Ч.Сансар
Гар утаснаас сансрын хөлөг хүртэл олон төрлийн бүтээгдэхүүнд ашиглагддаг ховор элементийн Европ дахь хамгийн том ордыг Шведэд нээн илрүүлжээ. Одоогоор Европт ховор элементийг олборлодоггүй бөгөөд энэхүү нээлтийг Европын Холбоог Хятадын хараат байдлаас гарах арга зам хэмээжээ.
Цахилгаан тээврийн хэрэгсэл, салхин сэнсний эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа тул энэхүү нээлт нь ногоон эрчим хүчний хувьд “шийдвэрлэх” нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. 2021 онд Европын холбоонд ашигласан газрын ховор элементийн 98%-ийг Хятадаас импортолжээ. Одоогоор Шведийн алс хойд хэсэгт нэг сая гаруй тонн ховор элементийн нөөц олдсон гэж мэдээлсэн. Хэдийгээр энэ нь чухал нээлт боловч АНУ-ын тооцоолсон дэлхийн 120 сая тонн нөөцтэй харьцуулахад багахан хэсэг юм.
Газрын ховор элемент нь өдөр тутмын амьдралд нэн чухал олон төрлийн бүтээгдэхүүн, дэд бүтцэд ашигладаг 17 элементийн бүлгийг хэлдэг. Ховор элементийг гар утас, хатуу диск, галт тэрэг үйлдвэрлэхэд ашигладаг. Мөн салхин турбин, цахилгаан тээврийн хэрэгсэл зэрэг ногоон технологийн хувьд чухал ач холбогдолтой. Зарим элемент нь пуужингийн чиглүүлэгч систем зэрэг цэргийн техник, зэвсгийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай байдаг аж.
Байгаль орчинд хор хөнөөл учруулж болзошгүй тул ховор элементийг олборлоход нэлээд хүндрэлтэй байдаг. 2030 он гэхэд ховор элементийн эрэлт хэрэгцээ тав дахин нэмэгдэх төлөвтэй байна. Европын холбооны дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн комиссар Тьерри Бретон өнгөрсөн жил "Лити ба газрын ховор элемент удахгүй газрын тос, байгалийн хийгээс илүү чухал болно" гэжээ.
Шведийн Эрчим хүчний сайд Эбба Буш пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр, Европын Холбоо "эдгээр түүхий эдийн импортын бусад улсаас хэт хамааралтай" гэж хэлээд өөрчлөлт хийх шаардлагатай гэж мэдэгдэв. "Европын холбооны бие даасан байдал, цахилгаан эрчим хүч, Орос, Хятадаас хараат бус байх нь энэ уурхайгаас эхэлнэ" гэж тэрбээр хэлэв.
Шинээр олж илрүүлсэн ховор элементийг олборлоод, зах зээлд нийлүүлтэл 10-15 жил өнгөрч магадгүй гэж “LKAB” уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Ян Мостром мэдэгдэв. Зохих зөвшөөрлийг байгаль орчны эрсдлийн үнэлгээн дээр үндэслэж өгдөг тул цаг хугацаа их зарцуулдаг.
Ноён Мостром эрх баригчдыг "Европт энэ төрлийн түүхий эдийн олборлолтыг эрчимжүүлж, нэмэгдүүлэхийг " уриалав.