Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

2030 онд дэлхийн томоохон зах зээлд борлуулагдах автомашины тал хувь нь цахилгаан болно

Ч.Сансар

2030 он гэхэд Хятад, Европ, АНУ-ын  гурван том цахилгаан автомашины зах зээлд зарагдсан хоёр автомашин тутмын нэг нь цахилгаан автомашин байх болно гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭХА) гүйцэтгэх захирал Фатих Бирол  мягмар гарагт Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын үеэр мэдэгдэв. "Эдгээр орнуудад эрчим хүчний хямралыг даван туулах арга хэмжээ авахаас гадна бүтцийн томоохон өөрчлөлтүүд явагдаж байна" гэж Бирол хэлэв.
 
2022 оны тавдугаар сард нийтлэгдсэн “2022 оны дэлхийн цахилгаан автомашины төлөв байдал” (Global EV Outlook 2022) тайланд цахилгаан автомашины борлуулалт дээд амжилтыг эвдсэн хэвээр байгаа ч, үйлдвэрлэлд шаардлагатай эрдэс түүхий эдийн хангамжийн асуудал тулгараад байна” хэмээн ОУЭХА мэдэгджээ. ОУЭХА-ийн мэдээлснээр батерейны металл боловсруулалтын дийлэнх нь Хятадад хийгддэг тул цахилгаан машины батерейны нийлүүлэлтэд  хүндрэл  тулгардаг.

“Зам тээврийг цахилгаанжуулах ажил өргөжин тэлэхийн хэрээр чухал түүхий эдийн эрэлт нэмэгдсээр байх болно. Богино хугацаанд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай, ялангуяа уул уурхайн салбарт. Учир нь уул уурхайд бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх хугацаа маш урт байдаг” гэж тус агентлаг хэлэв.

Өнгөрсөн аравдугаар сард дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлахад чухал хувь нэмэр оруулж байгаа сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины үйлдвэрлэл, борлуулалтын өсөлтийг ОУЭХА сайшаажээ. Дэлхий даяар чулуужсан түлшний шаталтаас үүдэлтэй нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) ялгаралт 2022 онд 1%-иас бага хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн 2021 оныхоос хамаагүй бага өсөлт юм. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болон цахилгаан тээврийн хэрэгслийн ашиглалт, хэрэглээ дээд зэрэгт хүрсэний улмаас болсон гэж ОУЭА өнгөрсөн аравдугаар сард мэдэгдэж байв. 2021 онд дэлхийн эдийн засаг Ковидоос үүдэлтэй хямралаас эдийн засаг хурдан сэргэж эхэлснээр чулуужсан түлшийг шатааж CO2 ялгаруулалт огцом өссөн гэж ОУЭА мэдэгдэв.

Байгалийн хийн үнэ өсөж, эрчим хүч үйлдвэрлэх нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаа тул хүлэмжийн хийн ялгаруулалт огцом нэмэгдэнэ гэсэн хүлээлтийг үгүйсгэж 2022 онд ялгаруулалтын өсөлт бага байх төлөвтэй байгааг олон улсын агентлаг мэдэгдэв.