Монголын Өрөмдлөгийн Холбооноос сар шинийн баярын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг “Өрмийн ахмадууд, алдартнууд” хүндэтгэлийн уулзалтыг өчигдөр “Эрдэнэ Дрийлинг” компанийн хурлын танхимд зохион байгууллаа. “Эх орны эрдэс баялаг, өрөмдлөгийн салбарынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, алдартнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж байна. 2011 оноос хойш жил бүр зохиогддог энэхүү уулзалт маань биднээс үл хамаарах шалтгаанаар хойшилж байлаа. Цар тахал хэмээх хүн төрөлхтнийг түгшээж зовоосон өвчин эмгэг Монголд нүүрлэж, түшигтэй сайхан нөхөд маань тэнгэрийн орныг зорьсон гашуун өдрүүдийг ч үзлээ” ” хэмээн МӨХ-ний Гүйцэтгэх захирал, Монгол Улсын Гавьяат багш Ж.Цэвээнжав тодотголоо. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ч.Хурц ”Монгол Улсад өнөөдөр уул уурхайн 83 үйлдвэр ажиллаж байна. Энэ бол Монголын геологчдын явуулсан хайгуулын ажлын үр дүн. Цаашид зөвхөн уул уурхай гэж яриад явж болохгүй юм байна. Хүнд үйлдвэрүүдээ байгуулах нөхцлийг Монголын өрмийнхөн, геологичид бүрдүүлчихэж. Улс эх орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье” хэмээн ярилаа.
Хүндэтгэлийн уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Геологи, уул уурхайн яамны сайд асан Ч.Хурц, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Лхагвасүрэн, Монгол Улсын Гавьяат уурхайчин Ч.Чинбат нарын эрхмүүд хүрэлцэн иржээ. 2011 онд анх санаачлан өнөөдрийг хүртэл тасралтгүй зохион байгуулж байгаа тус арга хэмжээний үеэр “Өрмийнхний хишиг” шагналыг ахмадууддаа мөн олгов. Монголын Өрөмдлөгийн Холбоо 2016 онд үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойгоо тэмдэглэсэн юм. Геологийн салбарыг татан буулгаж, улсын хэмжээнд өрмийн асуудлыг зангиддаг яам байхгүй болсон тэр үед М.Наранбаатар, Ж.Цэвээнжав, Л.Дүгэржав нарын өрмийн инженер, багш нарын оролцоотойгоор байгуулагдсан түүхтэй. 1999 оноос уламжлал болон эхлээд мэргэжлийн тэнхим салбарын, дараа нь сургууль улсын, эдүгээ олон улсын хэмжээнд зохиогдож байгаа ӨРӨМДЛӨГ (DRILLING) сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн хурал өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 21-нд амжилттай зохион байгуулагдсан билээ.
Г.Идэр