Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Авлигын төсөөллийн индексийг зарлана

  

Германд төвтэй “Трансперенси интернэшнл” байгууллагаас жил бүр улс орнуудын авлигын төсөөллийн индексийг дэлхий дахинд нэгэн зэрэг зарладаг. Америк, Герман, Англи, Швейцар, Хонконгод байдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг уг байгууллага сонгон авч тодорхой аргачлалын дагуу индексийг тооцдог. Тодорхойлохдоо 0-100 онооны хооронд дүгнэнэ. Бага оноо нь өндөр авлигатайг илтгэх бол 100 оноо нь  авлигагүйг тодорхойлдог.  

2015 онд Монгол Улс авлигын индексээр 39 оноо авсан нь хамгийн өндөр үзүүлэлт байжээ. Түүнээс хойш  2016  онд 38  оноо, 2017 онд 36 оноо, 2018 онд 37 оноо авч байв. Харин 2019-2021 онд гурван жил дараалан 35 оноо авсан нь манай улсад авлигын түвшин өндөр байгааг илтгэнэ.

Харин манай хөрш БНХАУ 2014 оноос хойш энэхүү үзүүлэлтийг есөн оноогоор нэмэгдүүлсэн нь авлигатай хийх тэмцэл нь тууштай үр дүнтэй байгааг харуулжээ. Хамгийн сүүлд 2021 оны авлигын индексийг 2022 оны нэгдүгээр сарын 25-нд гарган дэлхийн нийтэд зарласан. Монгол Улс 180 улсаас 110-т эрэмбэлэгдсэн юм.

Тухайн үед “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас авлига бууруулах хариу арга хэмжээ авах дараах  зөвлөмжүүдийг манай улсын Засгийн газарт хүргэсэн.

1.Хөрөнгө санхүүжилт шаардлагатай хүмүүст хүрч байгаа эсэхийг бататгахын тулд хяналтын байгууллагуудаа бэхжүүлэх. Мөн авлигатай тэмцэх болон аудит ба бусад  хяналтын байгууллагууд өөрийн үүргээ биелүүлэхэд хангалттай санхүүжилт нөөцтэй байх, эрх зүйн хувьд хараат бус байх

2.Хууль бус үйлдэлтэй тэмцэх, ашиг сонирхлын зөрчлийг олж тогтоох,шударга хямд үнэ тогтоох үүднээс худалдан авалтын гэрээ байгуулах, ил тод байх

3.Төр засагт хариуцлага хүлээлгэх бололцоог хангахын тулд ардчилал болон иргэний нийгмийн  орон зайг хамгаалах хэрэгтэй гэсэн зөвлөмжүүдийг өгсөн юм.

 “Трансперенси интернэшнл” олон улсын байгууллага маргааш  2022 оны Авлигын төсөөллийн индексийг зарлана. Манай улсын авлигатай хийх тэмцэл хэр үр дүнтэй байгааг, дэлхий дахинд хэрхэн үнэлэгдэж байгааг маргааш бид харах л үлдлээ.

Ж.Мөнхцэцэг