Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Салхитын уурхайн хаалтын жишиг төслийн “Мэдээлэл солилцох өдөрлөг” боллоо

Г.Идэр

Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах” MERIT төсөл,  төрийн өмчит “Эрдэнэс Монгол” группийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК  Салхитын мөнгө, алтны ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг жишиг байдлаар боловсруулж байгаа билээ.

Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн хоёрдугаар улирал 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд дуусч, төслийн гуравдугаар улирал эхэлсэн юм. Төслийн Үндэсний зөвлөхүүд өөрсдийн хариуцсан хаалтын төлөвлөгөөний бүх бүлгийг энэ улиралд багтааж бүрэн боловсруулж дуусгахаар ажиллаж байна.

 Тус жишиг төслийн “Мэдээлэл солилцох өдөрлөг” нэгдүгээр сарын 25-нд Салхитын уурхайд болж, “Эрдэнэс Силвер Ресурс” компани, MERIT төслийн багийн гишүүдээс гадна Дундговь аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Гурвансайхан сумын ЗДТГ, ИТХ болон Чулуут багийн иргэд, малчид оролцов.  Өдөрлөгийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Уурхайн дарга С.Ганхүлэг, Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, МERIT төслийн захирал Р.Алтангэрэл нар нээж үг хэлэхдээ   талуудын идэвхтэй оролцоотойгоор төслийн үйл ажиллагаа ахицтай  байгааг тодотгосон.

  Энэ удаагийн өдөрлөгийн зорилго нь Салхитын уурхайд хаалтын нөхөн сэргээлт хийх газар хэлбэршүүлэлтийн зураг төсөл танилцуулж санал авах, өмнө зохион байгуулагдсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээний үр дүнг хуваалцан, нутгийн иргэдийн саналыг хаалтын төлөвлөгөөнд хэрхэн тусгаж буйг танилцуулахад чиглэлээ. Мөн нөхөн сэргээлтийн төлөвлөлт, аргачлалыг  танилцуулж  нөлөөлөлд өртөж буй малчид, иргэдтэй эерэг харилцаа тогтооход хэлэлцүүлгийн ач холбогдол оршиж байв.  Гурвансайхан сумын иргэд болон малчид  уурхайн хаалтын жишиг төслийн талаар илүү сайн ойлголттой болж, уурхай хаагдсаны дараа орон нутагт ямар үр өгөөжтэй ажлууд хийгдэх шаардлагатайг онцолж байсан. 

  “Уурхайн хаалтын жишиг төслийн хэрэгжилт нь  мэдээллээ нээлттэй,  чөлөөтэй  солилцсоны үр дүнд илүү өгөөжтэй, бодитой байж чадна. Сумын болон Чулуут багийн иргэдийн хувьд Салхитын уурхайн хаалт дээр санал зөрөлдөх зүйл алга. Ийм байдлаар эхнээсээ зөв ойлголцоод явбал үр дүнд хүрч болдгийн жишээг MERIT төслөөс харж болно” хэмээн орон нутгийн иргэд ярьж байлаа.

  Өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцсон иргэдийг Салхитын уурхайтай танилцуулах аяллыг төслийн багийнхан зохион байгуулсан юм. Ингэснээр тэдэнд төслийн үнэ цэнийг ойлгож, оролцоогоо нэмэгдүүлэх боломжийг олгосон гэж хэлж болно. Энэ нь орон нутгийн иргэдийг уурхайтай танилцуулснаараа уул уурхайн салбарт жишиг болж байгааг Чулуут багийн иргэд тодотгосон юм. Өдөрлөгт  “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК болон MERIT төслийн зүгээс биологийн нөхөн сэргээлт буюу дахин ургамалжуулалт хийх аргачлалын талаар мэдээлэл өгч, Газар хэлбэршүүлэлтийн менежер Б.Батбаяр “Газар хэлбэршүүлэлтийн шалгуур үзүүлэлтүүд, зураг төсөлтэй холбоотой танилцуулга хийлээ.

 Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн хүрээнд уурхайн хаалтын талаар сурагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Салхитын уурхайн хаалт-Бидний төсөөллөөр” сэдэвт гар зураг, эсээ бичлэгийн уралдааныг Гурвансайхан сумын эрдэмтэн Б.Банзрагчийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд нэгдүгээр сарын 9-23-нд зарлажээ. Уралдаанд шалгарсан сурагчдыг тус сургуулийн урлагийн танхимд шагнаж урамшуулсан /01.24/ юм.