Өнөөдөр Ховд хотод “Invest Khovd 2023” хөрөнгө оруулалтын форум эхэллээ. Уг форум хоёр өдөр үргэлжлэх юм. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, “Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг нь энэ арга хэмжээ юм.
Баруун бүсийн тулгуур төв болох Ховд аймагт хөрөнгө оруулалт болон авьяас чадвартай чадварлаг боловсон хүчнийг татах, тус аймагт байгаа хөрөнгө оруулалтын таатай орчин, нөөц боломжийг танилцуулах, Ховд аймгийн болон Баруун бүсийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчдийн уулзах тавцанг бий болгож хөгжлийн гарц, шийдлүүдийг хөдөлгөөнд оруулах зорилгоор тус аймгийн Засаг даргын тамгын газраас “Invest Khovd 2023” хөрөнгө оруулалтын форумыг зохион байгуулж байгаа аж.
Тус аймгийн хувьд тээвэр логистикийн хувьд давуу талтай. ОХУ-ыг БНХАУ-тай холбодог олон улсын транзит тээврийн авто зам Ховд аймгаар дайран өнгөрдөг. Тус аймгийн эдийн засгийн 46%-ийг газар тариалан, мал аж ахуй, 15%-ийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Өнөөдрийн байдлаар Ховд аймагт уул уурхайн гурван төсөл хэрэгжиж байна. Хөшөөтийн нүүрсний орд дээр “Мо Эн Ко” болон “Дефиз майнинг” гэсэн хоёр компани үйл ажиллагаа явуулдаг. Алтай сумын вольфрамын орд дээр “Талст молор” компани үйл ажиллагаа явуулж байгааг тус аймгийн Засаг дарга Э. Болормаа чуулганыг нээхдээ онцолж байлаа. Уг форумын ерөнхий ивээн тэтгэгчээр “Мо Эн Ко” ХХК ажиллажээ.
Ж.Мөнхцэцэг