Монгол-Австралийн хамтарсан АМЕР төслөөс санхүүжүүлэн Монголын уул уурхайн үндэсний ассоциациас хэрэгжүүлж буй “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтэн бэлтгэх сургалт өнөөдөр эхэллээ. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн (МУУҮА) санаачилгаар 2019 онд “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-ийг анх боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх Санамж бичигт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг найман аж ахуйн нэгж нэгдсэн юм. Өнгөрсөн жил 22, энэ онд зургаан байгууллага нэмэгдсэн байна. Уг кодекс нь хуульд шаардсанаас давуулж сайн дурын үндсэн дээр хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулах стандарт юм.
Энэхүү хөтөлбөр нь “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”, кодексийг хэрэгжүүлэх заавар, өөрийн үнэлгээ хийх заавар гэсэн гурван баримт бичгээс бүрддэг. Тухайн хөтөлбөрт нэгдэж байгаа байгууллага эхний жилд кодексийг нэвтрүүлэх сургалтад хамрагдах, кодексийн дагуу өөрийн үнэлгээ хийж тайлан гаргах, өөрийн үнэлгээ хийх явцдаа зөвлөгөө авах гэсэн үе шатуудыг дамждаг аж. Сургалтын ач холбогдол нь тухайн байгууллага аж ахуйн нэгж өөрөө өөрийгөө үнэлэхээс гадна хөндлөнгийн үнэлгээчдээр үнэлүүлэх боломжтой болж байна. Хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтэн бэлтгэх сургалтад нийтдээ 60 гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ.
Тэдгээрээс төрийн захиргаа, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага болон мэргэшсэн аудиторууд гээд тал бүрийн оролцоог ханган 26 суралцагчдыг сонгон шалгаруулжээ. Сургалт таван хоног үргэлжилнэ.Хөндлөнгийн үнэлгээчин бэлтгэснээр тухайн хувь хүний эрх ашиг сонирхол орохгүйгээр хараат бусаар үнэлгээг хийх боломжтой болно.Энэхүү хөндлөнгийн үнэлгээг 2-3 жилийн давтамжтайгаар тогтмол хийх юм. Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн тулд олон талын оролцоог хангасан олон талт зөвлөлийг бий болгохоор төлөвлөж байна. Олон талт зөвлөлд орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллага, төр орон нутгийн захиргааны байгууллагууд, хувийн хэвшлүүд гээд тал бүрийн төлөөлөл оролцох юм. Энэ зөвлөл тухайн компани өөрийгөө хэрхэн зөв үнэлснийг мөн хөндлөнгийн үнэлгээчин хэрхэн яаж үнэлснийг хянах боломжтой. Ингэснээр олон талын оролцоог нэгтгэсэн суурь хяналтын тогтолцоо бий болох, энэ нь эргээд хариуцлагатай уул уурхайг бий болгох, хөгжүүлэхэд сайн жишгийг бий болгох эерэг талтай.
Ж.Мөнхцэцэг