх эрчим хүч суурилуулсан нь нийт хүчин чадал 9%-иар өссөн гэсэн үг. Мөн энэ өсөлтийн 88%-ийг нар, салхины эрчим хүч бүрдүүлжээ.
Сэргээгдэх эрчим хүчний ажлын байрны өсөлт нь дэлхий даяар газрын тос, байгалийн хийн ажлын байр цөөрөхийг нөхөхөд тусалж байна. Ковидын цар тахлын үеэр хөл хорио болон бусад хязгаарлалтын улмаас эрчим хүчний салбарын үйл ажиллагаа нь зогсоход хүрч, ажлын байрны тоо нэлээд багассан. Улмаар, эрчим хүчний хэд хэдэн компани дампуурч, ажлын байраа бүрмөсөн цомхотгожээ. Гэсэн хэдий ч газрын тос, байгалийн хийн салбарын олон мэргэжилтэн эрчим хүчний арвин мэдлэг, туршлагатай тул сэргээгдэх эрчим хүчний төслүүд дээр ажиллаж байна. Олон улс орон эрчим хүчний салбарын ажилчдыг давтан сургалтад хамруулж байна.
Дэлхий даяар чулуужсан түлшний ажлын байрны тоо буурч байна гэж үзэж байгаа ч сэргээгдэх эрчим хүчний ажлын байр огцом нэмэгдэж байгаа нь эрчим хүчний салбарын ажилтнууд, дээд сургууль төгссөн залуу мэргэжилтнүүдэд итгэл найдвар төрүүлж байна. Зах зээл өргөжихийн хэрээр дэлхийн ногоон эрчим хүчний ажлын байрны тоо ойрын хэдэн жилд мэдэгдэхүйц нэмэгдэх төлөвтэй байна.