А.Халиун
Засгийн газраас боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд төмөр зам, дэд бүтцийг сайжруулах, хилээр нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. БНХАУ-тай хиллэдэг боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд ямар ажлууд өрнөж буй талаар Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болдоос тодрууллаа.
Монгол Улс болон БНХАУ-ыг холбосон хэчнээн боомт ажилладаг вэ?
Монгол Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг 2004 онд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр гэж бий. Энэ хэлэлцээрт 2020 оны есдүгээр сарын 15-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хэлэлцээрт зааснаар хоёр улсын хилд 17 боомт ажиллах ёстой. Тэрхүү 17 боомтоос сүүлд шинээр тохирсон дөрвөн боомт нь одоогоор ажиллах нөхцөл бүрдээгүй байна.
Тэр нь Шивээхүрэн- Сэхээ, Бичигт- Зүүнхатавч, Гашуунсухайт-Ганцмод гэсэн гурван төмөр замын боомт. Авто замын Цагаан дэл уул-Өлзий зэрэг дөрвөн боомт шинээр байгуулах тохиролцоонд хүрсэн. Өмнө нь байсан 13 боомтоос улирлын чанартай буюу түр ажиллагаатай гурван боомт бий. Даян, Байтаг, Сүмбэр гэх энэ гурван боомт одоогоор хаалттай байгаа. Тавдугаар сарын 1-нээс нээгдэж, аравдугаар сард хаагддаг.
Өнөөдрийн байдлаар Монгол Хятадыг холбосон хэчнээн боомт ажиллаж байна вэ?
Монгол-Хятадын хилд байнгын ажиллагаатай авто замын есөн боомт, төмөр замын нэг боомт ажиллах ёстой. Өнөөдрийн байдлаар бүгд ажиллаж байна. Энэ авто замын есөн боомтын хоёроор нь иргэдийн зорчих хөдөлгөөнийг нээсэн. Нэг боомтоор хөдөлгөөнийг нээхээр БНХАУ-ын талтай ярилцаж байна. Замын-Үүд-Эрээнээр нэгдүгээр сарын 8-наас иргэд чөлөөтэй зорчиж эхэлсэн. Замын-Үүдээр өдөрт 350 хүн гарч, БНХАУ-аас 30-35 хүн орж ирж байна.
Харин Булган- Такашикэн авто замын боомт нэгдүгээр сарын 9-нөөс нээгдсэн, иргэд мөн чөлөөтэй зорчиж байна. Хавирга-Ар хашаатын авто замын боомтыг хоёрдугаар сарын 15-наас иргэдийн зорчих хөдөлгөөнийг эхлүүлэхээр тохирч бэлтгэл хангаж байна.
Хавирга-Ар хашаат боомт ковид эхэлсэн 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс хойш ажиллаагүй. Сая Хятадын талтай ярилцаад 2023 оны нэгдүгээр сарын 18-нд ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлсэн. Хоёрдугаар сарын 15-наас зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх юм.
Дорнод аймгийн иргэд Хавирга боомтоор дамжин Хятадын Манжуур хот руу бизнесийн зорилгоор зорчдог байсан боомт. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт багатай боомт. Харин одоо Хавиргын наад талд шинээр нүүрсний уурхай ашиглалтад орж, саяхнаас Хавирга боомтоор нүүрсний экспорт хийж эхэлж байна. Яваандаа уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог томоохон боомт болно гэж харж байна.
Хэд хэдэн төмөр зам дээр Хятадын талтай хил холболтын цэг тохирох ажил байгаа. Энэ ажил ямар явцтай байгаа бол?
Монгол Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрт заасан төмөр замын гурван боомтын суурь эрх зүйн тохиролцоог хийхийн тулд төмөр зам улсын хилийн шугам дайрч өнгөрч буй цэг солбилцлыг Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохирдог. 2022 оны хоёрдугаар сард Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалаар тохирч, Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан.
Улсын хилийн шугам дээгүүр огтлолцон гарч буй аль цэгээр төмөр зам дайран өнгөрөх вэ гэдэг координат буюу цэг солбилцлыг тохирдог гэсэн үг. Одоогоор Бичигт, Шивээхүрэн, Гашуунсухайтын төмөр замын цэг солбилцлыг тохирсон.
2022 оны наймдугаар сарын 8-нд Хятадын Гадаад хэргийн сайд Ван-И-гийн айлчлалаар Гашуунсухайт- Ганцмод боомтын техникийн нөхцөлийг тохирсон. Эхлээд цэгээ тохирно, дараа нь техникийн нөхцөлийг тохирдог.
Техникийн нөхцөл гэдэг нь тохирсон цэгийн хаагуур нь өргөн, нарийн ямар царигийн төмөр зам хил нэвтрэх талаар Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна гэсэн үг. Энэ хэлэлцээрийг хийсэн. Одоо Шивээхүрэн-Сэхээ, Бичигт- Зүүнхатавчийн боомтын цэгийг тохирохоор Хятадын талтай ажиллаж байна. Ойрын үед тохирох болов уу гэж харж байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Ханги-Мандалын чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад орууллаа. Хятадын талтай хил холболтын цэгийг тохирох ажил ямар явцтай байгаа бол?
Ханги-Мандалын хэлэлцээрийг Монгол-Хятадын хилийн боомтын хэлэлцээрт оруулснаар суурь эрх зүйн орчин бүрдэх юм. Тэр саналыг Хятадын талд дипломат шугамаар 3-4 удаа тавьсан, хэлэлцээд явж байгаа.
Хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлалын үеэр Хятадын талаас нааштай хариу өгсөн. Одоо хоёр тал судалгааны ажлыг хийж байна. Эхлээд цэгээ тохирно, дараа нь техникийн нөхцөлийг тохирно. Гуравдугаарт төмөр зам холбох бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэх үе шаттай ажлууд өрнөх юм. Ханги-Мандалын боомтын хувьд шуурхай ажиллаж чадвал 2023 оны эхний хагас жилд багтан боомтын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах байх гэж найдаж байна. Боомтын хэлэлцээрт орвол, цэг болон техникийн нөхцөлийг тохирох ажлууд үргэлжилнэ.
Урд хөрштэй боомтын хэлэлцээрт орох нь хамгийн чухал гэсэн үг үү?
Тийм ээ, хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах суурь хууль эрх зүйн орчин бүрдсэн тохиолдолд дараагийн шатны ажлууд хурдан өрнөдөг.