Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын нефтийн экспорт өнгөрсөн долоо хоногт өдөрт 820 мянган баррелиар буурчээ

Ч.Сансар

Оросын түүхий нефтийн экспорт энэ сарын дундуур өмнөх өдрүүдтэй харьцуулахад 22% буюу өдөрт 820 мянган баррелиар буурсан тухай Bloomberg мэдээлэв.

Оросын далайн тээврийн түүхий нефтийн нийт экспортын хэмжээ өдөрт 2.98 сая баррель болсон нь өмнөх долоо хоногтой харьцуулахад мэдэгдэхүйц бага байсан юм.
 
Экспорт өнгөрсөн долоо хоногт буурсан ч Оросын түүхий нефтийн экспортын дөрвөн долоо хоногийн дундаж хэмжээ өдөрт 3 сая баррель орчим байсан. Энэ нь 2022 оны хоёрдугаар хагасын түүхий нефтийн дундаж экспортын хэмжээтэй ойролцоо байна.

Гэсэн хэдий ч Оросын Urals нефтийн дэлхийн зах зээлийн үнэ буурсантай холбоотой нефтийн экспортын татварт өөрчлөлт орж, нефтийн экспортын хэмжээ багассан. 

Urals-ын үнэ “Их долоо”-гийн тогтоосон үнийн дээд хязгаар болох 60 ам.доллараас хамаагүй доогуур хэвээр байгаа тул экспортын татварын хэмжээ хоёрдугаар сард улам буурах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ Европын Холбоо хоёрдугаар сарын 5-наас эхлэн Оросын боловсруулсан нефтийн бүтээгдэхүүнийг далайгаар импортлохыг хориглов. Москва экспортын орлогоо бууруулахгүй байхыг хүсэж байгаа бол өдөрт 1 сая баррель дизель түлш болон бусад нефть бүтээгдэхүүнийг худалдах шинэ зах зээл олох хэрэгтэй болно.

Оросын газрын тосны орлого асар их хэвээр байгаа ч сүүлийн долоо хоногт янз бүрийн тооцоогоор багассан байна.

Европын холбооны хориг болон “Их долоо”-гийн үнийн дээд хязгаар үйлчилж эхэлснээс хойш Европын холбоонд нийлүүлэх нефтийн хэмжээ буурсаны улмаас Оросын нефтийн экспорт өнгөрсөн 12 дугаар сард 200,000 баррелиар доошилж, өдөрт ердөө 7.8 сая баррель болсон гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) “Нефтийн зах зээлийн тайланд”-нд өнгөрсөн долоо хоногт мэдээлэв.

ОУЭА-ийн тооцоолсноор 12 дугаар сард Оросын газрын тосны орлого нэг сарын дотор 3 тэрбум доллараар буурч, 12.6 тэрбум долларт хүрсэн байна. Европын холбооны газрын тосны хориг, үнийн дээд хязгаар нь Орост ойролцоогоор нэг өдөрт 174 сая ам.долларын хохирол учруулж байна гэж Финландад төвтэй Эрчим хүч, цэвэр агаар судлалын төв (CREA) мэдэгдэв.